Англи хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлэх төсөл дахин 5 аймагт хэрэгжинэ
Төслийн II үе шат 450 гаруй багш, 20 000 хүүхдэд хүрнэ.
- English
- Mongolian
Их Британийн Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэх тухай гэрээнд талууд гарын үсэг зурлаа.
Төслийн I дэх дахь үе шат энэ оны эхээр хэрэгжиж, Баян Өлгий, Баянхонгор, Сүхбаатар аймгийн бүх сумдын нийт 320 гаруй англи хэлний багш нар нийт 100 гаруй цагийн сургалтад хамрагдаж, нийт багш нарын 39 хувь нь англий хэлний түвшнээ ахиулж чадсан.
Мөн дээрх аймгуудын 15 англи хэлний ярианы клубт нийт 540 гаруй сурагчийг хамруулав. Гурван аймгийн 26 сургуульд нийт 126 ширхэг цахим төхөөрөмж хүлээлгэн өгч, цахим сургалтын орчинг дэмжив.
Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор 50 сургуулийн удирдлага болон орон нутгийн захиргааны ажилтнуудыг сургалтад хамруулав. Төслийн хүрээнд алслагдсан бүс нутагт багш бэлтгэхэд ямар сургалтын хөтөлбөр үр дүнтэй талаар судалгааны ажил хийж, цаашдын бодлого, хөтөлбөр боловсруулахад мэдлэг, ойлголтыг бий болгов.
Дээрх төслийн I үе шатанд тодорхой ахиц дэвшил гарч, Засгийн газраас багагүй ажил хийж байгаа хэдий ч Монгол Улсад ажиллаж буй нийт 3,200 англи хэлний багшаас 2,000 нь буюу 62 хувь нь чанартай сургалт явуулахад шаардлагатай доод түвшний хэлний мэдлэгийн шалгуурыг хангахгүй хэвээр байна. Энэ нь алслагдсан нутгуудад илүүтэй ажиглагдаж байгаа бөгөөд сурагчдын чанартай англи хэлний боловсрол эзэмших боломжийг хязгаарлаж байна.
2025–2026 оны хичээлийн жилээс эхлэн англи хэлийг 3-р ангиас заавал судлах болсонтой холбогдуулан B1 түвшнээс доогуур хэлний мэдлэгтэй багш нарын тоо олон байгаа тул ур чадварыг дээшлүүлэх, дэмжих хөтөлбөр нэн шаардлагатай байгаа юм.
Тиймээс хамтарсан төслийг үргэлжлүүлж, Булган, Архангай, Хөвсгөл, Хэнтий, Дундговийн 450 гаруй англи хэлний багш нарын хэлний болон заах ур чадварыг дээшлүүлж, шинэ ментор багш нарыг бэлтгэнэ. Эдгээр багш, менторууд 20 000 гаруй хүүхдэд хүрч ажиллана.
Мэдээлэл харилцааны багтай холбоо барих
НҮБ-ын Хүүхдийн Сан
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.