Усны хэрэглээнд хувьсгал хийх цаг болсон
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дах Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланы 2023 оны Дэлхийн усны долоо хоногт зориулсан нийтлэл
- English
- Mongolian
Монголчууд усыг “чандмань эрдэнэ” хэмээн дээдэлдэг. Гэвч энэ чандмань эрдэнийн нөөцөд дэлхийн хэмжээнд аюул заналхийлж байгааг бид тоохгүй орхиж болохгүй. Дэлхий нийтэд нүүрлэсэн усны хямрал нь усыг хэрхэн хэрэглэж, хамгаалж, удирдаж буйгаа улс орон, ард иргэд, хувийн хэвшил эргэн харах шаардлагатай болсныг анхааруулж байна.
Чухам энэ сэдвийг Стокгольмын Олон улсын усны хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг Дэлхийн усны долоо хоног, мөн энэ үеэр болдог олон улсын хурал онцолж байгаа юм. Энэ өдрүүдэд болж байгаа Дэлхийн усны долоо хоног "Өөрчлөлтийн үр: усны ухаалаг хэрэглээний төлөөх шинэлэг шийдэл" сэдвийн дор зохион байгуулагдаж, устай холбоотой чухал асуудлуудыг хөндөн хэлэлцэж, шийдлийг ярилцаж байна.
Монгол Улсад ч мөн ус тулгамдсан асуудал болсон. Нийт өрхийн ердөө 30% сайжруулсан ундны ус уудаг, ердөө 56 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламж хэрэглэж байна. Энэ байдал тухайн өрхийн орлого, хаана амьдарч байгаа зэргээс төдийгүй жендэрийн ялгаатай байдлаас хүртэл хамааран доогуур байна. Мөн усыг дахин ашиглах нь бага байна.
Ялангуяа ундны усны чанар Монгол Улсад тулгамдсан асуудал юм. НҮБ-ын Хүүхдийн Сан нь 2022 онд Монголд ундны усны чанарын нарийвчилсан шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлсэн юм. Олон аймгуудын ундны усан дах радон, уран, хар тугалганы агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байв. Мөн улсын хэмжээнд гүний 3582 худагт хийсэн үнэлгээний дүнгээс харахад 38% буюу 1367 нь Ундны усны чанарын үндэсний стандарт MNS 0900:2018 шаардлагыг хангахгүй байна.
Тодруулбал, 4 хувь буюу 151 нь ундны ус болгон ашиглахад тохиромжгүй буюу ашиглаж болохгүй, 34 хувь буюу 1,215 нь усыг зөөлрүүлэх шүүлтүүр суурилуулах, халдваргүйжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж гарсан.
Монголд, ундны усанд хар тугалга, хүнцэл, хром, зэс элбэг байгаа нь санаа зовох асуудал мөн. Эдгээр химийн бодист байнга өртөх нь арьсны өнгө алдагдахаас авхуулаад мэдрэлийн тогтолцоо, эд эрхтэн гэмтэх, цаашлаад хорт хавдар зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудалд хүргэж болно. Ялангуяа хүүхдүүд бага наснаасаа ингэж өртсөнөөр насан туршид нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Монголд ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хангалтгүй байгаа нь голчлон дэд бүтцийн чанар муу байгаатай холбоотой. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цэнгэг усны эх үүсвэр хомсодсон болон цөлжилт нэмэгдсэн явдал, бохирдол, хүн амын алслагдсан байдал, бодлого, төсвийн шийдвэрт нэн тэргүүнд тавих явдал дутмаг зэрэг нь байдалд улам бүр нэрмээс болж байна.
Мөн усны хүртээмж, аюулгүй байдалд уур амьсгалын өөрчлөлт нөлөө үзүүлж байгаа нь илт. Европт болсон урьд өмнө тохиолдож байгаагүй хэт халалт, Азийн орнуудад орсон их хур тунадас, Өмнөд Америкийн улирлын бус хэт халалт, Хойд Америкийн ой хээрийн түймэр зэрэг дэлхий нийтэд сүүлийн үед тохиолдсон цаг агаарын эрс тэс үзэгдлүүд үүнийг бэлхнээ харуулж байна.
