ТЭСО, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран хүүхдийг цахим орчны эрсдлээс хамгаална

“Хүүхдийг цахим орчинд хамгаалъя” төсөл

27 Тавдугаар сар 2025
photo
НҮБ-ын Хүүхдийн Сан/2025/Б.Баясгалан

ТЭСО групп болон НҮБ-ын Хүүхдийн Сан “Хүүхдийг цахим орчинд хамгаалъя” төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улсын нийт 880 гаруй сургуульд хэрэгжүүлэх уг төслийн 350 сая төгрөгийн санхүүжилтийг ТЭСО группээс нийгмийн хариуцлагын хүрээнд гаргаж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд цахим орчны бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт нэмэгдэж, ноцтой шинжтэй болж байгааг харгалзан үзэж, НҮБ-ын Хүүхдийн Сан эдгээр хүчирхийллийн хэлбэрүүдтэй тэмцэхийг бодлогын болон хөтөлбөрийн гол чиглэл болгон ажиллаж байна.

Хүүхдийн цахим орчны хэрэглээ өсөхийн хэрээр багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад энэ талын мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага мөн давхар бий болсон. Судалгаанаас харахад багш, сурган хүмүүжүүлэгч нарын 33% нь тусгайлсан хөтөлбөр байхгүй улмаас цахим орчинд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн хүүхдэд зөвлөгөө өгөх чадваргүй гэж өөрсдийгөө дүгнэсэн байна.

Эцэг, эхчүүдийн 91% нь өөрийн хүүхдээ цахим орчны халдлагад өртөж байгаагүй гэж боддог. Гэтэл хүүхдүүдийн 87% нь цахим орчны халдлагад өртөж байсан. Цахим дарамтад өртсөн хүүхдүүдийн нь 59% нь эцэг, эхдээ хэлдэггүй. Хүүхэд эрсдэлтэй нүүр тулж байгаагаа эцэг эхдээ хэлэхгүй, эцэг эх нь энэ талаар мэдэхгүй байна гэдэг нь цахим халдлагаас үүдэн гарах сөрөг нөлөөг улам ихэсгэж, гүнзгийрэх нөхцөл болж байна.

“Хүүхдийг цахим орчинд хамгаалъя” төслийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас Харилцаа холбооны зохицуулах хороо болон Боловсролын ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, хүүхдүүдийг цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, нийгмийн ажилтан, багш нар, эцэг эх асран хамгаалагч нар хүүхдийг цахим эрсдлээс хамгаалахад бэлтгэгдэхэд хамтран ажиллана.

Төслийн хүрээнд насны онцлогт тохирсон, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан зорилтот видео хичээлүүдийг бэлтгэж хүргэх бөгөөд эдгээр нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн олон улсын туршлага болон багш, нийгмийн ажилтнуудын оролцоотойгоор боловсруулагдан, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 887 сургуульд хэрэгжих юм. Видео хичээлүүд нь бүх сурагчдад заавал судлах агуулга болохоос гадна сургуулийн ажилтан, эцэг эхчүүдийг ч мөн сургахад ашиглагдана.

“Хүүхдийг хамгаалах нь нийгмийн бүх салбарын хамтын үүрэг үздэг. ТЭСО групп шиг хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд бодит хөрөнгө оруулалт хийж байгаа нь үлгэр жишээ болохуйц хамтын ажиллагаа болж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристэ Коуасси-Комлан онцлов.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дах НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: 976-99112652
Цахим шуудангийн хаяг: [email protected]

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Биднийг дагаарай. Twitter, Instagram, LinkedIn and Facebook