Аудио хичээлээр дамжуулан малчин өрхийн 9000 хүүхдийн боловсролд дэмжлэг үзүүлж байна
“Эрдмийн Долгион” аудио хичээл
- English
- Mongolian
“COVID-19” цар тахлын үеэр Монгол Улсын нийт хүүхдүүдийн гуравны нэг нь интернет, сүлжээ, цахим төхөөрөмж зэрэг дэд бүтцийн асуудлаас хамааран алсын зайн сургалтад хамрагдаж чадаагүй байна. Ялангуяа алслагдсан нутгийн малчин өрхийн хүүхдүүд үүнд ихээхэн өртсөн юм.
Хүүхдэд зориулсан зайн сургалтыг дэмжих зорилгоор БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран 4-7 насны хүүхдүүдийн сурах зорилгыг тодорхойлж, үлгэрт суурилсан сургалтын шинэлэг аргазүйг санаачилсан. Үүний үр дүнд 2020 онд НҮБ-ын Хүүхдийн Сан сургуулийн өмнөх (4 – 5 нас) болон бага ангийн (6 – 7 нас) хүүхдүүдэд зориулсан аудио хичээл бий болгох санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Энэхүү санаачилгын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сангаас "Эрдмийн Долгион" нэртэй хүүхдийн сонирхол татахуйц 90 аудио хичээлийг бүтээж, аудио тоглуулагчид суулган, зурагт дасгал ажлын номын хамт Монгол орны 21 аймгийн зурагт, интернетийн сүлжээгүй, хязгаарлагдмал бүс нутагт амьдарч буй малчин өрхийн 9000 хүүхдүүдэд түгээсэн. Аудио хичээл нь зудын аюулд өртөж боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа малчин өрхийн хүүхдүүдэд онцгой ач холбогдолтой байсан юм. Түүнчлэн, эдгээр аудио хичээлүүдийг medle.mn цахим сургалтын платформ болон Marchaakhai гар утасны аппликейшнээр дамжуулан 1,153,000 гаруй удаа үзсэн байна.
Завхан аймгийн 2-р ангийн сурагч “Би үлгэр сонсох их дуртай. Би эрэгтэй дүүтэйгээ хамт үлгэр сонсдог. Таалагдсан үлгэрээ сонссоны дараа бид хамтдаа үлгэрийн баатруудыг оролцуулж тоглодог. Жишээ нь: “Сармагчин” гэдэг үлгэр үнэхээр хөгжилтэй байсан. Бид хоёр үлгэрт гарсан сармагчинг дуурайж тоглосон…"
6 настай хүүхдийн ээж “Аудио хичээл манай охинд маш үр өгөөжтэй байсан. Охин маань эрүүл мэндийн асуудлаас (харшил) шалтгаалж сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй. Харин аудио хичээлийг сонссоны дараа охины маань сурах сонирхол нэмэгдэж цэцэрлэгт явъя гэж хэлсэн” гэв.
Урьд өмнө хэзээ ч байгаагүй сорилт бэрхшээлүүдийн дараа энэхүү санаачилга нь шинэлэг шийдэл, хамтын ажиллагаа, хүүхэд бүрийг суралцах боломжийг олгохын төлөө тууштай зүтгэж байгаагийн илрэл болж байна. Цаашид ч Монголын хүүхдүүдийн илүү гэрэл гэгээтэй, илүү хүртээмжтэй ирээдүйн төлөөх аялал үргэлжлэх болно.
---
Эрдмийн Долгион – Аудио хичээл” төслийг Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Люксембург Сангийн ивээл дор Масволл сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.