Байгальд ээлтэй эрүүл мэндийн тогтолцооны сургалт анх удаа Монголд болж байна
Дэлхийн 18 гаруй орны эрүүл мэнд, байгаль орчны мэргэжилтнүүд Улаанбаатар хотод чуулж байна.
- English
- Mongolian
Улаанбаатар, 2024 оны 9-р сарын 16 – Дэлхийн 18 гаруй орны эрүүл мэнд, байгаль орчны мэргэжилтнүүд Улаанбаатар хотод чуулж, эрүүл мэндийн тогтолцоог уур амьсгалд ээлтэй болгох арга замын талаар мэргэжлийн сургалтад хамрагдаж байна. Канад улсын Засгийн газрын дэмжлэгээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж буй энэхүү сургалт нь эрүүл мэндийн хог хаягдлын менежмент болон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг нарны эрчим хүчээр хангах асуудал дээр онцгойлон анхаарах юм.
Эрүүл мэндийн салбар нь өөрөө хүлэмжийн хийг ялгаруулж, агаарын бохирдлын эх үүсвэр болж байдаг. НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2023 онд хийсэн судалгаагаар зөвхөн дархлаажуулалттай холбоотой хог хаягдлыг шатаах нь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын 28 хувийг бүрдүүлдэг. Харин эмнэлэг, эрүүл мэндийн байгууламжуудыг нарны эрчим хүчээр хангавал үүнийг 25 хувиар бууруулж болохыг тогтоожээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхий дээрх 10 эрүүл мэндийн байгууллага тутмын 3 нь хог хаягдлаа ялгадаггүй. Үүгээр зогсохгүй буурай хөгжилтэй орнуудад КОВИД-19 цар тахлын үеийн эрүүл мэндийн хог хаягдлыг аюулгүйгээр боловсруулах суурь системтэй эрүүл мэндийн байгууламжуудын тоо гуравны нэгээс бага байна.
2023 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан тогтоол нь уур амьсгалд ЭЭЛТЭЙ эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх ажлыг хурдасгах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байдаг.
ДЭМБ-ын тооцоолсноор, байгаль, уур амьсгалтай холбоотой эрсдлүүд, тэр дундаа эмнэлгийн аюултай хог хаягдлыг шийдвэрлэж чадвал тав хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн 26 хувийг урьдчилан сэргийлж болно гэжээ. Тогтвортой хөгжлийн зорилт 3.9 нь 2030 он гэхэд "аюултай химийн бодис, агаар, ус, хөрсний бохирдол болон бохирдлоос үүдэлтэй нас баралт, өвчлөлтийг эрс бууруулах" зорилготой юм.
Монголд анх удаа болж буй 5 өдрийн энэхүү сургалт нь дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал алхам болж байгаа бөгөөд оролцогчдод уур амьсгалд ээлтэй эрүүл мэндийн тогтолцоог хэрэгжүүлж, авч явах ур чадвар, мэдлэгийг олгох болно. Сургалтаар улс орнуудад ногоон болон аюулгүй эмнэлгийн хог хаягдлын бодлогыг батлах, хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудыг нарны эрчим хүчээр хангах технологийн талаар мэдлэг олгох зорилготой юм.
Мэдээлэл харилцааны багтай холбоо барих
НҮБ-ын Хүүхдийн Сан
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.