Хүүхэд бүрд, эрүүл ирээдүйг бүтээцгээе

Хэрэхийн гаралтай зүрхний өвчнийг бууруулах, түүнээс сэргийлэх төсөл

Баясгалан Баттулга
17 Арван хоёрдугаар сар 2024

Монголчуудын хэлж заншсанаар хоолойны ангин зүрхэндээ орно гэж ярьдаг Хэрэхийн гаралтай зүрхний өвчин (ХГЗӨ) - ий тохиолдол манай улсад өндөр хэвээр байна. Өндөр хөгжилтэй орнууд энэ өвчнөөс ард иргэд болон хүүхдүүдээ бүрэн хамгаалж чадсан бол хөгжиж буй орнууд тэмцсэн хэвээр байна. Хүүхдийг бага насанд нь энэ өвчнөөс сэргийлж, өвдсөн тохиолдолд эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх хэрэгтэй. Учир нь, ХГЗӨ нь хүндэрсэн тохиолдолд эмээр эмчлэгдэхгүй, заавал өндөр өртөг бүхий, нарийн төвөгтэй мэс заслын аргаар л эдгэрдэг бөгөөд энэ төрлийн мэс засал нь нарийн мэргэшсэн боловсон хүчин болон сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжүүдийг шаарддаг байна. Манай улсад сүүлийн 20 жилд зүрх судасны өвчнөөр өвчлөгсдийн тоо өссөөр гурав дахин нэмэгджээ. ХГЗӨ нь ихэвчлэн бага насанд (5-15 нас) өвчлөх магадлал өндөр байдаг бөгөөд өвдсөн тохиолдолд 25 нас хүртэл шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол байдаг байна.

Ийм учраас, Люксембургийн Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр НҮБ-ын Хүүхдийн Сан “Хэрэхийн гаралтай зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, бууруулах” төслийг 2022 онд эхлүүлсэн бөгөөд 2027 он хүртэл хэрэгжинэ. Энэхүү төсөл нь хүүхэд, өсвөр үеийнхний дунд ХГЗӨ-ийг бууруулж, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд ахиц дэвшил гаргах зорилготой. Үүний хүрээнд, НҮБ-ын Хүүхдийн Сан бодлогын түвшинд нөлөөллийн ажил хийж стрептококкийн А бүлгийн халдварын илрүүлэг шинжилгээг хүүхдийн эрүүл мэндийн багц үзлэгт багтааснаар Монгол Улсын сургуулийн насны бүх хүүхдийг жилд хоёр удаа эрт илрүүлэг шинжилгээнд хамруулахаар болоод байна. Мөн эрүүл мэндийн салбарт хүүхдийн зүрхний өвчин, стрептококкийн халдварыг эрт илрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч, ханган нийлүүлсэн. Цаашлаад, зорилтот бүлгийн 6-18 насны 720,000 гаруй хүүхдэд хүрч үйлчлэх 534 эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 60 ажилтныг сургалтад хамруулаад байна.

Rheumatism screening at schools
Б.Баясгалан Дундговь аймгийн 10-н жилийн сургуульд стрептокопийн шинжилгээнд хамрагдаж буй хүүхдүүд.

Эдгээр хүчин чармайлтын үр дүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 220 мянга гаруй хүүхдийг стрептококкийн халдварын эсрэг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулаад байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн баг Орхон аймагт ажиллаж байхдаа тус аймгийн ЕБС-ийн сурагч, 15 настай Б.Энхжин охин болон түүний ээжтэй уулзав. Энхжин охин шинжилгээнийхээ хариуг эерэг гарсаныг мэдээд гэр бүлийнхэндээ, тэр дундаа хоёр дүүдээ халдвар тараах вий гэж ихэд санаа зовж байжээ. Айлын том хүүхэд учраас тэр даруй арга хэмжээ авч, аяга таваг, хоолны хэрэгслээ гэр бүлийн бусад гишүүдээсээ тусгаарлаж, өөрийн хэрэглэдэг ахуйн хэрэгслүүддээ таних тэмдэг болгон наалт нааж байснаа ярьж байв. Ээж нь түүний цаг алдалгүй арга хэмжээ авсанд талархаж, энэ үйлдэл нь тэдний гэр бүлийнхний бүх гишүүдийг эрүүл ахуйн илүү сайн дадал хэвшилд сургасан гэдгийг онцолж байв.
Охин тэр даруй эмчийн зааврын дагуу эм ууж, эмчилгээ хийлгэснээр маш хурдан эдгэрсэн байна. Өмнө нь Энхжингийн хоолой тогтмол өвддөг байсан бөгөөд ээж нь тэр бүр тоолгүй, шинж тэмдэг нь аяндаа алга болно хэмээн найдаж эмчээс зөвлөгөө авдаггүй байжээ. Харин одоо тэдний гэр бүлийнхэн хоолой өвдөх нь эрүүл мэндийн ноцтой асуудалд хүргэж болохыг ойлгож эрт эмчлэх, урьдчилан сэргийлэх дадлыг сурчээ.

