Хүүхэд бүрд хүүхдийн мөнгө

Монгол дахь Хүүхдийн мөнгө хөтөлбөр

UNICEF Mongolia
19 Арван хоёрдугаар сар 2023

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар нь Монгол улсад нийтээр хамруулах Хүүхдийн мөнгө хөтөлбөр (ХМХ)-ийг сэргээхэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг тэргүүлж ажилласан билээ.

Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн түүх (ХМХ)

Монгол улс анх 2005 онд ХМХ-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнээс хойш хэд хэдэн удаагийн бодлогын өөрчлөлт орж, зөвхөн зорилтот бүлгийг хамруулдаг байсан бол бүх нийтээр хамруулдаг болж өөрчлөгдөн, Ази тивдээ үлгэр жишээ, дэвшилтэт хөтөлбөр болгож чадсан.

Цар тахлын үед Засгийн газар хүүхдийн мөнгийг 5 дахин буюу 20 000 төгрөгөөс 100 000 төгрөг (тухайн үеийн ханшаар тооцвол 35,5 ам.доллартай тэнцэх хэмжээний) болгон нэмэгдүүлж, бүх хүүхдийг 100% хамруулах түүхэн шийдвэр гаргаснаар өсөх төлөвтэй байсан ядуурлын түвшинг бууруулж чадсан юм. Өнгөрсөн саруудад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, НҮБ-ын агентлагуудаас явуулсан төрөл бүрийн судалгаанаас үзвэл ХМХ нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн эерэг нөлөө үзүүлж, үндсэн хэрэгцээгээ ханган, хүнсний аюулгүй байдлаа шийдвэрлэхэд гэр бүлүүдэд тусалж байна.

Цар тахлын үед хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх шийдвэр нь Засгийн газартай хамтран НҮБ-ын Хүүхдийн Сан 2019 онд Монгол улсын цөөн хэдэн аймагт амжилттай хэрэгжүүлсэн туршилтын хөтөлбөрөөс үүдэлтэй юм. Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын хөтөлбөр гэгддэг энэхүү хөтөлбөр нь зуд болон бусад гамшиг гэх мэт уур амьсгалын шалтгаант цочролын үед өмнө нь хэрэгжиж байсан ХМХ-өөр дамжуулан хүүхдүүдэд мөнгөн тусламж үзүүлэх зориулалттай байсан.

Хүүхэдтэй айл өрхүүдийн 98 хувьд хүрч үйлчилж буй ХМХ-ийн хэрэгжилтийн тогтолцооны ачаар Засгийн газар айл өрхүүдэд хамгийн үр дүнтэй арга хэлбэрээр мөнгөн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх боломжтой болсон юм. Энэ нь нийт өрхийн 80 орчим хувийг хүнсний хэрэглээгээ танах, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд зарцуулах зардлыг бууруулах, нэмэлт зээл авах зэрэг хямралыг даван туулах сөрөг стратеги ашиглахаас урьдчилан сэргийлсэн.

Зорилтот бүлгийг сонгон хамруулах арга хэлбэрийг дахин хэрэглэв

2023 оны эхээр төсвийн хүндрэлээс шалтгаалж Засгийн газар хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 91 хувьд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд ХМХ-ийн сар бүр олгох хэмжээг 100 000 төгрөг хэвээр үлдээсэн. Хэрэгжүүлж эхлээд хагас жил болоход олон хүүхдийг төрөл бүрийн шалтгаанаар хассан болох нь тогтоогдсон.

2023 оны 6-р сард НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол улсад хүний эрхийг хангахын төлөө ажилладаг бүх байгууллагуудад хандаж, зорилтот бүлгийг сонгон хамруулах арга барил нь өрхийн бүртгэлийг буруу хийснээс болон шалгуур хангахгүй хүмүүсийг шигшиж гаргаагүйгээс болж хөтөлбөрт хамрагдах ёстой хүүхдүүдийг хэрхэн орхигдуулж байгааг баттай судалгаа, шинжилгээ дээр үндэслэн тайлбарласан.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн нөлөөллийн тууштай хүчин чармайлтын улмаас 2023 оны 7-р сард Засгийн газар зорилтот бүлгийг сонгон хамруулах аргыг хэрэглэх тухай шийдвэрээ цуцалж, ХМХ-т эргээд бүх хүүхдийг нийтээр хамруулж эхэлсэн юм.

Эцсийн шийдвэр

Монгол улсын Засгийн газраас гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэрийг эцэг эх, асран хамгаалагч нар болон НҮБ-ын Хүүхдийн Сан зэрэг хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд ихэд талархан хүлээн авсан. Нийтээр хамруулах хүүхдийн мөнгөн тэтгэмж нь хүүхдийн нийгмийн хамгааллыг хангах эрхэд суурилсан арга хандлага бөгөөд хүүхдийн эсрэг ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлдэг тул НҮБ-ын Хүүхдийн Сан дэлхий дахинаа болон бүс нутгийн түвшинд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хувилбарыг дэмждэг.

