Боловсрол

Хүүхэд бүрд, боловсрол

Female student in Khankh, Khuvsgul
UNICEF Mongolia

Асуудал

Боловсролын салбарын тулгамдсан асуудлын нэг нь чанартай, хүртээмжтэй сургуулийн өмнөх боловсрол юм. Монгол улсад 3-5 настай хүүхдүүдийн 20% нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй байна (ҮСХ, 2022). Ялангуяа алслагдсан хөдөө орон нутгийн болон бага орлоготой өрхийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын чанарыг тэр дундаа сургуульд бэлтгэгдсэн байдлыг нь сайжруулах шаардлагатай хэвээр байна. Судалгаанаас үзвэл, 3-5 насны хүүхдүүдийн 67% нь тоо тоолол болон бичиг үсгийн чадвараар олон улсын жишиг үзүүлэлтээс доогуур үзүүлэлттэй байна (НҮТС, 2018).


Монгол улсад ерөнхий боловсролын хамран сургалт 98% хэдий ч сургууль завсардалт асуудал хэвээр байсаар байна. Хөвгүүдийн сургуулиас завсардах эрсдэл нь охидоос өндөр байна. Тоо баримтаас харвал, ахлах ангийн хөвгүүдийн 13.4%, охидын 5.1% нь сургуулиас завсардсан байна.

KОВИД-19 цар тахал нь боловсролын чанарыг бууруулж, суралцахуйн хоцрогдлыг нэмэгдүүлсэн. Бага ангийн сурагчдын тоо бодох суурь чадвар 2019 онд 53.5% байсан бол 2021 онд 38.2% болж буурчээ. 6 дугаар ангийн сурагчдын зөвхөн 34% нь унших чадвартай байна (БҮТ, 2022). Сургууль, дотуур байрны хүүхдэд ээлгүй байдал нь суралцахуйд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Уур амьсгалын өөрчлөлтийн боловсролд үзүүлэх нөлөө хурцдаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй боловсролын тогтолцоог бий болгож бэхжүүлэхийг шаардаж байна.

Хүүхдийн амьдрах ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаанд өсвөр насны хүүхдүүдийн зөвхөн 4% нь хамрагдсан, өсвөр насныхан болон залуучуудын сайн дурын ажилд хамрагдах боломж хангалтгүй хэвээр байна (ГБХЗХГ, 2022). КОВИД-19 цар тахлын жилүүдэд үүссэн нөхцөл байдлын улмаас хүүхдийн хөгжлийг дэмжих дугуйлан, клубийн үйл ажиллагаа тодорхой хугацаагаар хориглогдсон. Үүний зэрэгцээ залуучууд аливаа шийдвэр гаргалтад оролцох, хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцох шаардлага, хэрэгцээ өсөн нэмэгдэж байна.

Хүүхдийн Үндэсний Чуулган (2023)-ы оролцогч хүүхдүүд сургуулийн эрүүл мэндийн орчин хангалтгүй гэдгийг тодруулан, энэ талаар саналаа хэлсэн байдаг. Мөн үндэсний судалгаа (2018) нь өсвөр үеийнхний 30.5% нь нийгэм-сэтгэл зүйн болон сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэжээ.

Баримтаас харвал, ерөнхий боловсролын сургуулиудын 86.5% нь хамгийн багадаа 2Мб/с интернетийн үйлчилгээнд холбогдсон, сурагч-компьютерийн харьцаа 1:12.5, багш-компьютерийн харьцаа 1:1.6 байна (БШУЯ, 2017). ЮНЕСКО-гийн 2021 оны Боловсрол дахь МХХТ-ийн бодлогын талаарх тоймд ерөнхий боловсролын сургуулиудын 40%-ийн интернет холболт эвдрэл гэмтэлтэй, үлдсэн сургуулиудын интернетийн хурд 10Мб/с -аас нэн доогуур үзүүлэлттэй, мөн цахим тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж хангалтгүй, 2015 онд нийлүүлсэн тоног төхөөрөмж хуучирч шаардлага хангахгүй болсон талаар уг тайланд дурджээ. Түүнчлэн, багш нарын 75.2% нь зайнаас сургах арга зүйн талаар сургалтад хэзээ ч хамрагдаж байгаагүй, 20% нь цахим төхөөрөмж ашиглах чадваргүй гэсэн байна (Бүх нийт боловсролын төлөө, ТББ, 2021).

