Дэлхийн хэлийг заадаг хоймор нутгийн багш

Д.Мөнхзаяа багшийн түүх

Ariunzaya Davaa
English language
UNICEF Mongolia/2026/Kh.Enkhbayar
20 Дөрөвдүгээр сар 2026

Хөвсгөл аймгийн Их-Уул сум Улаанбаатараас 559 км зайд оршдог бөгөөд эндхийн өвөл их онцлогтой.

“Манай суманд өвөл бараг цас ордоггүй. Харин энэ жил Цагаан сарын дараа цас орж, бид бүгд их баярласан” хэмээн англи хэлний багш Д.Мөнхзаяа инээмсэглэн ярина.

Мөнхзаяа 23 жилийн турш сумынхаа сургуульд англи хэл зааж, олон үеийн хүүхдүүдийг сургажээ. Түүний шавь нарын ихэнх нь алслагдсан нутгийн малчин өрхийн хүүхдүүд. Тэдний хувьд англи хэл бол зүгээр нэг хичээл биш—харин дэлхийтэй холбогдох гүүр юм.

Гэвч алслагдсан бүс нутагт англи хэл заахад бэрхшээлтэй. Улсын хэмжээнд англи хэлний багш нарын бараг гуравны хоёр нь шаардлагатай түвшинд хүрээгүй, ялангуяа орон нутагт мэргэжил дээшлүүлэх боломж хязгаарлагдмал байдаг.

English language
UNICEF Mongolia/2026/Kh.Enkhbayar

Үүнийг шийдвэрлэхийн тулд Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Их Британийн Элчин сайдын яам хамтран “Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж, алслагдсан аймгуудын багш нарт сургалт, менторшип хичээлүүд орж байна. Хөвсгөл аймагт гэхэд 161 багш хамрагдсанаас Д.Мөнхзаяа ментор багшаар сургагджээ.

“Энэ сургалт үнэхээр цагаа олсон, сайн сургалт байсан. Бид зөвхөн хэлний чадвараа сайжруулаад зогсохгүй, бага ангийн хүүхдэд заах шинэ арга зүй сурсан” гэж тэр хэлэв.

Тус хөтөлбөр нь танхимын болон цахим сургалтыг хослуулж, багш нарын хэлний мэдлэг болон заах арга барилыг сайжруулж байна. Үр дүнд нь олон багш ур чадвараа ахиулж, орон нутагт менторын сүлжээ бүрдэж эхэлжээ.

Ментор багшийн хувьд Д.Мөнхзаяа багш сурсан мэдлэгээ хамт ажилладаг залуу багш нараа мөн чадавхжуулж байна.

“Манай сургуульд дөрвөн англи хэлний багш бий, бүгд залуу, эрч хүчтэй. Би тэдэнтэй хөл нийлүүлэхийг хичээдэг. Тэд нараасаа эгч ч гэлээ сэтгэлээрээ залуу хүн шүү дээ би” гэж тэр инээмсэглэн хэлэв.

English language
UNICEF Mongolia/2026/Kh.Enkhbayar The English language is the most favorite among students, says Mrs.Munkhzaya

Сургуулийн англи хэлний клуб

Д.Мөнхзаяа багш зөвхөн хичээл заахаас гадна Англи хэлний клуб сургууль дээрээ ажиллуулдаг. Энд хүүхдүүд дуу дуулж, тоглоом тоглон, харилцан ярилцаж хэлний мэдлэгээ хөгжүүлдэг бөгөөд клуб нь сургуулийн хамгийн эрэлттэй үйл ажиллагааны нэг болжээ.

“Хүүхдүүд хөгжилтэй байдлаар сурах дуртай,” гэж тэр тайлбарлав. “Энд тэд ангиас илүү зоригтой ярьдаг.”

Алслагдсан сумын хүүхдүүдийн хувьд энэ клуб нь англи хэлийг бодитоор хэрэглэж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх ховор боломж юм.

“Бид англи хэлний клубт дуртай. Багш маань ойлгомжтой, хөгжилтэй заадаг,” хэмээн клубт тогтмол оролцдог сурагчид ярив.

English
UNICEF Mongolia/2026/Kh.Enkhbayar

Хэлний суурийг бага наснаас нь

Сайн багшийн ажлын үр дүн сурагчдад тод харагдана. Гуравдугаар ангийн сурагч Анар саяхан англи хэл сурч эхэлсэн. Түүний ээж, хүүхдийн эмч П. Эрдэнэтүяа гэр бүлээрээ Улаанбаатараас нүүж иржээ.

“Эхэндээ орон нутгийн сургуулийн чанарт санаа зовж байсан,” гэж тэр хэлэв. “Гэхдээ одоо хүү маань англи хэлд дуртай болсон. Англи хэл ордог өдөр хамгийн гоё өдөр байдаг гэж хүү маань хэлдэг юм. Манай сумын сургуулийн багш нарын мэдлэг, ур чадвар үнэхээр сайн юм билээ.”

Монгол Улс 3-р ангиас англи хэлийг улс даяар зааж эхэлж буй энэ үед бага ангийн чанартай сургалт улам чухал болж байна.

“Хүүгээ англи хэл сайн сураасай гэж хүсдэг. Энэ нь ирээдүйд олон боломж нээнэ,” гэж тэр нэмж хэлэв.

Дэлхийтэй холбох гүүр

Хөвсгөл зэрэг алслагдсан аймагт багш нарын хомсдол их байдаг ч тууштай, сайн багш нарын ачаар хүүхдүүд дэлхийн хэл сурч, дэлхийн мэдлэг, боломжийг өөртөө нээх  боломжтой болж байна.

“Би багш гэдэг мэргэжлээрээ, ажлаараа их бахархдаг. “Багш хүн бол их бачн хүн. Хүүхдүүдийн нээмсэглэл, эрч хүчээр баян байдаг” гэж Д.Мөнхзаяа багш хэлэв.

Сургалт, менторшипийг сайжруулснаар дээрх төсөл орон нутгийн мянга мянган хүүхдэд хүрч байна. Англи хэл боловсролын гол хичээл болохын хэрээр Д.Мөнхзаяа шиг багш нар шинэ үеийнхнийг дэлхийтэй холбогдах гүүр нь болж байна.

“Одоо бид сая сургалтаар сурсан мэдлэгээ ашиглан англи хэлийг илүү сайн заах л үлдлээ” хэмээн Д.Мөнхзаяа багш ярив.