Хөдөө орон нутагт, алслагдсан сумдын сурагчид цахимаар хичээллэж, бие даан суралцаж байна.
Алслагдсан сумдын сурагчид цахимаар хичээллэж байна.
- English
- Mongolian
Булган аймгийн Рашаант сумын Аргалын зайсан гэх газарт малчин Очирбат гуайнх өвөлжинө. Тэрээр хэдэн уулын энгэрийг нөмөрлөн өвөлжөөгөө тохинуулжээ. Хойд уулын хөлийг хонин сүрэг өнгөлөх бол хажуухан дахь хадан цохиог хэд гурван ямаа цоохортуулна. Цангинан инээх цовоо дуу сонстож, тэр зүгт харвал цэнхэр чарга хөлөглөсөн гурван хүүхэд зүүн уулын энгэр дагуу гулгана.
Харин тэдний араас болгоомжтой бууж ирэх хүн бол тэдний өвөө, Очирбат гуай. Гэнэтийн зочдын барааг хараад хэрэндээ л хурдлан алхана. Очирбат гуай хар хавтас маягийн зүйл энгэртээ тас тэврэн сугавчилсан нь нүдэнд тусч, сонирхлыг минь татлаа.
Өвөөг ирэхтэй зэрэгцээд бишүүрхэнгүй алсарч зогссон хүүхдүүд ч ойртлоо. Бид цөм танилцаад, хэрэг зоригоо цухуйлгав. Очирбат гуай биднийг гэртээ урилаа. Оруутаа өнөөх хавтас шиг зүйлээ ширээн дээр тавив. Нөүтбүүк байна. Хотын хөл хөдөлгөөнөөс хол, хөдөө орон нутгийн алслагдсан сумын малчин өвөө нөүтбүүк хэрэглэж байгаа нь гайхалтай хэрэг ээ! Нэгэнт ийм бодол толгойд орчихсон тул асууж байж л санаа минь амарна. Тохиромжтой үе хүртэл хүлээж суугаад, асууж орхилоо.
Сурвалжлагч: Өвөө та энэ нөүтбүүкийг юунд ашигладаг юм бэ?
Очирбат гуай: Ээ өвөө нь ч сайн ашиглаж мэдэхгүй ээ. Хүүхдүүд л хотоос ирэхдээ авчирдаг юм. Хичээлээ цахимаар үзнэ, давтана гээд л өдөртөө нэг, хоёр асаана аа. Би чинь дөрвөн ачтай. Өвлийн амралтаараа гурав нь ирчихсэн байгаа юм.
Сурвалжлагч: Аан тийм байх нь ээ, гэхдээ өвлийн энэ хүйтэнд нөүтбүүкээ уул руу авч гардаг нь ямар учиртай юм бэ?
Очирбат гуай: Би чинь энэ их ажлын хажуугаар том хоёр хүүгийнхээ хичээл номыг нь хийлгэх даалгавартай хүн шүү дээ. Үгүй ээ, энэ цахимаар хичээллэнэ гэж лут ажил байх юм аа. Манай энэ хотоос ирдэг хүү энэ жил нэг хүүхэлдэйн кино үзэж, тоглоом тоглодог юм сураад ирж. Тэрийгээ хичээл гээд л байх юм. Өнөө хоёртоо үзүүлчхээд л гурвуулаа хөөрхөн яриад, давтаад сууна аа. Би чухам учрыг нь сайн олохгүй ч энэ одоо үеийн хүүхдүүд сэргэлэн гэж дэндүү. Ингэдэг, тэгдэг юм гээд л өөрсдөө л ажиллуулаад л хичээлээ хийчих юм. Манай өвөлжөө чинь нам дор, гэрт интернэт муу. Уулаадаа (уул өөдөө) харин овоо орж ирдэг юм. Тэгээд л нартай дулаан өдөр болбол энэ хар юмаа нэг сайн цэнэглэж аваад, уул руугаа гарч суугаад хэсэг амсхийнэ дээ гэж өвөөг хуучлах зуур хүүхдүүд өөрсдийнх нь тухай ярианд дуу түрэн орж ирлээ.
Хүү: Анай, энийг хар аа!
Сурвалжлагч: За ямар хичээл гэнэ вэ?
Хүү: “Цахим аялал” гэдэг. Өнөөдөр бид энэ хичээлийг үзсэн. (сур, “Ураг төрлөө нэрлэж суръя” гэсэн байв.) Өвөө, эмээ, нагац, үеэл гэж би мэднэ.
