“Багийн бага сургууль” санаачилгын ээлжит сургууль Цогт Өндөр багт нээгдлээ
Хүүхэд бүрд, ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ
- English
- Mongolian
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан “Багийн бага сургууль” санаачилга амжилттай үргэлжлэн, Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт 75 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль Номин Холдинг ХХК-ийн санхүүжилтээр байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Монголд нийт 36 000 гаруй хүүхэд сургуульд хамрагдахын тулд нэг жилийн есөн сард гэрээсээ хол дотуур байранд, эсвэл хамаатныдаа амьдардаг. Ийм нөхцөл байдал нь бага насны хүүхдүүдийг гэр бүлийн харилцаанаас хөндийрөх, сэтгэл санаагаар унах, ганцаардах эрсдэлд оруулдаг байна. Зарим гэр бүл хүүхдээ сургуульд сургахын тулд тусдаа амьдрах хүртэл арга хэмжээ авдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Боловсролын Яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Цогт-Өндөр багийн бага сургуулийн нээлтэд Боловсролын сайд П.Наранбаяр, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Номин Холдинг ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Шагдарсүрэн, Гүйцэтгэх захирал Я.Наваан, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр болон боловсролын салбарын төлөөлөл оролцлоо.
“Хүүхдүүд гэртэйгээ ойрхон чанартай боловсрол эзэмших боломж бүрдүүлэх нь бидний гол зорилго. Багийн бага сургуулийг санаачлан хэрэгжүүлснээр Монгол Улс энэхүү зорилтдоо хүрэхэд алхам алхмаар ойртож байна” хэмээн Боловсролын сайд П.Наранбаяр сургуулийн нээлтийн үеэр онцлов.
“Энэхүү санаачилгыг бодит ажил болгоход хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү багийн бага сургууль төр-хувийн хэвшил-хөгжлийн байгууллагуудын түншлэлийн тод жишээ болж байна. улсын хэмжээнд 60 гаруй багт ийм сургууль барих хэрэгцээ байна. Бид ирэх 2026 онд орон нутаг, хувийн хэвшилтэй хамтран илүү олон сургууль байгуулна гэж итгэж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэв.
“Хичээл сургуульдаа явахын тулд хүүхдүүд 8-9 км газар туулдаг тухай сонсоод Номин Холдинг ХХК энэ санаачилгыг дэмжихээр шийдсэн. Их богино хугацаанд энэ бага сургуулийг барьж байгуулахад оролцсон бүх байгууллага, компаниудад чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэж Номин Холдинг ХХК үүсгэн байгуулагч A.Шагдарсүрэн онцлов.
Шинэ сургуулийн барилга нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийн шийдлүүдийг багтаасан бүтээн байгуулалт юм. Агааржуулалт, халаалт, дулаалгын систем, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, орчин үеийн ус, ариун цэврийн байгууламж бүхий сургууль–цэцэрлэгийн цогцолбор хэлбэрээр төлөвлөгдөн баригдсан.
Цогт-Өндөрийн багийн бага сургуулийн зураг төслийн ажлыг Өрнөл Проект ХХК үнэ төлбөргүй гүйцэтгэж, IT Zone, Анун, Тулга Төхөөрөмж компаниуд болон Залуу дипломатчдын холбооноос өндөр хурдны интернэт, ангийн тавилга, цахим хэрэгсэл, стандартын гал тогоо зэргийг хангахад дэмжлэг үзүүлэв.
Мэдээлэл харилцааны багтай холбоо барих
НҮБ-ын Хүүхдийн Сан
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.