Хүүхэд бүрд ХӨГЖИХ БОЛОМЖ
Зуны зугаатай хөтөлбөрөөр хамтдаа хөгжилдөж, хамтдаа хичээлээ давтаж байна.
- English
- Mongolian
Хүүхэд суралцахуйн хамгийн анхдагч, чухал чадварууд болох унших, бичих, тоолохыг бага насандаа буюу сургуулийн өмнөх, бага боловсролын жилүүдэд эзэмшдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд Ковидын улмаас дэлхийн улс орнуудад бага ангийн сурагчдын суралцахуйн хоцрогдол тулгамдсан асуудлын нэг болж улмаар хувь хүний болон нийгмийн хөгжилд ноцтой нөлөө үзүүлэхээр болоод байна. Монгол улс ч үүний гадуур өнгөрсөнгүй.
Дундговь аймгийн Сайнцагаан, Эрдэнэдалай, Хулд болон Төв аймгийн Мөнгөнморьт сумдын 3-5 ангийн сурагчид НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр “Зуны зугаатай хөтөлбөр”-т оролцонгоо математик, монгол хэл, хүн ба орчин зэрэг хичээлээ тоглонгоо давтаж, шинэ зүйлсийг хамтдаа суралцлаа. Энэхүү хөтөлбөр нь алслагдсан орон нутаг дахь бага ангийн хүүхдийн унших, бичих, тоо бодох чадварыг бүтээлч үйлээр дамжуулан сайжруулах, хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах зорилготой.
М. Гэрэлт-Од, 3-р ангийн сурагч “Зуны улиралд би айлын хурдны морь унахаас өөр онцын зүйл хийдэггүй байсан бол энэ жил 5-р ангийн ахтайгаа, бас сургуулийнхаа 3-5 ангийн хүүхдүүдтэй хамтдаа нэг ангид суралцаж хичээлээ давтаж байгаа нь сайхан байна. Би тоо, монгол хэлний хичээлийн ойлгоогүй зүйлсээ 4-5 ангийхнаас асуудаг. Бид хамтдаа будаатай хуурга хийхдээ тооны хичээл дээрээ ойлгоогүй зүйлээ мэдэж авсан”.
Алслагдсан орон нутагт амьдарч байгаа малчин хүүхдүүд дассан орчноосоо анх удаа гарч нийгмийн харилцаанд ороход тулгамдаж 1 дүгээр ангид орохдоо зарим нэг бэрхшээлтэй тулгардаг. Х.Цэрэн, Эрдэнэдалай сумын багш: “Энэ зун нүүдлийн гэр цэцэрлэгийн дэргэд гэр сургууль ажиллаж байгаа нь сургуулийн өмнөх болон бага боловсролын залгамж холбоог хангах, цэцэрлэг сургуулийн багш нар хамдарч хичээлдээ бэлдэх, хүүхдүүд хамтдаа тоглож суралцах гээд олон талаар сайхан байна. Аль ч насны хүүхдүүд аз жаргалтай суралцаж байна”.
“Зуны зугаатай хөтөлбөрт” хамрагдсан хүүхдүүд хичээлийн шинэ жилийг илүү бэлтгэлтэй, хүсэл тэмүүлэл дүүрэн эхлэнэ гэж найдаж байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Зуны зугаатай хөтөлбөр” нь алслагдсан орон нутгийн хүүхдүүдийн боловсролыг дэмжихийн зэрэгцээ боловсролын салбарын чанарын шинэчлэл болон тухайн орон нутгийн хэрэгцээ шаардлагыг хангасан сургалтын шинэлэг арга замуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр болох зорилготой юм