Дархадын хотгорын залуу манлайлагчид
Хүүхэд, Залуучуудын нөлөөллийн сургалт
- English
- Mongolian
Монгол хүн бүрийн бахархал болсон байгалийн үзэсгэлэнт газар Дархадын цэнхэр хотгор 10-р сарын сүүл гэхэд бүхэлдээ цасанд хучигдаж, хүйт оржээ. “Энэ чинь халуун намар шүү дээ” гэж нутгийн хүмүүс инээлдэнэ. Өвөлдөө -50°C хүрдэг газар арга ч үгүй биз.
Дархадын хотгор бол Хорьдол Сарьдгийн нуруу Улаан тайгын уулсын хооронд орших Шишгэд голын сав газар, түүнд цутгасан олон жижиг гол горхи, эргэн тойрон өндөр уулсаар хүрээлэгдсэн тал хөндийг хэлнэ.
Чухам энэ хязгаар нутгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Нуур сумын 50 хүүхдийг оролцуулсан “Залуучуудын нөлөөллийн ажил” сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сан, Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Монголын Хүүхдийн Зөвлөл хамтран Рэнчинлхүмбэ суманд зохион байгууллаа. Сургалтаар хүүхэд, залуучууд өөрсдийн орон нутагт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, үзэл бодлоо илэрхийлэх, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд бодит өөрчлөлт авчрах нөлөөллийн кампанит ажлыг хэрхэн төлөвлөн хэрэгжүүлэх арга барилд суралцав.
Сургалтыг Монголын Хүүхдийн Зөвлөлийн сургагч багш хүүхдүүд удирдан явуулж, НҮБ-ын Хүүхдийн Сангаас эрхлэн гаргасан “Хүүхэд залуучуудын нөлөөллийн ажлын гарын авлага”-ын дагуу хичээлээ явуулж байна.
Ичимхий байдлаас өөртөө итгэх итгэл рүү
Тэдний дунд гар бөмбөг, үндэсний бүжигт дуртай 11-р ангийн сурагч, 16 настай М.Шинэсаран байлаа. “Би их ичимхий. Тиймээс энэ сургалтаар илүү нээлттэй болж, олон найзтай болохыг хүссэн. Аль хэдийн найзуудтай болж байна” хэмээн тэр инээмсэглэн ярив.
Гэхдээ Шинэсарангийн зорилго зөвхөн найз нөхөд биш. “Манай сургуулийн шинэ байр хурдан дуусаж гоё шинэ байрандаа орох юмсан гэж боддог. Барилгын ажил нь намайг 5-р ангид байхад л эхэлсэн ч одоог хүртэл дуусаагүй. Төгсөхөөсөө өмнө шинэ сургуульдаа орж үзэх юмсан гэж боддог” гэж тэр хэлэв. “Бас манай Рэнчинлхүмбэ суманд цанын бааз байдаг бол бүр гоё. Олон хүүхэд цанаар гулгах дуртай!”
Хүүхдүүд өөрсдөд нь чухал асуудлыг гаргаж ирж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх нь нөлөөллийн ажлын эхлэл гэдгийг сургалтад оролцож байгаа хүүхдүүд ойлгож мэдэж авч байна.
“Дулаан заалтай болохыг хүсч байна”
Цагаан-Нуур сумын 15 настай сурагч У.Мөнх-Оргил дулаан биеийн тамирын заалтай болохыг мөрөөддөг. “Би гар бөмбөг тоглох дуртай. Гэхдээ өвөл манай заал хэтэрхий хүйтэн байдаг. Модоор галладаг биш тогтмол халаалтын системтэй болоосой гэж хүсдэг” гэж тэр ярив.
Тэр мөн дотуур байрны нөхцөлийг сайжруулж, жилийн турш ажилладаг ус, ариун цэврийн байгууламжтай болохыг хүсдэг тухайгаа оролцогчидтой хуваалцлаа. Мөнх-Оргилын хувьд нөлөөллийн ажил гэдэг нь сурагчдын өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг энгийн боловч чухал хэрэгцээг тодорхой, итгэлтэй илэрхийлж сурах нь өөрчлөлтийн эхний алхам гэж ярилаа.