Сурвалжлагч: Ерөөсөө ингэе. Эхлээд та гуравтай танилцъя.
Хүү: Намайг Балжиннямын Дашням гэдэг. Би Булган аймгийн Рашаант сумын сургуульд сурдаг, 2-р анги. Энэ Маргад, Батцэцэг. (заав)
Маргад: Намайг Маргад-Эрдэнэ гэдэг. Би Улаанбаатар хотоос ирсэн. Одоо хөдөө байна. (инээв) Би 68-р сургуулийн 2в ангид сурдаг. Батцэцэг харин сургуульд ороогүй байгаа.
Сурвалжлагч: За та гурав өвлийн амралтаа сайхан өнгөрүүлж байна уу? Өвөө, эмээдээ хэр тус болж байна даа?
Хүүхдүүд: Бид хонь ишгээ хариулж байгаа, орой үхэртээ явдаг. Бас цасанд явдаг.
Сурвалжлагч: Та гуравт тэгээд тоглох зав гарч байна уу?
Хүүхдүүд: Гарна гарна. Өглөө босоод л чаргаар гулгадаг, шагай тоглож байгаа. Бас хичээл хийхдээ компьютер дээрээ тоглоом тоглодог.
Сурвалжлагч: За тоглодог гээд байгаа хичээлээ эгчдээ танилцуулаач. Би ч гэсэн үзье л даа. Тэгэх үү?
Маргад: Ингэдэг байхгүй юу? Гурван w үсэг бичээд цэг тавиад Medle.mn гэж бичээд хичээлийнхээ сайтад ордог. Тэндээс 2-р анги гэсэн дээр дарна. Тэгээд доошоо гүйлгээд байхаар ягаан өнгөтэй “Цахим аялал” гэсэн хичээлүүд гараад ирдэг юм. Тэндээс үзмээр байгаа хичээлээ сонгоод л үзнэ.
Сурвалжлагч: Та хэд өнөөдөр ямар хичээл үзсэн гэлээ?
Маргад: “Ураг төрлөө нэрлэж суръя” гэдэг хичээл үзсэн. “Цахим аялал”-ын ангид шинээр ирсэн 7 настай Намуунаа гэр бүлээ танилцуулсан. Тэр нь хүүхэлдэйн киногоор гардаг юм.
Сурвалжлагч: За тэр хүүхэлдэйн киног үзээд чи юу сурч авсан бэ?
Маргад: Гэр бүлээ танилцуулж, ураг төрлөө нэрлэхийг сурсан.
Сурвалжлагч: Хөөх, догь юм аа. Бас тоглоомтой гэсэн тээ?
Тхх, тоглоомууд нь янз янз байдаг юм билээ. Асуултад хариулдаг, үгийг нь зөөгөөд зөв газарт аваачдаг, эвлүүлдэг гээд л. Аавын талыг авга гэдэг үү? гэсэн асуулт гарахаар нь би тийм гэсэн хариулт дээр дарсан. Зөв хариулбал дараагийн үе рүү ордог. Буруу хийх юм бол зөв хийдэг болтлоо тоглоно.
Сурвалжлагч: Аан тэгдэг байх нь ээ. Тэгээд та нар томчуудын тусламжгүйгээр өөрсдөө нөүтбүүкээ асаагаад л энэ хичээлээ бие даагаад хийчихдэг хэрэг үү?
Дашням: Өвөөгийнд бараг бүгдээрээ тоглодог доо. Өвөө эмээ хамт тоглодог ш дээ.
Маргад-Эрдэнэ: Би бол хотын гэртээ ганцаараа тоглож чадна аа. Бид нар амралтаараа бараг бүх хичээлийг үзээд дуусгачих байх аа.
Сурвалжлагч: Аа яа яа, өвөө та ч уулаадаа нэлээн гарах нь дээ.
Очирбат гуай: Хүйтэн байвал ч өнждөг юм аа. Дулаахан өдрөө уулаадаа гарч байгаад хэд хэдэн бичлэг эхлүүлээд, нээгээд орхичихдог юм. Бичлэгийнх нь цагаан зураас урагшаа овоо яваад авбал дараа нь үзэхээр гацдаггүй юм билээ. (инээв)
Сурвалжлагч: Хүүхдүүдийнхээ хичээлийг давтуулдаг сайн өвөө эмээ байна даа. Та нар ч бас ёстой мундаг хүүхдүүд байна ш дээ. Хичээлээ улам сайн хийгээрэй. Энэ гоё хичээлээ надад танилцуулсанд баярлалаа.