Английн Элева сангийн дэмжлэгээр ус, ариун цэврийн нөхцлийг сайжруулна

Хүүхэд бүрд ус, ариун цэвэр, эрүүл ахуй

16 Тавдугаар сар 2025
cover
НҮБ-ын Хүүхдийн Сан/2024/Б.Баясгалан

Энэ жил НҮБ-ын Хүүхдийн Сангаас орон нутгийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдийн ундны ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах шинэ төслийг эхлүүлж байна. Уг төслийг Английн Элева сан болон Их Британийн НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлнэ.

Монгол Улсын нийт хүн амын ердөө 30 хувь нь аюулгүй ундны усаар хангагдсан бол дөнгөж тал гаруй нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашиглаж байна. Ялангуяа бохир ус цэвэрлэх систем сул байгаа нь усны чанар, цаашлаад хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих тус төслийн хүрээнд нийт 18 аймгийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдэд нарны эрчим хүчээр ажиллах орчин үеийн ус, ариун цэврийн байгууламжийг суурилуулна. Үүгээр дамжуулан нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой бөгөөд нийт нэг сая гаруй хүнийг сайжруулсан ус, ариун цэврийн үйлчилгээгээр хангахаар зорьж байна.

Төслийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Нарны эрчим хүчээр ажилладаг ухаалаг ус түгээх 45 цэгүүдийг байгуулж, 24 цаг аюулгүй ундны усаар хангана.
  • 24 контейнэр ашиглан нарны эрчим хүчээр ажилладаг ариун цэврийн байгууламж болон бага оврын бохир ус цэвэрлэх системийг суурилуулна.
  • Орон нутгийн удирдлагатай хамтран аюулгүй ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн мэдлэг мэдээллийг ард иргэдэд түгээнэ
  • Төслийн хүрээнд хийгдэх барилга, суурилуулалтын ажлын 30–50 хувийг орон нутгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Цэвэр технологийг ухаалаг шийдлүүдтэй хослуулсан энэхүү төсөл нь Монгол орны алслагдсан бүс нутгийн айл өрхүүдэд эрүүл, тогтвортой ирээдүйг бүтээхэд хувь нэмэр оруулна.

Нэмэлт мэдээлэл:

Элева сан болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн түншлэлийн тухай:

Элева сан нь өөрийн хүмүүнлэгийн ажлын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сантай урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн бөгөөд тус сангийн хөгжлийн болон хүмүүнлэгийн олон талт хөтөлбөрүүдээр дамжуулан хүүхдүүдийн амьдралд тогтвортой эерэг өөрчлөлтий бий болгож байна.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дах НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: 976-99112652
Цахим шуудангийн хаяг: [email protected]

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Биднийг дагаарай. Twitter, Instagram, LinkedIn and Facebook