“Энэ шийдвэр Монгол улсын хүүхдүүдийн хувьд энэ оны хамгийн сайхан шийдвэр боллоо. Хүүхдийн мөнгийг эргээд бүх хүүхдэд олгох нь эрхэд суурилсан арга хандлага учраас энэ нь зөв шийдвэр юм” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Яагаад бүх хүүхдэд нийтээр олгоно гэж?

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд жигд олгох нь тэгш эрх болон үл ялгаварлан гадуурхах зарчмыг хангадаг. Энэ нь хүүхдийн нэр төрийг хүндэтгэж, тэднийг гутаан доромжлох явдлаас зайлсхийх, эрхэд суурилсан нийгмийн хамгааллын арга хэмжээ юм.

Хүүхэдтэй өрхүүдэд чиглэсэн тогтмол, сар тутмын орлого нь тэдэнд орлогын баталгаа болж хэрэглээгээ төлөвлөх боломжийг бий болгодог. Мөн бэлэн мөнгө нь өрхүүдэд хэрэгцээт зүйлсээ худалдаж авах боломжийг олгодог.

Өрхүүдэд мөнгөн тэтгэмж олгосноор эдийн засгийг идэвхжүүлдэг. Судалгаанаас харахад өрхөд шилжүүлсэн нэг доллар бүр эдийн засагт 1.3-2.5 долларын өгөөж авчирдаг байна.

Нийтээр хамруулах хүүхдийн мөнгөн тэтгэмж нь ядуурлыг бууруулах үр дүнтэй арга юм. Монгол улсын хувьд ядуурлыг бууруулахад ХМХ чухал үүрэг гүйцэтгэдэг. АХБ-ны хийсэн симуляцийн дагуу КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээ болгож Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ижил хэмжээний зардалтай бусад арга хэмжээнүүдтэй харьцуулахад КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлсэн ХМХ-ийн нэмэгдэл нь ядуурал, тэгш бус байдалд хамгийн их үр дүн үзүүлсэн байна.

ХМХ-т нийтээр хамруулах болон мөнгөн тэтгэмж өгөх нь ард иргэдийн халамжаас хараат байдал, залхуурлыг нэмэгдүүлж, цалинтай ажил хөдөлмөр эрхлэх явдлыг бууруулж, ядуурлыг бууруулахад гарсан ахиц дэвшлийг ухрааж байна гэх асуудлуудыг нотлох бэлэн баримт нотолгоо алга байна.

Хүүхдийн мөнгийг архи, тамхи худалдан авахад ашигладаг гэх яриа ч баримтаар нотлогдохгүй байна. Олон улсын судалгаа, шинжилгээг харвал хүнсний зарцуулалтын 1-2 хувийг архи, тамхи эзэлж байна. ХНХЯ болон НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран явуулсан судалгаанаас харвал КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлсэн ХМХ-ийн нэмэгдлийн 0.2%-ийг согтууруулах ундаа худалдан авахад зарцуулсан байна.

Хүүхдүүд сайн сургууль, эрүүл мэндийн үйлчилгээ болон бусад дэмжлэг үйлчилгээнд хамрагдах боломжтой байх нь тэдэнд мөнгөн тэтгэмж өгснөөр гарах эерэг үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Монгол дахь ХМХ-ийг цаашид бэхжүүлэх нь

ХМХ-ийг ehalamj платформ гэх нийгмийн хамгааллын тогтолцооны мэдээллийн нэгдсэн санд нэгтгэснээр бүртгэлийн үйл ажиллагаа болон төлбөрийн систем эрс сайжирсан. Энэхүү платформыг вэб болон ухаалаг утасны аппликейшнээр дамжуулан ашиглах боломжтой болсон нь хөтөлбөрт хамрагдагчдын хандалтыг хөнгөвчилж, ялангуяа алслагдсан бүс нутагт амьдардаг малчдад илүү амар болсон.

Гэсэн хэдий ч хүүхэд бүрийг хүүхдийн мөнгө хөтөлбөрт хамруулахад зарим нэг бэрхшээл тулгарсан хэвээр байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр ХМХ-ийн үр дүнг хүүхдүүд шууд хүртэж чадахгүй байгаа цөөн тохиолдол байна. Үүнд асрамжийн газар, хүүхэд хамгааллын төвд амьдарч байгаа хүүхдүүд болон эцэг эх нь салсан хүүхдүүд орж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сан хүүхдийн мөнгө хөтөлбөрийг цаашид илүү бэхжүүлж, нэг ч хүүхдийг орхигдуулахгүй байх талаар үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ.

Нийгмийн хамгаалал хүртэх нь хүүхдийн нийтлэг эрх бөгөөд хүүхэд бүр энэ эрхийг эдэлж хамгаалагдах ёстой.