Цахим хөгжлийн дэвшлийг ашиглан эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжиж байна.
Энэ санаачилга нь хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн суурь асуудалд чухал ач холбогдолтой ажил хэрэг юм.
- English
- Mongolian
НҮБ-ын Хүүхдийн Сан 1998 онд Монгол Улсад шинээр төрсөн хүүхдийн тоон мэдээний зөрүүтэй байдалд судалгаа хийж эхээс төрөөд удалгүй эндсэн хүүхдийн тал хувийг бүртгэх боломж бүрдээгүй байсан нөхцөл байдлыг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл, манай улсад төрөөд сар хүрэхгүй хугацаанд нас барсан хүүхдүүдийн бүртгэл нь эрүүл мэндийн салбарын бүртгэлд үлдэж улсын бүртгэлд нэгтгэгдэн орохгүй байсан гэсэн үг юм.
Тиймээс НҮБХС-ын дэмжлэгтэйгээр холбогдох төрийн байгууллагууд хүүхэд нэг бүрийг бүртгэх, нялхсын эндэгдлийг бүртгэх, бүртгэлийг сайжруулах, шалтгааныг тодорхойлох чиглэлд 20-иод жилийн турш тасралтгүй ажилласны үр дүнд 2018 онд төрсөн хүүхэд бүрийг бүртгэх системийн орчныг бүрдүүлж, бодитой статистик мэдээллийг боловсруулах боломжтой болсон байна. Энэ санаачилга нь хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн суурь асуудалд чухал ач холбогдолтой ажил хэрэг юм. Төлөвлөлт, эрүүл мэндийн бодлого боловсруулахад энэхүү мэдээлэл бодит, зөв байх нь их чухал ач холбогдолтой юм.
Хүүхдийг эрүүл саруул бойжуулахад эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо хамгийн чухал. Энэ оролцоог хангахын тулд хүүхдийн оюун санаа, бие бялдрын хөгжлийг тогтмол хянах шаардлагатай. Харин Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр тус боломжийг олгодог.
Тиймээс Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахимжуулж, эцэг эхчүүдэд хэрэглэхэд хялбар болгосноор эрүүл мэндийн байгууллагын систем хоорондын уялдаа холбоог сайжруулж эмнэлгүүд хоорондоо мэдээллээ солилцох боломжийг бий болгох юм. Үүний тулд, Эрүүл Мэндийн Яам, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, НҮБХС хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж эрүүл мэндийн салбарт тулгамдсан 7 өөрчлөлт, тэр дундаа Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахимжуулах ажлыг хамтран хийж гүйцэтгэлээ.
Хүүхдийн өсөлт, хөгжилтэй холбоотой бүхий л асуудлыг энэ дэвтэрт тэмдэглэдэг. Дэвтэр маань цахим хэлбэрт шилжсэнээр эмч бид нарын бичиг, цаасны ажлыг хөнгөвчилж, мөн эцэг, эхчүүдийн хувьд дэвтрээ алга болгох, хуудсыг нь урж, гээгдүүлэх явдал байхгүй болж байна.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр нь зөвхөн хүүхдийн өсөлт, хөгжлийг тэмдэглэдэг бүртгэлийн маягт төдий зүйл биш бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч бид хүүхдэдээ хэрхэн эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж байна, эрүүл байх нөхцөлийг нь хэрхэн хангаж байна вэ гэдгийг тодорхойлдог чухал баримт бичиг юм.
НҮБХС-ын хувьд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн асуудал, тэр дундаа хүүхдийн эсэн мэнд амьдрахуйн эрх гэдэг бол маш чухал эрх юм. Эрүүл мэндийн үйлчилгээ хүүхэд бүрд тэгш хүртэх нь маш чухал.
Энэхүү төслийг санхүүжүүлсэн Японы Засгийн газарт их баярлалаа. Тэдний тусламжаар бид Монгол Улсын Засгийн газартай хамтран Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахимжууллаа. Энэхүү дэвтэр нь хүүхдийн дархлаажуулалт зэрэг эрүүл мэндийн нэн чухал үйлчилгээнд хяналт тавих, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөхөд маш чухал үүрэгтэй юм. Энэ ажил амжилттай хэрэгжсэнээр Монголд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл эрс буурна гэж найдаж байна. Цахим дэвтрийг E-Mongolia системд байршуулснаар эцэг, эх бүр ашиглах боломжтой болж байна.