Хөдөө орон нутгийн сурагчдыг сайн дурын дугуйлангаар дамжуулан чадавхжуулж байна
Цэцэн-Уул сумын сургууль дээрх жишээ
- English
- Mongolian
Улаанбаатар хотоос 1000 гаруй километрийн зайд байрлах Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул 13 настай О. Оюун-Эрдэнэ охин ус, ариун цэвэр, эрүүл ахуйн (УАЦЭА) талаар суралцаж үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал үзүүлж байна. Цэцэн-Уул сум нь эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн бөгөөд аймгийн төв рүү машинаар бүтэн өдөр явж очдог.
Тус сум нь НҮБ-ын Хүүхдийн Сангаас өсвөр үеийнхний дунд Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи (ШИМТ)-ийн ойлголтыг дэлгэрүүлж тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх зорилгоор Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн сумдаас сонгогдсон 10 сумдын нэг юм. Монголын Скаутын Холбоотой хамтран хэрэгжүүлж буй ШИМТ болон УАЦЭА-н төсөл нь сургуулиудад сайн дурын дугуйлан байгуулах, онлайн хичээл зохион байгуулах, сурагчдад өөрсдийн санаачилгаар жижиг төслүүд хэрэгжүүлэх боломж олгох зэргээр ШИМТ ойлголт болон эрүүл ахуйн дадлыг сурталчилж байна.
Оюун-Эрдэнэ өнгөрсөн жил сургуулийнхаа ШИМТ дугуйланд элсэж Даваабаяр, Оргилбаяр зэрэг өөр ангийн олон шинэ найзтай болжээ. Оюун-Эрдэнэ дугуйлангаар дамжуулан төслийн менежментийн сургалтад хамрагдсан аж. Тухайн үед орон нутагт цас их орсон байсан тул уг сургалт цахим хэлбэрээр зохион байгуулагджээ. Түүний хувьд онлайн сургалт маш сонирхолтой байсан бөгөөд “чиглүүлэгч багш нар өрөөнд яг дэргэд байгаа мэт санагдсан” гэнэ.
ШИМТ дугуйлангийн сурагчид ментор багшийн удирдлага дор төслийн эхний санхүүжилтийг ашиглан хэд хэдэн жижиг төслүүд хэрэгжүүлж байна. Жишээлбэл, Оюун-Эрдэнийн баг аялалд явахад хэрэг болох зөөврийн жижиг эмийн сангийн хайрцаг хийх төсөл санаачлан ажиллажээ. Тус хайрцагт оо сойз, саван, шампунь, шархны лент, ариун цэврийн хэрэглэл, витамин зэрэг хэрэгцээтэй зүйлсийг багтаасан байна. Сурагчид эмийн санг ээлжлэн хариуцаж, шаардлагатай үед нөхөж дүүргэдэг. Тус сургуульд одоогоор эмч байхгүй тул эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ шаардлагаас үүдэн энэхүү төслийн санааг гаргажээ. Төсөл өнөөдрийг хүртэл амжилттай үргэлжилж, тус сургуулийн 100 гаруй сурагчид үр шимийг нь хүртсэн байна.
Сурагчид төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтуудад сууж бие даан төсөл хэрэгжүүлснээр төслийн менежментийн анхан шатны ойлголт аваад зогсохгүй харилцааны ур чадвараа дээшлүүлжээ.
“Дугуйлангийн сургалт явагдаж дууссанаас хойш хэсэг хугацааны дараа сумын засаг дарга манай сургууль дээр ирж, сургуулийн орчныг сайжруулах талаар бидний санал бодлыг сонссон юм. Өмнө нь бараг л юм ярьдаггүй байсан би энэ удаад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж өөрийн санаагаа маш сайн илэрхийлж ойлгуулж чадсан” гэж Оюун-Эрдэнэ баяртайгаар ярив.
