Дэлхий дээр таван хүүхэд тутмын нэг нь өдөр бүр усны хэрэгцээгээ хангаж чадахгүй байна

Дэлхий нийтээр усны хомсдол, гачигдалтай нутаг орны хүүхдүүдэд туслах, нөөцийг дайчлах зорилготой “Бүх нийтийн усны аюулгүй байдал” хэмээх санаачилгыг НҮБ-ын Хүүхдийн Сан эхлүүлж байна.

19 Гуравдугаар сар 2021
One in five children globally does not have enough water to meet their everyday needs
© UNICEF/UNI134460/Sokol
A woman herder, sits next to containers filled with water she has just fetched from a nearby river. Khovsgol, Mongolia.

Нью Йорк, 2021 оны 3 дугаар сарын 18 – НҮБ-ын Хүүхдийн Сангийн судалгаагаар дэлхий даяар  1.42 тэрбум хүн, тэр дундаа 450 сая хүүхэд, усны өндөр буюу маш өндөр эрсдэлтэй нутаг оронд  амьдарч байна. Энэ нь таван хүүхэд тутмын нэг нь өдөр тутам усны гачигдалтай, усны хэрэгцээгээ хангаж чадахгүй байгааг  харуулж байна.

Бүх нийтийн усны аюулгүй байдал” санаачилгын хүрээнд хийсэн дээрх судалгаанд усны нөөцийн хомсдол нь ус түгээх үйлчилгээний  доройтолтой давхцаж, хамт байгаа улс орныг тодорхойлсон. Эдгээр улс орнуудын оршин суугчид гадаргуйн ус, сайжруулаагүй усыг  хэрэглэж, ус авахад 30 минутаас илүү хугацааг зарцуулж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Гүйцэтгэх захирал Хенриетта Фор: "Дэлхий нийтэд  усны хямрал нүүрлэж,аюул нэн ойр байгаа төдийгүй  уур амьсгалын өөрчлөлт нь үүнийг улам дордуулна. Хүүхдүүд хамгийн ихээр хохирч байна. Худаг ширгэхэд хүүхдүүд усаа авахын тулд сургуулиа таслах болдог. Ган гачиг, хуурайшилтын  уршгаар хүнс хомсдоход хүүхдүүд хоол тэжээлийн дутал, тураалд ордог. Үер болоход хүүхдүүд усаар дамжих өвчнөөр өвчилдөг. Усны нөөц багасахад хүүхдүүд гараа угааж өвчнөөс өөрсдийгээ хамгаалах боломжгүй болдог” гэдгийг тэмдэглэн хэлжээ. 

Тоо баримтаас үзвэл,  80 гаруй улс орны хүүхдүүд усны өндөр буюу маш өндөр эрсдэлтэй орон нутагт  амьдарч байна. Эдгээр орон нутагт амьдарч буй хүүхдийн тоо Зүүн ба Өмнөд Африкд хамгийн их байгаа бөгөөд нийт хүүхдийн талаас илүү  буюу 58 хувь нь өдөр тутам усаар гачигдаж, усны хэрэгцээгээ хангаж чадахгүй байна.  Усны хомсдолтой улс орнуудын жагсаалтыг Баруун ба Төв Африк (31 хувь ), Өмнөд Ази (25 хувь) ба Ойрхи Дорнод (23 хувь ) тэргүүлж байна.   Зүүн Азид усны өндөр ба маш өндөр эрсдэлтэй нутаг оронд  хамгийн  олон буюу  155 сая гаруй хүүхэд амьдарч байна.

Усны хомсдолын асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхэд дэлхий нийтийн нөөц, дэмжлэг нэн  шаардлагатай (‘hotspot’)  37  улс байгаа бөгөөд эдгээр улсад уснаас үүдэлтэй гамшигт өртсөн хүүхдийн тоо, эзлэх хувийн жин хамгийн өндөр байна. Эдгээр улсуудад Афганистан, Буркина Фасо, Этиоп, Гаити, Кени, Нигер, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Судан, Танзани, Йемен зэрэг  багтаж байна.

Усны нөөц багасахын зэрэгцээ  эрэлт улам бүр нэмэгдсээр байна. Хүн амын хурдацтай өсөлт, хотжилт, усны зохисгүй хэрэглээ ба зохицуулалт, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн онцгой үзэгдлүүд нь аюулгүй усны хэмжээ, нөөцийг бууруулж  усны хомсдолд нөлөөлж байна.  НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2017 оны тайланд дурдснаар, 2040 он гэхэд ойролцоогоор  4 хүүхэд тутмын 1 нь усны хомсдолтой орон нутагт амьдрах болно гэжээ.

Усны хомсдол нь хүн бүрт нөлөөлөх боловч хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүндээр тусдаг. Ядуу буурай, эмзэг  нутаг оронд  амьдарч буй хүүхэд болон тэдний гэр бүлд нэг талаас усны хомсдол, нөгөө талаас усны хангалтгүй үйлчилгээ нүүрлэж усны хүртээмжийг байгаль цаг уурын цочрол, гэнэтийн гамшигт илүү өртөмтгий болгож байна.