Enkhjin with her mother at the school doctor’s room in Orkhon province.
Б.Баясгалан Энхжин охин ээжийн хамт сургуулийн эмчийн өрөөнд.

Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн баг Булган аймагт ажиллаж байхдаа 15 настай Нандин Эрдэнэ охинтой уулзсан юм. Түүний шинжилгээ мөн адил эерэг гарч, хоолой нь тогтмол өвддөг байсан тул эмчилгээнд хамрагджээ. Нандин Эрдэнэ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар дархлаагаа дэмжих, эрүүл мэндээ хамгаалах, хувийн ариун цэврийг сахихын чухлыг ойлгосон байна. Тэрээр ангийн хамт олон, найз нөхөддөө өөрийн сайн туршлагаа хуваалцаж, халдварын эрсдэлийг бууруулахын тулд гараа байнга савандаж хөөсрүүлэн угаах, өвдсөн тохиолдолд амны хаалт зүүх, мөн бусадтай аяга, халбага, хоолны аягаа хувааж хэрэглэхгүй байхыг зөвлөж байв.

Хэрвээ хүүхдүүд бие биедээ сайн дадал, зуршил зааж сургах хүсэлтэй бол эелдэгээр хэлж, захиран тушаах бус яагаад ингэх шаардлагатайг нь тайлбарлаж ойлгуулах нь илүү үр дүнтэй гэдгийг Нандин Эрдэнэ онцолж байв. Мөн тэрээр олон хүмүүсийн дунд хэн нэгнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд ийм төрлийн зөвлөгөөг хоёулхнаа байхдаа хэлж өгвөл илүү тухтай гэж байв. Зөв эмчилгээ хийлгэж, шинэ дадал зуршилтай болсноор Нандин Эрдэнэ өдрөөс өдөрт илүү идэвхтэй, аз жаргалтай болж байна хэмээж байв.

Nandin Erdene getting checked by a healthcare worker at Bulgan province’s Health center.
Б.Баясгалан Булган аймгийн Эрүүл мэндийн төвийн ажилтан Нандин-Эрдэнэд үзлэг хийж байгаа нь.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь зорилтот бүлэгт мэдээлэл хүргэхийн тулд хот, хөдөө, орон нутгийн олон төрлийн сувгийг ашиглан хүүхдүүд, тэдний асран хамгаалагчид, олон нийтэд зориулан орон даяар мэдээлэл түгээн ажиллаж байна. Мөн эрүүл мэнд, боловсролын ажилтнууд, хүүхдүүдийн асран хамгаалагчдад хэрэхийн гаралтай зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт, мэдээллийн ажил зохион байгуулж, хэрэгцээтэй материалаар ханган ажиллаж байна. 

Булган аймгийн сургуулийн эмч, Энхжаргал “НҮБ-ын Хүүхдийн сангаас өгсөн сургалт, мэдээллийн хэрэгслүүд бидний ажилд их тус болж байгаа. Бид тэдгээрийг ашиглаж илүү олон хүнд үнэн, бодитой мэдээллийг түгээж байна" гэв. Тэрээр мөн видео материал, тараах материалыг сургуулийнхаа эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчдад түгээжээ.

"Хэрэхийн гаралтай зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх" төсөл нь 2027 он хүртэл үргэлжлэх бөгөөд улс орон даяар илүү олон хүүхдүүд, гэр бүлд хүрнэ гэж найдаж байна.