Монгол залуучууд нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчирч байна

Залуучуудын санаачилсан төслүүд

НҮБ-ын Хүүхдийн Сан
Young people Mongolia
UNICEF Mongolia
28 Наймдугаар сар 2024

Жил бүрийн 08-р сарын 25-нд тэмдэглэдэг Үндэсний залуучуудын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дархан, Дундговь, Ховд, Булган, Улаанбаатарын залуу манлайлагчдын хэрэгжүүлж буй санаачилгуудыг танилцуулж байна. НҮБ-ын Хүүхдийн Сан нь өсвөр үе, залуучуудыг чадавхжуулах, санаачилгыг нь санхүүжүүлэх замаар нийгмийн өөрчлөлтийг манлайлахад нь дэмжлэг үзүүлж байна. Залуучуудын нөлөөллийн гарын авлагын тусламжтайгаар Залуу сургагч багш нар үе тэнгийнхэндээ нөлөөллийн ажил хийх, төслийн санал боловсруулахад тусалж байна. Ингэхдээ 2023 оны 11-р сараас эхлэн Залуу сургагч багш нарын удирдан явуулсан залуучуудын нөлөөллийн сургалтад улс даяар 200 шахам залуучууд хамрагдаад байна.

Young people
UNICEF Mongolia Participants from Youth Advocacy trainings

Эдгээр сургалтаар дамжуулан залуучууд нөлөөллийн ажлын үйл явцыг ойлгох, төслийнхөө стратегийг боловсруулах, төрөл бүрийн үйл ажиллагаагаар дамжуулан өөрчлөлтийг бий болгоход шаардлагатай мэдээлэл, үнэтэй зөвлөгөө, урам зориг авсан юм. Ингээд сургалтад хамрагдсан залуучууд НҮБ-ын Хүүхдийн Санд өөрсдийн төслийн саналаа ирүүлсэн бөгөөд тэдгээрээс зургаан санаачилга сонгогджээ. 

Нийгмийн өөрчлөлтийг манлайлж буй залуучуудын удирдаж буй санаачилгуудыг танилцуулж байна.

  1. Тамхины ишийг бүү хая (Хог хаягдал/Дархан-Уул) - Дархан аймгийн Хүүхдийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Дархан хотын залуучуудыг чадавхжуулах, тэдний дунд хог түүх аян өрнүүлэх, олон нийтийн анхаарлыг хандуулах замаар хог хаягдлын асуудал, тэр дундаа тамхины ишний хог хаягдлын сэдвийг хөндөж байгаа юм.

    Хүүхэд залуус үе тэнгийнхэндээ зориулсан контент бүтээж, сургалт зохион байгуулан хог хаягдлын хор уршигийн тухай мэдээлэл хүргэж байна. 

  2. Tmull (Боловсрол/Улаанбаатар) - Tmull.mn вэб сайт нь залуучуудын хэлний бэрхшээл, гарал үүслээс үл хамааран боловсролын тухай мэдээллийг хүн бүрт үнэ төлбөргүй, хүртээмжтэй олгох зорилготой. Сүхбаатар дүүргийн Хүүхдийн зөвлөл нь олон нийтийн сүлжээ, цахим хуудсаар дамжуулан 250,000 хүнд, хотын захын ерөнхий боловсролын сургуулиудад танхимын сургалт хийх замаар 500 гаруй залуучуудад биечлэн хүрч, боловсрол, сайн дурын ажил хийх боломжуудтай холбоотой мэдээллийг түгээхээр ажиллаж байна. Төслийн баг нь 6-р сарын 23-нд 100 гаруй залуучуудыг оролцуулсан арга хэмжээгээр цахим хуудсаа албан ёсоор нээсэн юм.
  3. STAR trainers (Ур чадвар/Дундговь) - Дундговь аймгийн Хүүхдийн зөвлөлийн ахлах сургуулийн баг бусад ахлах ангийн сурагчдыг шинэ ур чадвартай болох, бодит амьдрал дээр туршлага хуримтлуулах боломжийг олгох зорилгоор орон нутгийн байгууллагад дадлага хийхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой төслийг санаачлав. Энэхүү санаачилгаар дамжуулан 10 сурагчийг аймгийнхаа 10 байгууллагатай холбож зуны 10 хоногийн дадлага хийлгүүлж байна.
  4. Зөв хооллолт бол амьдралын үндэс (Шим тэжээл/Ховд) - Ховд аймгийн Хүүхдийн зөвлөлийн гишүүн, Ховд аймгийн Мөст сумын сурагчид сумыхаа иргэд, сурагчдад зөв хооллолтын талаар сургалт орох замаар орон нутгийн хоол тэжээлийн дадлыг сайжруулах зорилготой. Мөн эрүүл хооллолтын талаар "Reels” хийх уралдааныг зохион байгуулж, аймгийнхаа залуучуудыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан татан оролцуулна.
  5. Axis (Байгаль орчин/Булган) - Монголын Скаутын Холбооны залуучууд модны арчилгаа, зөв тарих техникийн талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээж, Япон улсын скаутуудтай хамтран Булган аймгийн залуучуудыг мод тарих ажилд татан оролцуулж байна.
  6. Period UB (Сарын тэмдгийн эрүүл ахуй/Улаанбаатар) - НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны гишүүд сарын тэмдгийн ариун цэврийн хэрэглэлийн хангамжийг илүү хүртээмжтэй болгоход нөлөөлөх зорилгоор сошиал медиаг ашиглаж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын захын сургуулиудад очиж сургалт зохион байгуулж, ариун цэврийн хэрэглэлээр дүүргэсэн эрүүл ахуйн хайрцаг тараах юм. Сургуулийн захиргаа, клубүүдтэй санамж бичиг байгуулж, эрүүл ахуйн хайрцагны нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл авч, олон нийтэд сарын тэмдгийн эрүүл ахуйн талаар мэдээлэл түгээх замаар төслийн тогтвортой байдлыг хангах болно.