“Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төслийн нээлтийн арга хэмжээ боллоо

Хүүхэд бүрд эрүүл, аюулгүй, цэвэр ус

02 Дөрөвдүгээр сар 2024
Youth representatives are introducing project objectives to the guests
НҮБ-ын Хүүхдийн Сан Сайн дурын ажилтнууд төслийн гол хүрэх үр дүнгүүдийг зочдод танилцуулж байна

“Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төслийн нээлтийн арга хэмжээ 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулагдлаа. Арга хэмжээг нээж Монгол Улсын Шадар сайд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, НҮБ-ын Суурин зохицуулагч болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч нар үг хэллээ.

Мөн нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, Монгол Улсын Их Хурлын гишүүн, ОБЕГ-ын дарга болон холбогдох яамд, агентлагийн төлөөлөл, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл оролцлоо.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсад байгалийн гамшигт үзэгдлийн тохиолдол 1.5 дахин нэмэгдсэн нь юун түрүүнд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Мөн хот, суурин газрын төлөвлөлт, зориулалтын ус зайлуулах хоолой, суваг дутмаг байдлаас ус зайлуулах явц удааширч байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж үер усны аюулыг ихэсгэж байна. Улаанбаатар хотод өнгөрсөн оны 7-р сард болсон үерт 31,600 өрх, 128,100 хүн өртөж, мянга гаруй байшин барилгад тог, ус тасарч, 20 гаруй зам эвдэрч, хүүхэд, гэр бүлд үзүүлэх наад захын үйлчилгээний хүртээмжийг эрс хязгаарласан. Мөн үерийн улмаас нүхэн жорлон хальж, ундны ус бохирдсоноор халдварт өвчин гарах эрсдэл нэмэгдсэн.

Монгол Улсын нийт өрхийн 82.5 хувь нь ундандаа цэвэр ус хэрэглэж байгаа ч, үүнээс дөнгөж 30 хувь нь аюулгүй, цэвэр ус хэрэглэж байна. Аюулгүй, цэвэр ус гэдэг нь химийн бодисгүй, шууд хэрэглэхэд аюулгүй, сайжруулсан усны эх үүсвэрийг хэлнэ. Мөн сүүлийн жилүүдэд үерийн давтамж ихэссэн нь үерт автсан бүс нутагт амьдарч буй олон айл өрхөд нэмэлт дарамт учруулж байна.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн Сангаас Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр Улаанбаатар хотын 9 дүүргийн үерийн эрсдэл бүхий бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах гол зорилго бүхий төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн гол хүрэх үр дүнгүүд нь:

  1. Үерийн эрсдэлтэй бүсэд 18 ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барих
  2. ОБЕГ-т 3 өндөр бүтээлт үерийн ус зайлуулах насос нийлүүлэх
  3. Төрийн 100 албан хаагч болон эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан
НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан

Төслийн нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ, Японы Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан манайд хамгийн хэрэгтэй цаг үед “нүдээ олсон” бодит дэмжлэгийг үзүүлсээр ирсэн. Би маш сайн санаж байна. Одоогоос 3 жилийн өмнө буюу дэлхий даяараа “Ковид-19”-ийн халдвартай тэмцэж байхад Япон Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан нийт 2.35 сая тун "Файзер" вакциныг 2021 оны 6-р сард Монгол Улсад буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлж байлаа.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр нийслэл дэх үерийн гамшигт өртөж болзошгүй бүсүүдэд оршин суугаа айл өрх, хүн ам, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усны эх үүсвэртэй болох нийгмийн чухал ач холбогдолтой юм.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү
НҮБ-ын Хүүхдийн Сан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү хэлэхдээ, “Энэхүү төсөл нь Монгол Улсын иргэд амьдарч буй орчноо сайжруулахаар хэрэгжүүлж буй ажлуудыг нь дэмжих зорилготой. Япон Улс энэ чиглэлээр арвин туршлага, мэдлэгтэй бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран энэ зорилгод хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын хүн ам эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжтой болно гэж найдаж байна.”

НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра
НҮБ-ын Хүүхдийн Сан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра

НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра хэлэхдээ, “Энэ төсөл нь зөвхөн үерийн гамшигтай тэмцэх бус Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй ажилд маш том хувь нэмэр оруулж байна. Бид Япон Улсын Засгийн газрын дэмжлэгт гүнээ талархаж байна. Тэдний үзүүлж буй тусламж нь зөвхөн санхүүгийн хүрээнд бус, харин нөхөрлөл, түншлэлийн гэрч юм. Бид хамтын зүтгэлээр хэнийг ч ардаа үлдээлгүй, эрүүл, аюулгүй Монгол Улсыг бүтээж чадна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан
НҮБ-ын Хүүхдийн Сан НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан

Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэхдээ, “Энэ төсөл нь Монгол Улсын хаана амьдарч байгаагаас үл хамааран бүх хүүхдийг аюулгүй, цэвэр усаар хангахад чухал алхам болж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл ажлыг сайн хангах нь үерийн аюулыг даван туулахад маш чухал. Энэ үйлсэд Япон Улсын Засгийн газар болон бусад хамтран ажиллаж байгаа түншүүддээ бид талархаж байна.

Бүх оролцогчид
НҮБ-ын Хүүхдийн Сан

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: (976) 11 312217 2203
Цахим шуудангийн хаяг: [email protected]

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Биднийг дагаарай. Twitter, Instagram, LinkedIn and Facebook