Шийдэл

Сургуулийн өмнөх боловсролыг дэмжих

5 хүртэлх нас бол хүний тархины хөгжлийн хамгийн хурдацтай, чухал үе төдийгүй энэ үеийн хөгжил төлөвшил нь ирээдүйн сайн сайхан амьдрал, амжилттай суралцахуйн эх үндэс болдог. НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрд хүртээмжтэй, чанартай сургуулийн өмнөх боловсролын төлөө ажиллаж байна. Энэ утгаараа Монгол Улсын Засгийн Газар, салбарын яамд, бусад холбогдох талуудтай хамтран сургуулийн өмнөх боловсролын бодлого эрх зүй, төлөвлөлтийг сайжруулах, үндэсний болон орон нутгийн түвшинд боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сургалтын шинэлэг арга зүй, хувилбарууд (Таблеттай багш зэрэг)-ыг таниулан түгээх чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн сургуулийн өмнөх болон бага боловсролын залгамж холбоог бэхжүүлэх замаар суралцахуйн хоцрогдлыг бууруулж, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхийг зорьж байна.

Суралцахуйн суурь чадамжийг дэмжих

НҮБ-ын Хүүхдийн Сан хүүхэд бага наснаасаа тоо бодох, уншиж ойлгох зэрэг суралцахуйн суурь чадамжуудыг эзэмшихийг чухалчлан, БШУЯ-ны суралцахуйн хоцрогдлыг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх сургалтын шинэлэг хувилбар, арга хэлбэрийг нэвтрүүлж, дэмжин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Хамтдаа суралцъя" хөтөлбөрийг амжилттай туршин хэрэгжүүлж байна. “Хамтдаа суралцъя” хөтөлбөр нь хүүхдүүд тоглонгоо, туршиж хийнгээ суралцах агуулга, арга зүйг хэрэгжүүлж байна. Сургалтын үйл ажиллагаанд багш, сурагчдаас гадна эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлсэн нь хүүхдүүд гэр бүлийнхэн, эцэг эхтэйгээ хамтдаа суралцах шинэлэг хэлбэр арга зүйг алслагдсан орон нутгийн сургуулиудад туршин нэвтрүүлж байна. Туршилтын эхний үр дүнгээс харвал, “Хамтдаа суралцъя” хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн хичээлдээ дуртай байдал 72%-иас 90% болж өссөн.

Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжих 

Боловсролын хуулийн шинэчилсэн найруулгад тэгш хамруулан сургах боловсролыг бие даасан бүлэг болгосон нь бодлогын нэн чухал алхам, шинэчлэл болсон. НҮБ-ын Хүүхдийн Сан уг хуулийн хэрэгжилтийг дэмжиж хувилбарт сургалтаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үндэсний цөөнхийг зорилтот бүлэг хэмээн үзэж хос хэлний хөтөлбөрийг өргөжүүлнэ. Монгол улсад хөвгүүдийн боловсролын асуудал орхигдох, хойш тавигдах эрсдэлтэй байдаг учир жендерийн мэдрэмжтэй сургалтын хөтөлбөрийг боловсруулах, боловсролын салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, хөвгүүдийн боловсролын асуудлыг бодлогын баримт бичигт тодорхой тусгах чиглэлээр нөлөөллийн ажил хийж, энэ чиглэлээр холбогдох талуудтай хамтран ажиллана.

Өсвөр үеийнхний амьдрах ур чадварыг хөгжүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих

НҮБ-ын Хүүхдийн Сан нь өсвөр үеийнхэнд хамгийн хэрэгцээтэй чадвар болох амьдрах ур чадвар, ялангуяа нийгэм-сэтгэл зүй, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой ур чадварууд, цахим ур чадвар зэргийг хөгжүүлэн идэвхжүүлэхэд анхаарч ажилладаг. Залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор хэрэглэгч төвт дизайн, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх ур чадварыг бий болгох шинэлэг, үр дүнтэй арга зүйг ашиглахыг зорьдог бөгөөд залууст чиглэсэн ментор хөтөлбөр, үе тэнгийн сургалтын арга зүйн хэрэглээг өргөжүүлэхийг зорьж байна. Улмаар цахим ур чадвар, хувь хүний хөгжилд чиглэсэн нийгэм-сэтгэл зүйн ур чадвар, ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор тодорхой үйлдэлд чиглэсэн, оролцоонд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эдгээр хөтөлбөрт хамрагдсан залуус сурсан зүйлээ үе тэнгийнхэн болон хамт олон, орон нутгийнхандаа түгээн дэлгэрүүлж, залуусын манлайлал, хөдөлмөр эрхлэлт, ач холбогдолтой оролцоог нэмэгдүүлэх, мэргэжил сонголтыг дэмжих хөтөлбөр (Жишээ нь: Оюутны сайн дурын ажлын долоо хоног, аливаа тулгамдсан асуудлаар хамгийн үр дүнтэй шийдлийг тодорхойлох Хакатон, Хэрэглэгч төвтэй дизайны сургалт гэх мэт) зэрэгт манлайлан оролцох боломжтой болно.

