Боловсролд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл

- Боломжтой:
- English
- Mongolian
Тухай
Уур амьсгалын өөрчлөлт сүүлийн хэдэн арван жилийн турш хөгжлийг сааруулж, эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болоод байна. Гэсэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн талаар дэлхийн хэмжээнд явагдсан хэлэлцүүлгүүд өнөөг хүртэл боловсролын салбарт төдийлөн ач холбогдол өгөхгүй байсаар ирсэн. Боловсролын салбар эрсдэлд орж байгаа талаар Зүүн Ази, Номхон далайн бүсийн нэг ч улс орны Үндэсний дасан зохицох үйл ажиллагааны хөтөлбөр (эсвэл Үндэсний дасан зохицохуйн төлөвлөгөө)-нд дурдаагүй байна. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2018 онд болсон хэлэлцүүлгийн үеэр улс орнуудын онцгойлон анхаарах салбарын нэг нь боловсрол гэдгийг хүлээн зөвшөөрч, боловсрол болон уур амьсгалын өөрчлөлт хоорондын хамаарлыг судлах ач холбогдол нэмэгдэж буйг тодотгон авч үзжээ (Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, 2018).
Боловсролын салбарт уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөний талаар нотолгоо цуглуулах, түншлэгч талуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, улмаар боловсролд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг улс орнуудын хэмжээнд харьцуулах, туршлага, сургамжийг бүс нутгийн хэмжээнд харилцан солилцох боломж бүрдүүлэх зорилгоор энэхүү судалгааг НҮБ-ын Хүүхдийн Сангаас санаачлан боловсруулсан.
Монгол орны цаг уурын эрс, тэс нөхцөл байдал, (өвөлдөө зудын байдал хүндрэх, түүхий нүүрсний хэт их хэрэглээнээс шалтгаалсан агаарын бохирдол), зуны улиралд хур тунадас ихээр орох (үер ус) эсвэл ган гачиг нүүрлэх (ган гачгаас шалтгаалсан хүндрэлтэй зуд) зэрэг уур амьсгалын чиг хандлага Монгол Улсын боловсролын салбарт сөрөг нөлөө үзүүлдэг болохыг энэхүү судалгаагаар тодорхойлсон. Уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн үр нөлөө нь өвлийн улиралд халтиргааны улмаас зорчиход хүндрэл үүсэх, дулааны улиралд үер, усны улмаас зам эвдрэх улмаар эрүүл мэндийн шалтгаанаар (өвлийн улиралд) хичээл таслах, сургууль завсардах зэрэг нь боловсролын хамран сургалтад сөрөг үр дагавар үүсдэг болохыг тодорхойллоо. Эдгээр хүчин зүйлс нь сургуулийн хамран сургалт буурах хүчин зүйл болж улмаар сурлагын амжилтад шууд нөлөө үзүүлдэг. Малчин өрх хүүхдээ сургуульд сургах, орлого олох нь цаг уурын нөхцөлөөс хамааралтай байна. Мөн сургуулийн цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж, хоол хүнсний аюулгүй байдал хангалтгүй, эрчим хүчний хангамж зэрэг асуудал уур амьсгалаас шалтгаалсан гамшгийн үед сурагчдын суралцах, эрүүл амьдрахад нөлөөлөх хүчин зүйл гэж сургуулийн удирдлагууд үзсэн.
Боловсролын салбарын ахиц дэвшилд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэж бүх нийтийн боловсрол эзэмшүүлэхэд боловсролын байгууллагууд харилцан уялдаа бүхий дараах дөрвөн үйл ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон авч үзэх шаардлагатай байна. Үүнд:
- Нотолгоонд суурилсан мэдээллийн чанарыг сайжруулах;
- Уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан боловсролын тасралтгүй байх стратегийг боловсруулах;
- Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг тодорхойлоход суралцахуйг дэмжих;
- Тогтолцоо бэхжүүлэх.