Монгол Улсад ч мөн сая тохиосон хүчтэй аадар бороо, үерийн улмаас хүний амь нас хохирч, олон айл өрх хохирол амссан. Ийм урьдчилан таамаглах аргагүй байгалийн гамшигт үзэгдлүүд цаашид улам нэмэгдэнэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс усны системийг бэхжүүлж, хувь хүн, олон нийт, улс орны даван туулах чадварыг нэмэгдүүлэх замаар гамшгийн сөрөг нөлөө, хор хохирлыг бууруулах нь нэн чухал.
Гамшгийн эрсдэлийг даван туулах чадвар бий болгоно гэдэг нь урт хугацааны хөгжлийн ололт амжилтаа алдагдуулахгүйгээр аливаа байгалийн гамшиг, цочрол, онцгой байдалд дасан зохицож, сэргэн босох нийгэм, байгууллага, улс орнуудын чадавхыг нэмэгдүүлэх явдал юм. Ингэхийн тулд:
- Хүмүүнлэгийн болон хөгжлийн салбаруудын хоорондын уялдаа холбоог сайжруулж, онцгой байдлын үеийн авран хамгаалах арга хэмжээнүүдийг ус, ариун цэврийн байгууламжийн системийг бий болгох үйл ажиллагаатай холбох.
- УАЦЭА асуудлыг үндэсний болон орон нутгийн уур амьсгалын бодлого, төлөвлөгөө, төсөвт тусгах.
- Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, ус, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, хүлэмжийн хийг бууруулах, хаягдал ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, бохир усыг дахин ашиглах зэрэг арга хэмжээнүүдийн тусламжтайгаар УАЦЭА системийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээгээр дамжуулан аливаа цочролын үед хөдөө, орон нутгийн иргэдийн даван туулах чадварыг бэхжүүлэх ажлыг хэдийнээ эхлүүлсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан баруун аймгуудад Усны аюулгүй байдлын зөвлөлийг амжилттай байгуулж, орон нутгийн түвшинд усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах нөхцөлийг бүрдүүлсэн. Баталгаат ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд аймгууд НҮБ-ын Хүүхдийн Сангийн болон бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр ус түгээх худгуудыг автоматжуулсан. Мөн эдгээр ухаалаг худгуудын эрүүл ахуйн байдлыг хянах багуудыг ажиллуулж эхэлсэн.
Мөн сургууль, цэцэрлэг, дотуур байранд НҮБ-ын Хүүхдийн Сан уур амьсгалд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, эрс тэс цаг агаарыг жилийн туршид тэсвэрлэх чадвартай ус, ариун цэврийн шинэлэг байгууламжуудыг бий болгоход дэмжлэг үзүүлсэн. Эдгээр байгууламжууд нь аюулгүй, баталгаат ундны ус, эрүүл, аюулгүй бие засах газар, халуун усны газруудыг хүүхдүүдэд хүртээмжтэй болгож өгсөн.
Гэвч цаашид хийх ажил их байна. Дэлхий нийт усны менежментэд хувьсгал хийх ажлыг эхлүүлэх ёстой. Ингэж чадвал усны хямрал, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлээд зогсохгүй тэгш бус байдал, ядуурлыг бууруулах боломжтой болно. Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн хосгүй дэвшил, хамтын ажиллагааны дүнд бид өмнө нь боломжгүй гэж бодож байсан асуудлуудаа шийдэх боломжтой болсон. Үүний тулд бид засаглалаа сайжруулах, тогтолцоогоо эргэн харах, дээрээс нь зан үйлээ өөрчлөх хэрэгтэй байна. Эдгээрийг цогцоор нь шийдэх томоохон инновац шаардлагатай. Энэ өөрчлөлтийн үрийг 2023 оны Дэлхийн усны долоо хоногт тарих болно.
НҮБ-ын Хүүхдийн Сан шийдлийн төлөөх түншлэлийг идэвхтэй эрэлхийлж байна. Бизнес эрхлэгчдэд болон засгийн газруудад хандаж, үр дүн өгөхүйц, цоо шинэ санал санаачилгуудыг дэвшүүлэхийг уриалж байна. Гагцхүү хамтын хүчээр бид усны нөөцөө хамгаалж, 2030 он гэхэд бүх нийтийн усны аюулгүй байдлыг хангах зорилтдоо хүрч чадна.