“Эрчим хүчний шилжилтийн манлайлагч” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ.

Хүүхэд, залуучуудын ногоон ур чадварыг хөгжүүлэх олон улсын санаачилга

28 Нэгдүгээр сар 2025

Улаанбаатар, 2025 оны Нэгдүгээр сарын 28— НҮБ-ын Хүүхдийн Сан нь Green Rising буюу хүүхэд, залуучуудын ногоон ур чадварыг хөгжүүлэх олон улсын санаачилгын хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, БЗД-ийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран “Эрчим хүчний шилжилтийн манлайлагч” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.

Тус хөтөлбөр нь 2024 онд 18-24 насны залуучуудын дунд нээлттэй зарлагдаж 27 залуу манлайлагч сонгогдсон билээ. Төрөл бүрийн салбараас оролцсон манлайлагч залуучууд сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчний талаар онолын болон практикийн цогц ойлголт авч сургагч багш болгон бэлтгэгдсэн юм. Улмаар Нийслэлийн Ерөнхий Боловсролын 10 сургуулийн нийт 650 гаруй сурагчдад сурсан мэдсэнээ хуваалцан хичээл орсон юм. Мөн ШУТИС-ийн мэргэжлийн багш нарын дэмжлэгтэйгээр эдгээр сургуульд нарны эрчим хүчний бичил төсөл хэрэгжүүллээ.

Бичил төслүүдийн заримаас дурдвал нарны эрчим хүч ашиглаж сургуулийн урлагийн заалны дулаалга, сургуулиас дотуур байр хүрэх замын гэрэлтүүлэг, гаднаас орох хаалганы дээрх “халуун хөшиг”, сэргээгдэх эрчим хүчний танин мэдэхүйн булан зэргийг угсарч, байгуулсан байна. Эдгээр төслийн санаануудыг тухайн ЕБС-ийн сурагчдын хэрэгцээг харгалзан хэлэлцүүлэг өрнүүлсний үр дүнд гаргасан юм. Эдгээр төслүүд нь сурагчдад тулгамдаж буй бодит асуудлуудыг технологиор шийдэж, сургуулиудыг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.

Green Rising олон улсын санаачилга нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах үйлдэлд дэлхий даяар 10 сая залуучуудыг уриалах зорилготой. Ингэхдээ биологийн олон янз байдал, ус, хог хаягдал, эрчим хүчний чиглэлээр тодорхой алхмуудыг хийснээр ирээдүйд 100 сая хүүхэд, залуучуудыг идэвхжүүлэхээр зорьж байна. Цаашид тус санаачилгын хэрэгжилтийг Монгол Улсад улам өргөжүүлэхээр НҮБ-ын Хүүхдийн Сангийн баг хамт олон хичээнгүй ажиллаж байна. 

Embedded video follows

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Б. Баясгалан
Хэвлэл мэдээлэл, харилцааны мэргэжилтэн
НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: (976 11) 312217
Цахим шуудангийн хаяг: [email protected]

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Биднийг дагаарай. Twitter, Instagram, LinkedIn and Facebook