Өсвөр үеийнхэн, залуучуудад хүрч ажиллахын тулд албан болон албан бус сургалтын тогтолцоо, Залуучуудын хөгжлийн төвүүд, залуучуудын оролцоог хангах бусад дэд бүтцүүд (цахим болон хосолсон)-ийг ашиглах болно. Ингэснээр, өсвөр үеийнхэн, залуусыг тэгш хамруулсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж нийгэм-сэтгэл зүйн чадваруудыг нь бэхжүүлж, тэднийг амьдрал, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэгдэхэд тусална.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн бодлого зохицуулалт, суралцагчдын биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэхийг дэмжинэ. Үүнд боловсролын байгууллагуудад ажиллах мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлж, сургуулийн удирдлагын ойлголт, дэмжлэгийг сайжруулахад өсвөр үеийнхний дунд үе тэнгийн сургалт, эцэг эхийн боловсролыг дэмжих арга зүйг ашиглах болно.


Цахим шилжилт

Монгол Улсын Засгийн Газраас дэвшүүлэн зорьж буй боловсролын цахим шилжилт нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн хөтөлбөр, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болж байна. Энэ ажлын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сангаас дараах 3 чиглэлээр үндэсний болон орон нутгийн удирдлагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Үүнд:

  • Контент боловсруулах: Хосолсон болон зайн сургалтыг дэмжих, цахим сургалтын нөөцийг баяжуулан нэмэгдүүлэх зорилгоор онлайн болон оффлайн (интернетийн дэд бүтэц хараахан хөгжөөгүй байгаа алслагдмал газруудад) сургалтын контентуудыг боловсруулна.
  • Чадавх бэхжүүлэх: Багш нар, сурагчид, эцэг эх, олон нийтийн тоон бичиг үсэг, МХХТ-ийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх замаар цахим шилжилтэд дэмжлэг үзүүлэх.
  • Дэд бүтцийг хөгжүүлэх: Монгол Улсын Засгийн Газартай хамтран НҮБ-ын Хүүхдийн Сангийн санаачилга болох GIGA-р дамжуулан сургуулиудын интернет холболтын чанарыг хэмжих, боловсон хүчнийг чадавхжуулах, сүлжээтэй холбогдолтой өгөгдлийг цуглуулж баримт мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгохоор ажиллаж байна. Байршлаас үл хамааран бүх сургуулиуд өндөр чанартай цахим сургалтын орчинтой болоход өгөгдлийг хөшүүрэг болгох, цаашлаад цахим боловсролоор дамжуулан цахим хуваагдлыг бууруулах зорилго тавин ажиллаж байна.

Тайлан

20 Дөрөвдүгээр сар 2026

A Teacher Who Opens the World

Munkhzaya’s Mission in Mongolia’s Remote North
Унших
25 Арван нэгдүгээр сар 2025

“Багийн бага сургууль” санаачилгын эхний сургуулиуд нээлтээ

Хүүхэд бүрд, ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ
Унших
22 Тавдугаар сар 2025

“Хүүхэд бүрд ном” хандивын аян

Алслагдсан орон нутгийн бяцхан хүүхдүүдэд ном бэлэглэж, ирээдүйг гэрэлтүүлээрэй!
Унших
17 Есдүгээр сар 2024

Боловсролын шинэчлэл Монголын гэрэлт ирээдүй

Үзэл бодол
Унших
14 Хоёрдугаар сар 2024

Хөдөө орон нутгийн сурагчдыг сайн дурын дугуйлангаар дамжуул

Цэцэн-Уул сумын сургууль дээрх жишээ
Унших
30 Нэгдүгээр сар 2024

Алслагдсан сумдын сурагчид цахимаар хичээллэж байна.

Алслагдсан сумдын сурагчид цахимаар хичээллэж байна.
Унших
29 Нэгдүгээр сар 2024

Цэцэрлэгийн багачууд “Цахим аялал”-аар хичээллэж байна.

Цахим аялал үргэлжилсээр...
Унших
22 Нэгдүгээр сар 2024

Аудио төхөөрөмжөөр дамжуулан малчин өрхийн 9000 хүүхдийн бол

“Эрдмийн Долгион” аудио хичээл
Унших
29 Наймдугаар сар 2023

For every child, OPPORTUNITY TO LEARN

Зуны зугаатай хөтөлбөрөөр хамтдаа хөгжилдөж, хамтдаа хичээлээ давтаж байна.
Унших
25 Дөрөвдүгээр сар 2023

Миний радио ном

Орон нутгийн хүүхдийн боловсролд аудио тоглуулагчийн үзүүлж буй эерэг нөлөө
Унших
12 Гуравдугаар сар 2021

КОВИД-19 хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөв?

Хувиран өөрчлөгдөж, доройтсон “шинэ бодит байдал”-тай нүүр тулж байна.
Унших
01 Арван хоёрдугаар сар 2020

Хүүхэд багачуудын интерактив цахим хичээл.

Монгол, казах, тува, дохионы хэлний сонголттой
Унших