Мөн ШИМТ дугуйлангийн сурагчид энгийн түүхий эд ашиглан саван хийж сурсан байна. Жишээлбэл, саван хийх сургалтад хамрагдсан Оюун-Эрдэнийн найз Даваабаяр савангийн ард ямар шинжлэх ухаан байдгийг ойлгож өөрийн гараар шинэ зүйл бүтээсэндээ баярлаж, ангийнхандаа саван яаж хийхийг заасан байна. Даваабаяр “Сурсан мэдсэнээ үе тэнгийнхэнтэйгээ хуваалцаж, мэддэг зүйлээ бусдад заах нь надад маш их хүч, урам зориг өгсөн” гэж ярив. Сумын төв алслагдсан байршилтай тул саван хийхэд шаардлагатай зарим түүхий эдийг олоход бэрх байдаг. ШИМТ дугуйлангийн багш Цэгмэд ярихдаа “Байршил, нөөц бололцооны хувьд бид өөрөө өөрсдөдөө саад тотгор бий болгодог байж гэдгийг сургалт хичээлүүдээс би ойлгож авсан. Зорилгодоо хүрэхийн тулд бага багаар ахиж, хамгийн чухал нь зогсолтгүй, тууштай байх нь чухал гэдгийг багш нар маань бидэнд ойлгуулсан.” гэв. Цэгмэд багш 2021 оноос хойш энэхүү төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож 10 сумын 703 залуусыг ШИМТ, УАЦЭА арга хэмжээнд хамруулжээ. Хэдийгээр нөөц бололцоо хязгаарлагдмал байсан ч хүсэл эрмэлзэл байгаа цагт шийдэл олддог гэдгийг тэрээр нотолж байна.
Төслийн хоёр дахь үе шатын хүрээнд сургуулийн багш, сурагчдыг чадавхжуулах сургалтад хамруулж байна.
“Бид орон нутгийн сургуулиудад УАЦЭА-н соёлыг төлөвшүүлэхийн тулд сайн дурын дугуйлангуудыг байгуулаад зогсохгүй тэдгээрийн байнгын тууштай ажиллагааг хангахын тулд багш, сурагчдыг чадавхжуулах сургалтад хамруулах нь чухал гэдгийг ойлгосон.” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Өсвөр насны хүүхдийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Д.Болорчимэг хэлэв. Сайн дурын дугуйлангуудын үйл ажиллагааг тогтворжуулж сайжруулахын тулд үе тэнгийн сургагч багш нар (нийт сургагч багш нарыг 37 нь охид) болон сургуулийн багш нарыг УАЦЭА, манлайлал, дугуйлангийн менежмент, төслийн менежмент зэрэг нэмэлт сургалтуудад хамруулжээ. Мөн дугуйлангийн ахлагч болон бусад гишүүдэд зориулан дугуйлангийн үйл ажиллагааны талаар практик удирдамж бүхий цуврал гарын авлагыг боловсруулж өгсөн байна.
Энэ жил Монголын Скаутын холбооноос зохион байгуулсан үе тэнгийнхний чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдсан хөвгүүдийн нэг нь Оюун-Эрдэнийн найз Оргилбаяр юм. Тэрээр сургалтын агуулга шинэлэг, сонирхолтой байсныг онцолж сургалтын чиглүүлэгч багш нар болон үе тэнгийнхнээсээ "эерэг эрч хүч" мэдэрснээ хэлж байсан юм. Оргилбаяр бусад хүүхдүүдийн дунд насаараа хамгийн жаахан нь байсан тул түүнд бусад сургуулийн дээд ангийн ах, эгч нартай танилцах, шинэ зүйл сурах, туршлага солилцох боломж гарсан нь их таалагджээ.
Цэцэн-Уул сумын сургууль "нэг багш-нэг дугуйлан" бодлогыг хэрэгжүүлж сургуулийн багш тус бүр нэг дугуйланг хариуцан авч хичээлийн бус цагаар хүүхдүүдтэй ажиллах үүрэг хүлээжээ. Ихэнх дугуйлангууд урлаг, спортын чиглэлээр хэрэгждэг бол ШИМТ болон УАЦЭА-н дугуйлангууд хүүхдүүдэд шинэ үеийн ур чадваруудыг олгох зориулалттай байгаагаараа бусдаас өвөрмөц болохыг онцлон тэмдэглэлээ.
“Энэхүү төсөл нь сурагчдыг УАЦЭА, сайн дурын дугуйлан зохион байгуулахтай холбоотой мэдлэг, арга хэрэгслээр хангаад зогсохгүй төслийн төлөвлөлт, хэрэгжилт болон хүүхдэд хэрхэн бие даан хөгжих, харилцааны болон багаар ажиллах ур чадвараа сайжруулахад нь тусалж байна.” хэмээн Цэгмэд багш хэлэв. Тэрээр үргэлжлүүлэн "Эдгээр нь сурагчдад насанд хүрсэн хойно ч хэрэг болох насан туршийн ур чадварууд юм." гэв.
-----
Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан ШИМТ болон УАЦЭА төсөл нь Люксембург сангийн санхүүжилтээр хэрэгжиж байна.