“Багийн бага сургууль” санаачилгын эхний сургуулиуд нээлтээ хийлээ
Хүүхэд бүрд, ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ
- English
- Mongolian
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд Ховд аймгийн Үенчийн отряд болон Увс аймгийн Боршоо боомтод 75 хүүхдийн хүчин чадалтай багийн бага сургууль тус тус нээгдэж, хүүхдүүд гэртэйгээ ойр чанартай боловсрол эзэмших нөхцөл бүрдэв.
Энэхүү санаачилгыг ХААН Банк түүчээлэн дэмжиж, дөрвөн байршилд бага сургууль барих хөрөнгө оруулалт хийснээр өнөөдөр эхний хоёр нь ийнхүү үүд хаалгаа нээж байна.
Монголд нийт 36 000 гаруй хүүхэд сургуульд хамрагдахын тулд нэг жилийн есөн сард гэрээсээ хол дотуур байранд, эсвэл хамаатныдаа амьдардаг. Ийм нөхцөл байдал нь бага насны хүүхдүүдийг гэр бүлийн харилцаанаас хөндийрөх, сэтгэл санаагаар унах, ганцаардах эрсдэлд оруулдаг байна. Зарим гэр бүл хүүхдээ сургуульд сургахын тулд тусдаа амьдрах хүртэл арга хэмжээ авдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Боловсролын Яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн юм.
“Эдгээр жишиг сургуулиуд нь Монгол хүүхэд бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол эзэмших суурийг тавьж байна. Цаашид энэ санаачилгыг улс орон даяар өргөжүүлэхэд төр засгийн манлайлал, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо, тогтвортой түншлэл нэн чухал” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан сургуулийн нээлтийн үеэр онцлов.
“Монгол Улсын ирээдүй болсон бяцхан иргэдэд боловсролыг ойртуулах үнэ цэнтэй төсөлд хамтран ажиллаж буйдаа баяртай байна. “Багийн бага сургууль” санаачилга бол харилцагчид, бизнес эрхлэгчид, нийгэм улс оронтойгоо хамтдаа өсөж урагшлах эрхэм зорилготой ХААН Банкны үнэт зүйлстэй нийцэж байгаа утга төгөлдөр, алсын хараатай төсөл юм” гэж ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн Сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа сэтгэгдлээ хуваалцлаа.
Шинэ сургуулийн барилга нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийн шийдлүүдийг багтаасан бүтээн байгуулалт юм. Агааржуулалт, халаалт, дулаалгын систем, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, орчин үеийн ус, ариун цэврийн байгууламж бүхий сургууль–цэцэрлэгийн цогцолбор хэлбэрээр төлөвлөгдөн баригдсан.
Түүнчлэн сургалтын орчны үндэсний болон олон улсын шаардлага, стандартад нийцсэн хүүхдийн хөгжил, амжилттай суралцахуйг дэмжих нөхцлийг бүрдүүлсэн. Мөн өндөр хурдны интернэт, цахим анги, стандартын гал тогоо зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Энд ажиллах багш нарыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс холимог бүлгийн сургалтын онол арга зүй болон цахим сургалтын арга барилаар чадавхжууллаа.
Ашиглалтад орж буй хоёр барилгын зураг болон барилгын ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа нэгж байгууллагуудын мэргэжлийн баг хамт олон хийж гүйцэтгэлээ. Ойрын хугацаанд Төв болон Сэлэнгэ аймгийн гурван багт бага сургууль ашиглалтад орно.
Мэдээлэл харилцааны багтай холбоо барих
About UNICEF
UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.