Олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх нь

Олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд албан ёсоор цалинждаг боллоо

UNICEF
Community health workers making a home visit to a family with young child
UNICEF Mongolia
20 Наймдугаар сар 2023

Монгол улсын Засгийн газар нь Олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд (ОНЭМА)-ыг эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний нэг хэсэг хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ нь 2019 оноос хойш НҮБ-ын Хүүхдийн Сангаас явуулсан хүчтэй нөлөөллийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон бөгөөд Монгол улсын эрүүл мэндийн салбарт гарсан түүхэн амжилт юм.

Олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд нь орон нутгийн ард иргэдтэй ярилцаж, өөрсдийн үйлчилгээ үзүүлж буй гэр бүлүүд болон хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагыг ойлгож чаддаг учраас НҮБ-ын Хүүхдийн Сан нь олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хамгийн тохиромжтой хүмүүс гэж хүлээн зөвшөөрч ирсэн. Тэд орон нутгаа сайтар мэддэг тул хүүхэд бүрд хүрч ажиллаж чаддаг. Тэднийг уушгины хатгалгаа, суулгалт гэх мэт хүүхдүүдийн дунд нийтлэг тохиолддог өвчлөлийн урьдчилан сэргийлэлт, аюултай шинж тэмдгүүд болон дархлаажуулалт, агаарын бохирдол, агаарын бохирдолд өртөхөөс урьдчилан сэргийлэх гэх мэт чиглэлээр сургаж бэлтгэдэг.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдийн өвчлөл болон жирэмсний хяналтын талаар албан ёсоор тусгайлан сургаж бэлтгэсэн олон нийтийн эрүүл мэндийн ажилтан одоогоор 600 орчим бий. Тэд айл өрхүүдээр явж, жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтад хамруулан, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөсөн гэрээр хийх эмчилгээнд хяналт тавихын зэрэгцээ бага насны хүүхдийн хөгжлийг хянаж, хоол тэжээлийн зөвлөгөө өгдөг. Хэдэн жилийн өмнөх тус улсын нөхцөл байдалтай харьцуулбал энэ нь бага тоо биш юм. 2022 оны байдлаар олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд тав хүртэл насны 87 000 гаруй хүүхэд, 12 000 гаруй жирэмсэн эхчүүдэд хүрч ажилласан байна.

“Олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд бол эрүүл мэндийн салбарын чимээгүй баатрууд юм. Ялангуяа цар тахлын үед ОНЭМА-ууд айл өрхүүдээр явж, нэн шаардлагатай эмчилгээний багцыг хүргэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тэд мөн хүүхдийн вакцинжуулалт, эрүүл мэндэд голлох үүрэгтэй хүмүүс. Тийм ч учраас НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол улсын Засгийн газрын гаргасан шийдвэрт маш их талархаж байгаа. Энэ нь цаашид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд, нэн ялангуяа товлолт дархлаажуулалт болон жирэмсний хяналтад хамрагдах явдлыг бэхжүүлэхэд тусална. НҮБ-ын Хүүхдийн Сан Глобал сантай хамтран дэмжлэг үзүүлнэ”

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан

Өнгөрсөн жилүүдэд НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлсэн нөлөөллийн ажил

НҮБ-ын Хүүхдийн Сан эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 2004 онд алслагдсан баруун аймгуудад олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудын төслийг анх туршсан юм. Төсвийн хязгаарлалтын улмаас Засгийн газар төслийн цар хүрээг өргөтгөх боломжгүй байсан тул төсөл хаагдсан. Гэвч НҮБ-ын Хүүхдийн Сан нөлөөллийн ажлаа үргэлжлүүлэн хийсээр байв.

Тухайн үед олон улсын төрийн бус байгууллагууд сайн дурын эрүүл мэндийн ажилтнуудыг санамсаргүй байдлаар сонгож, артерийн даралт үзэх гэх мэт эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийх чиглэлээр сургалт явуулсан. Энэ үед Монгол улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжих шилжилтийн үед байсан бөгөөд нийгмийн суурь үйлчилгээ тухайн шилжилтийг дагаж дөнгөж сэргэж байв. Тав хүртэл насны хүүхдийн эндэгдэл, өвчлөлийг бууруулж, дархлаажуулалтын түвшинг тогтвортой барих шаардлага тус улсад тулгарч байлаа. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн Сан хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд хичнээн чухал болохыг онцолсоор байсан.

Эцэст нь 2019 онд НҮБ-ын Хүүхдийн Сан хүүхдийн өвчлөл, дархлаажуулалт, жирэмсний хяналтын чиглэлээр олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудыг сургаж, дэмжлэг үзүүлэх чиглэлд Монгол улсын Засгийн газартай хамтран ажиллаж эхэлсэн юм. Эхний шатанд сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудыг ОНЭМА-аар сурган бэлтгэж байсан ч хожим эрүүл мэндийн салбарт мэргэжлийн ажилчид дутагдалтай, ачаалал ихтэй байсан тул сайн дурынхныг ОНЭМА-аар сургаж бэлтгэх болсон.

Монгол улсад КОВИД-19 цар тахлын халдвар тархах үед хүүхдүүдэд болон гэр бүлүүдэд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ОНЭМА нар аль хэдийн сургаж бэлтгэгдсэн байв. Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний үеэр олон нийтийн ОНЭМА нар айл өрхүүдээр явж, мэдээлэл түгээн, эмчилгээний багцыг тарааж, хүүхдүүдэд зөвлөгөө өгч ажилласан.

Монгол улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбар цар тахлын үед ОНЭМА нар чухал үүрэг гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр үндэсний түвшинд олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх ажлын байран дээрх мэргэжил дээшлүүлэх сургалтын модулийг боловсруулсан. 

Өдгөө ОНЭМА нар нь эрүүл мэндийн салбарын ажиллах хүчний хүрээнд албан ёсоор цалинждаг болсон тул Глобал сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүүхдийн Сан олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх болон сүлжээг өргөжүүлэх чиглэлд цаашид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллана.

UNICEF Mongolia has trained over 540 community health workers
UNICEF Mongolia НҮБ-ын Хүүхдийн Сан Глобал сантай хамтран зохион байгуулсан ОНЭМА нарын сургалтын үеэр
UNICEF Mongolia ОНЭМА нар нь эрүүл мэндийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлдэг бөгөөд сайн дурын ажилтан эсвэл цалинтай ажилладаг энгийн иргэд байдаг.