Үүссэн нөхцөл байдлын хариуд НҮБ-ын Хүүхдийн Сан “Бүх нийтийн усны аюулгүй байдал” санаачилгыг эхлүүлж, хүүхэд бүрийг тогтвортой, байгалийн гамшигт үзэгдэлд тэсвэртэй усны үйлчилгээгээр хангахыг зорьж байна. Энэхүү санаачилга нь аюулгүй, тэсвэртэй,  тогтвортой ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээ хамгийн их шаардлагатай байгаа нутаг оронд чиглэсэн  хөрөнгө нөөцийг дайчлах, түншлэлийг бэхжүүлэх, инновацийг нэвтрүүлэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах юм

НҮБ-ын Хүүхдийн Сан дараах чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Аюулгүй, хямд төсөр ундны усны үйлчилгээ: Тогтвортой, гэрт ойрхон, мэргэжлийн улирдлага бүхий аюулгүй, хямд төсөр ундны  усны үйлчилгээний хүртээмж.  
  1. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй усан хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээ ба орон нутаг: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, бага нүүрстөрөгч ашигладаг эрчим хүчний эх үүсвэрээр ажилладаг, орон нутгийн иргэдийн амьдрахуй,   дасан зохицох чадварыг дэмжсэн усан хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээ.
  1. Усны хомсдлоос эрт үеэд урьдчилан сэргийлэх: Нөөцийн үнэлгээ, усны тогтвортой ашиглалт, зохистой хэрэглээ, мэдээллийн эрт сэрэмжлүүлэг, урьдчилан сэргийлэх эрт арга хэмжээ.  
  2. Энх тайван, тогтвортой байдлын төлөөх усны хамтын ажиллагаа: Нийгмийн нягтрал, улс төрийн тогтвортой байдал, энх тайвныг дэмжсэн усны нөөц, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үйлчилгээний эрх тэгш удирдлагыг орон нутгийн иргэд, оролцогч талуудын оролцоотой бий болгох, мөргөлдөөнтөй нутаг оронд  усан хангамж,  ариун цэврийн байгууламж болон тэдгээрийн ажилтнуудад халдах явдлаас сэргийлэх.    

“Бид усны хямралыг даван туулах, доройтохоос сэргийлэхийн тулд яг одоо арга хэмжээ авах хэрэгтэй” гэж Фор хэлсэн. “Инновацийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар бид хүүхэд бүрийн усны аюулгүй байдлыг хангах бөгөөд үйлчилгээг тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгох  нь чухал. Үүнийг бид хүүхдүүд, эх дэлхийнхээ төлөө хийх ёстой" гэж Фор хэлэв.

 

#####

 

Редакторуудад зориулсан тэмдэглэл

* ‘Хотспот’ (‘hotspot’) хэмээн тодорхойлогдож байгаа орнууд нь дараах

шалгуурт тохирно. Үүнд: усны эмзэг\эрсдэлтэй газруудад хамгийн багаар хүүхдийн 60% нь амьдарч байгаа; усны өндөр эрсдэлтэй газар нутагт хамгийн багаар хүүхдийн 40% нь амьдарч байгаа; усны өндөр ба маш өндөр эрсдэлтэй газар нутагт хамгийн багаар хүүхдийн 40% нь амьдарч байгаа; усны өндөр ба маш өндөр эрсдэлтэй газруудад хамгийн багаар 2 сая хүүхэд амьдарч байна.  Дээрх шалгуурыг ашигласнаар цөөн хүн амтай  улс орнуудад амьдарч буй эзлэх хувиар  өндөр орнуудын хүүхдүүдийг орхигдуулахгүй байх давуу талтай.  

Усны гачигдал буюу хомсдол: Усны эрэлт хэрэгцээ нь хангамжаасаа давж усны нөөц нь тогтвортой ашиглах хязгаар луу ойртсон буюу хэтэрсэн тохиолдолд усны хомсдол үүсдэг. Усны хомсдол нь биет эсвэл эдийн засгийн хэлбэртэй байдаг.  

Усны хямрал: Усны хямрал нь усны хомсдлоос үүдэлтэй бөгөөд усны чанар болон хүртээмжтэй холбоотойгоор бий болдог. Усны хямрал нь усны төлөөх маргаан, газрын гүнээс хэт ихээр ус гаргах, эрүүл мэндийн доройтол, өвчин эмгэгтэй холбоотой ойлголт. 

Усны хэт эмзэг байдал: Усны хэт эмзэг байдал нь усны хэт их хомсдол хэт доогуур үйлчилгээтэй хосолж хүн амд (гадаргуйн ус, сайжруулаагүй эсвэл хязгаарлагдмал усны үйлчилгээ) нөлөөлснөөр бий болдог.

Усны аюулгүй байдал: Хүн амын амьжиргаа, сайн сайхан байдал, нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих хангалттай хэмжээ, зөвшөөрөгдөхүйц чанартай усаар хангаж, усаар дамжих өвчлөл, устай холбоотой гамшгаас хамгаалах, экосистемыг энх тайван, улс төрийн тогтвортой орчинд хадгалах чадавхийг хэлнэ. Дээрх хэрэгцээнүүдийн аль нэг эсвэл бүгд хангагдахгүй тохиолдолд усны аюулгүй байдал алдагдана.

 

Нэмэлт мэдээллийг доорх хаягаар авна уу: 

Сара Альхатаб (Sara Alhattab), НҮБ-ын Хүүхдийн Сан Нью Йорк, Утас: +1 917 957-6536, salhattab@unicef.org

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: (976) 11 312217 2203
Утасны дугаар: (976) 99112652
Цахим шуудангийн хаяг: adavaa@unicef.org

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Биднийг дагаарай. Twitter, Instagram, LinkedIn and Facebook