НҮБ-ын Хүүхдийн Сангаас зудад өртсөн орон нутгийн хүүхдүүдэд туслахыг уриалж байна

НҮБ-ын Хүүхдийн Сангаас зудад өртсөн орон нутгийн хүүхдүүдэд туслахыг уриалж байна

01 Хоёрдугаар сар 2023
UNICEF Mongolia team visits remote western part of Mongolia
UNICEF Mongolia

НҮБ-ын Хүүхдийн Сангийн баг цас, зудын байдалтай байгаа Увс, Ховд аймгийн Давст, Түргэн, Алтай, Үенч, Булган сумдад ажиллаж нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь тодорхой дэмжлэг үзүүллээ.

Аймаг, орон нутгийн захиргаа, малчид хамтран өвөлжилтийн бэлтгэл хангасан хэдий ч энэ өвөл урьд жилүүдээс илүү хүйтэрсэн, олон удаагийн орсон цасны зузаан 15 см-ээс 1 метрт хүрсэн, зун ногооны гарц муу, гантай байсантай холбоотойгоор өвөлжилт хүндрэхэд нөлөөлж, малын зүй бус хорогдол гарч эхэлсэн  болохыг малчид ярьж байна.

Орон нутгийнхан бүхий л нөөц бололцоогоо ашиглан малчин өрхүүдэд тусалж байгаа хэдий ч малчдад эрүүл мэнд болон нийгмийн суурь тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд машин техник, бензин түлш, болон эм, өвс тэжээл зайлшгүй хэрэгтэй байна.

Ялангуяа малчдын хүүхдүүдэд дулаан гутал хувцас, малчин өрхөд эм, витамин, хоол хүнс болон малын өвс  тэжээл авах хэрэгцээтэй байгаагаас гадна зам цасанд хаагдсанаас  алслагдсан нутгийн сурагчид сургуульдаа ирж чадахгүй улмаар хичээл, цэцэрлэгээсээ завсардах эрсдэлтэй байна. НҮБ-ын Хүүхдийн Сангийн хүрч ажилласан Увс, Ховд аймгийн зудын байдалтай байгаа дээрх 5 суманд л гэхэд 2-р сарын 1-д эхлэх хичээлээсээ завсардах эрсдэлтэй сургуулийн насны 2200 гаруй хүүхэд байна. 

“Аливаа байгалийн гамшиг, онцгой байдлын үед хүүхэд, жирэмсэн эхчүүд хамгийн ихээр нөлөөг нь мэдэрдэг, эмзэг байдаг. Тиймээс бид тэдэнд нэн тэргүүнд тусламж үзүүлэх ёстой. Эрт тусламж үзүүлэх тусам урт хугацааны сөрөг нөлөөнөөс төдий чинээ хамгаалж чадна. Бид цаг алдах ёсгүй” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэв.

Иймээс НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтрагч байгууллагууд болон иргэд олон нийтийг зудад өртсөн айл өрх, хүүхдүүдэд хамтдаа туслалцаа үзүүлэхийг уриалав.

UNICEF Mongolia

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: (976) 11 312217 2203
Цахим шуудангийн хаяг: adavaa@unicef.org

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Биднийг дагаарай. Twitter, Instagram, LinkedIn and Facebook