Бидний тухай
НҮБ-ын Хүүхдийн Сан нь дэлхийн 190 орон тэдгээрийн дотор Монголд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд тэргүүлэгч дэлхий хэмжээний байгууллага юм.
- Боломжтой:
- English
- Mongolian
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Cан
НҮБ-ын Хүүхдийн Сан Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 50 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол улс, түүний ард иргэд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжиж, бага орлоготой орноос дундаас доогуур орлоготой, хөгжлийн тусламж хүлээн авагч орноос олон талт дипломат харилцаа, хүний эрхийг дээдлэгч орон болж, эдгээр үйл явцыг дагалдсан олон сорилт, өөрчлөлт шинэчлэлийг туулж ирсэн.
Монгол улсын өсөн нэмэгдэж буй чадавх, хөгжил, эдийн засгийн өсөлттэй уялдуулан НҮБ-ын Хүүхдийн Сан тус оронд явуулдаг үйл ажиллагаагаа хүүхэд бүрд тэгш хөгжих боломж олгоход Засгийн газарт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад аажмаар шилжүүлж ирсэн. Бодит байдалд энэ шилжилт хүүхэд бүрд тэр дундаа хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүрч, тэгш байдлыг хангах, үйлчилгээг орон нутгийн түвшинд хүүхэд бүрд тэгш хүргэх бодлогын орчныг холбоход илүү чиглэж ирсэн. Энэ шилжилт шууд үйлчилгээ үзүүлэх бус харин орон нутгийн түвшинд хүүхдэд хүрэх үр дүнг дээшлүүлэхтэй холбоотой бодлого, хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээг боловсронгуй болгоход техникийн дэмжлэг үзүүлэхэд аажим шилжих хэрэгтэйг илүү тод харуулсан.
Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Хүүхдийн Сангийн хөтөлбөрийн цар хүрээнд өөрчлөлт хийгдэж ирсэн ч, тус байгууллагын “НҮБ-ын Хүүхдийн сан Монголын хүүхэд бүрд тэгш хүрч ажиллах” гэсэн цөм үүрэгт өөрчлөлт ороогүй юм.
Монголын хүүхдүүдийн сайн сайхан аж байдалд тулгарч буй сорилтууд
Сүүлийн жилүүдэд үргэлжилж буй эдийн засгийн хямралын улмаас нийгмийн хөтөлбөрт зарцуулах төсвийг хязгаарлахад хүргэсэн нь ялангуяа хүүхдүүдэд хүнд тусах болсон. Орлогын тэгш бус байдал нэмэгдсэн, хөдөөгийн ядуурал буурч байгаа ч хөдөөгийн алслагдсан газруудын хүүхдүүдийг төв суурин газрын хүүхдүүдтэй харьцуулахад хөгжлийн хувьд сул, орхигдсон хэвээр байна. Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хувь алслагдсан бүс нутгууд, нийслэл Улаанбаатар хот хооронд төдийгүй нийгэм дэх чинээлэг, нэн ядуу бүлэг хооронд илт ялгаатай байгаа нь санаа зовоох асуудлын нэг болж байна. Эмзэг бүлгийн хэмжээнд хүүхдийн өсөлт хөгжлийг хөдөө орон нутгийн ердийн түвшинтэй харьцуулахад бараг хоёр дахин бага байна.
Үндэсний хэмжээнд бага насны 4 хүүхдийн нэг сургуулийн өмнөх насны боловсролын сургалтад хамрагдахгүй байгаа нь бага насны хүүхдүүдийн боловсрол мөн доогуур байгааг харуулж байна. Нийт хүн амын 83 хувь ундны усны сайжруулсан эх үүсвэртэй бол зөвхөн 59 хувь ариун цэврийн сайжруулсан байгууламж ашигладаг нь ус, ариун цэвэр, эрүүл ахуйн индикатор үзүүлэлтүүдэд өөрчлөлт төдийлөн харагдахгүй үндсэндээ тогтонги байсаар байна[1]. Мөн газарзүйн байршил, орлогын ялгаатай байдал ч цаашид нэмэгдэх төлөвтэй байна.
Монгол орны газарзүйн өвөрмөц онцлогоос хамаарсан сорилтууд ч мөн байдаг. Хүн ам бага – нийт хүн амын гуравны нэг хагас нүүдлийн ахуйтайн дээр Их Британи, Франц, Герман, Итали улсын нутаг дэвсгэрийг нийлүүлснээс ч том өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшдаг, өвөл -40°C хүрдэг цаг агаарын эрс тэс нөхцөлтэй. Эдгээр хүчин зүйлстэй уялдан ялангуяа алслагдсан газруудад амьдарч байгаа хүүхдүүдэд сурах, усан хангамж, ариун цэврийн байгууламж зэрэг суурь үйлчилгээг жигд хүргэхэд илүү хүндрэлтэй.
НҮБ-ын Хүүхдийн сангийн онцлох үүрэг
Монгол улсын хөгжил, эдийн засгийн өсөлт, ялгаатай байдлын цочирдом баримт нотолгоог харгалзан НҮБ-ын Хүүхдийн сан үйл ажиллагаагаа хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах бодлогыг дэмжих замаар тэдэнд хүрч ажиллахад аажим шилжиж ирсэн.
НҮБ-ын Хүүхдийн сан Засгийн газар, бусад холбогдох байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран – хүүхэд залуучуудыг оролцоог ханган - хүүхдийн сайн сайхан байдлын талаар судалгаа явуулж, тэдгээрийн үр дүнг хүүхэдтэй холбоотой асуудлын техникийн өргөн ур чадвартай хослуулан, эмзэг бүлэгт чиглэсэн үйл ажиллагааг боловсруулж байна.
Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хүүхдэд тустай бодит үр дүнг бий болгоод зогсохгүй, үндэсний хэмжээнд дэлгэрүүлэхүйц санал санаачилга, баримт жишээг гаргаж ирнэ. Илүү урт хугацааны, тогтвортой үр дүнд хүрэхийн тулд НҮБ-ын Хүүхдийн Cан үр өгөөж нь хүүхдэд хүрэх нийгмийн бодлого, хөтөлбөр, төсөв боловсруулахад орон нутгийн засаг захиргаа, төр засагт чиглэсэн нөлөөллийн ажлыг явуулж байна. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн Cан хүүхэдтэй холбоотой нэн тэргүүний асуудлын эргэн тойронд үндэсний болон олон улсын хамтрагч байгууллагуудтай түншлэн, тэдний оролцоо дэмжлэгийг татан оролцуулж, улмаар Монгол улсыг хүүхдийн төлөөх дэлхий нийтийн инноваци, мэдлэг, сайн туршлага, арга ажиллагаатай холбон холбон ажиллаж байна.
[1] WHO/UNICEF Joint Monitoring Programme for WASH, 2017