Улаан-Уул сумаас ирсэн 17 настай М.Мөнгөнцэцэгийн хувьд сургалт жинхэнэ өөрчлөлт авчирчээ. “Томчууд биднийг хэзээ ч нухацтай сонсдоггүй” гэж тэр хэлэв. “Биднийг хүүхэд гэж л хардаг. Энэ сургалтаар бидэнд томчуудад санаа бодлоо хэрхэн ойлгуулах, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх ур чадвар, арга барил зааж өгч байгаад баяртай байна.”
Залуучуудын нөлөөллийн гарын авлагыг 2018 онд Африк тивийн Кот-д’Ивуар, Кени, Мозамбик, Уганда улсад зохион байгуулсан сургалт, хэлэлцүүлгээр дамжуулан хүүхэд залуучууд өөрсдөө боловсруулсан бөгөөд тэдний бодит туршлага, хэрэгцээг тусгасан юм.
Энэхүү гарын авлага нь үе тэнгийнхэн бие биеэ сургаж, дэмжих зарчимд тулгуурладаг. “Хүүхдүүд өөрсдөө хэлэлцүүлгийг удирдах үед хүн бүр санаагаа чөлөөтэй хуваалцах аюулгүй орчин бүрддэг” гэж нэг сургагч хэлэв.
Сургалтаас үйлдэл рүү
НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Залуучуудын нөлөөллийн гарын авлагаар” улсын хэмжээнд 700 гаруй хүүхэд сургагдаад байна. Тэдний олонх нь санаагаа аль хэдийн олон нийтийн төсөл болгон хэрэгжүүлж эхэлжээ.
Тухайлбал, Ховд аймгийн Мөст сумын 16 настай Б.Халиун охин сургалтад хамрагдсаны дараа найзтайгаа хамт “Эрүүл хооллолт бол амьдралын үндэс” төслийг орон нутагтаа хэрэгжүүлжээ. Тэд сургалт, кампанит ажлаар дамжуулан 2,000 гаруй хүнд хүрсэн нь сумын хүн амын талаас илүү хувь юм.
“Өмнө нь олон хүүхэд өглөөний цайгаа алгасдаг эсвэл зөвхөн бэлэн гоймон иддэг байсан. Одоо дэлгүүрүүд илүү эрүүл сонголт худалдаалж, гэрийн хоолондоо анхаардаг болсон” гэж Халиун хэлэв.
Түүний амжилт нь хүүхэд, залуучуудын санаачилсан орон нутгийн төслүүд нөлөөллийн ур чадвартай хослоход бодит үр дүнд хүрдгийг харуулж байна.
Дуу хоолойг чадавхжуулж, өөрчлөлтөд урам өгөх нь
Рэнчинлхүмбэд болсон сургалтын төгсгөлд шинэ нөхөрлөлүүд бий болж, дуулж, бүжиглэж, инээд хөөрөөр дүүрэн байлаа. Хүүхдүүд түүхээ хуваалцаж, орон нутгийн удирдлагуудад нөлөөллийн ажил хийх санаагаа танилцуулсан юм. Зарим нь суралцах орчныг сайжруулахыг, зарим нь цэвэр дотуур байр, аюулгүй зам, хүүхэд хөгжлийн төв, илүү олон соёлын үйл ажиллагаа хэрэгтэй байгаа тухайгаа ярьсан.
Бидний дуу хоолой, үзэл бодол үнэ цэнтэй гэдгийг хүүхдүүд сайн ойлгож авсан нь тэднийг нэгтгэж байлаа.
Дархадын хотгорт цас бударч эхлэхэд Шинэсаран шинэ найзуудтайгаа хамт “Нэг өдөр манай шинэ сургуулийн барилга дууссаныг хараад, бид үүнд хувь нэмэр оруулсан гэдгээ мэдэрнэ гэж найдаж байна” гэв.
НҮБ-ын Хүүхдийн Сан орон нутгийн засаг захиргаа, Монголын Хүүхдийн Зөвлөлтэй хамтран ажилласнаар эдгээр хүүхэд залуучууд зөвхөн манлайлалд суралцаад зогсохгүй түүнийг бодитоор хэрэгжүүлж байна.
Монголын аль ч өнцөг буланд хүүхдүүд дуу хоолойгоо хүргэхэд шийдвэр гаргагчид, олон нийт сонсож, өөрчлөлт эхэлдгийг энэ сургалт батлан харууллаа.