Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл: Жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих нь

Мөнхтуяа болон Отгонжаргал нарын жишээ

НҮБ-ын Хүүхдийн Сан
11 Арван нэгдүгээр сар 2024

Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээс эрч хүч авч чадсан.

М.Мөнхтуяа, 24 настай, Сүхбаатар аймагт гэр бүлийн хамт амьдардаг. Тэрээр анхны хүүхдээ 3 сарын өмнө өлгийдөн авсан.

Мөнхтуяа олон жирэмсэн эмэгтэйчүүдийн адил жирэмсний эхний гурван сард өглөө дотор муухайрах, хоолны үнэр авч чадахгүй байх, сэтгэл санаа тогтворгүй, амархан уурлах, уйлах гэх мэт өмнө нь огт байгаагүй шинжүүд илэрч байсан. Энэ нь түүнд үнэхээр таагүй байдлыг үүсгэдэг байв. Сэтгэл санаагаа тогтворжуулах, тайвшрах талаар интернэтээс мэдээлэл хайж уншдаг, хэрэгжүүлдэг байсан. Жирэмсэн эмэгтэйчүүдийн бүлгээс жирэмсэн үед олон төрлийн аминдэм хэрэглэх хэрэгтэй гэдэг мэдээллийг авсан байсан. Гадуур эмийн сангаар маш олон төрлийн аминдэмүүд байсан боловч яг ямрыг нь сонгох талаар мэдээлэлгүй байсан.

Жирэмсний хяналтын үеэр эмчдээ үзүүлж, зөвлөгөө авахаар очиход эмч маань жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэдэг 10 төрлийн аминдэм, 5 төрлийн эрдэс бодис агуулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг өгч, хэрэглэх заавар, ач холбогдлыг таниулсан. Зөвлөгөөний дагуу, бэлдмэлийг 2 сарын турш уусан. 

Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ) нь бичил тэжээлийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд зориулсан аминдэм, эрдсийн холимог бэлдмэл юм.

ОНБТБ нь жирэмсний хяналтад орох үеэс эхлэн 6 сар, хөхүүл хүүхэдтэй эхэд амаржсаны дараах 2 дахь сараас эхлэн 5 сар дараалан уух 10 аминдэм (А, Д, Е, С, В1, В2, В3, В6, В12, фолийн хүчил), 5 эрдэс бодис (төмөр, цайр, зэс, селен, иод) агуулсан бэлдмэл.  

Хэдхэн долоо хоногийн дараа надад илрээд байсан шинжүүд мэдэгдэхүйц багасч, дотор муухайрах нь багасч, сэтгэл санааны таагүй байдал дээрдэж байгааг анзаарч эхэлсэн. “Би жирэмслэлтээсээ таашаал авч чадах юм шиг санагдсан” гэж тэр инээмсэглэв. Төрсний дараа ч ядралт бага, сэтгэл санаа өөдрөг, эрч хүчээр дүүрэн хүүхдээ өсгөж байгаадаа баяртай байна. 

Эмч Мөнхтуяагийн гэрт нь очиж, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн ач тусыг тайлбарлаж байгаа нь.
НҮБ-ын Хүүхдийн Сан Эмч Мөнхтуяагийн гэрт нь очиж, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн ач тусыг тайлбарлаж байна.
Гэрийн үзлэгийн үеэр эмч Мөнхтуяад зөвөлгөө өгч байгаа нь
НҮБ-ын Хүүхдийн Сан Эмч үзлэгээ хийсний дараа Мөнхтуяад зөвөлгөө өгч байгаа нь

Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг хэрэглэснээр жирэмсний үеийн зовиурь багасч, үр дүнг мэдэрсэн.

Н.Отгонжаргал, 37 настай. Нөхөр 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймагт амьдардаг. Энэ удаагийн жирэмслэлт түүний 4 дэх жирэмслэлт. Өмнөх жирэмслэлтүүдийн үед тохиолддог жирэмсний эхэн болон хожуу үеийн хордлоготой байсан. Эмчийн хяналтад тогтмол хамрагдаж, эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээ, тусламжийг авдаг байсан.

Энэ удаагийн жирэмслэлтийн хяналтын ээлжит үзлэгийн үед эмч маань надад жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд зориулсан НҮБ-ын Хүүхдийн Сангаас нийлүүлсэн олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл үнэгүй өгсөн. Хэрэглэх арга, ач холбогдлыг сайн зөвлөсөн. Өмнөх 3 удаагийн жирэмслэлтэд ийм бэлдмэл хэрэглээгүй.

Бэлдмэлийг хэрэглэж эхэлсэнээс хойш 1 сар орчмын дараа бие хөнгөрч, зовиур багасч байгааг мэдэрсэн. Өмнөх жирэмслэлтүүдтэй харьцуулахад  эрч хүчтэй, ядралт бага, жирэмсний хожуу үеийн хордлого бага байсан. Өмнө нь цус багадалттай гэдэг байсан, эмч үзээд цус багадалтгүй байна гэсэн. Үс их унадаг байсан бол үс уналт эрс багассан.

Жирэмсний үеийн бие махбодын болон сэтгэл санааны зовиурыг жирэмсэнтэй холбоотой байх ёстой зүйл л гэж ойлгодог байсан. Гэвч энэ зовиурыг багасгах боломж байдаг гэдгийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл хэрэглэснээр ойлгож, мэдэрсэн. Цаашид олон ээжүүд энэ бэлдмэлийг хэрэглэж үр дүнг нь мэдрээсэй гэж хүсч байна. 

37 настай Н. Отгонжаргал эмчийн хяналтад байж, эмчээсээ тогтмол зөвөлгөө авдаг.
НҮБ-ын Хүүхдийн Сан 37 настай Н. Отгонжаргал эмчийн хяналтад байж, эмчээсээ тогтмол зөвөлгөө авдаг.

Монгол улс эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийг дэмжих бодлогын хүрээнд ОНБТБ-ийн зардлыг 2019 оноос эхлэн орон нутгийн төсөвт тусгаж 2020 оноос 06-23 сартай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдийг ОНБТБ-ээр тогтвортой хангах боломжийг бүрдүүлж эхэлсэн. Гэвч өнөөгийн байдлаар олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн түгээлт хангалтгүй байгаа ба жирэмсэн эмэгтэйчүүдийн тал орчим хувь нь л тус бэлдмэлийг хэрэглэж байна.

Манай улс бага насны хүүхэд, хөхүүл хүүхэдтэй эх, жирэмсэн эмэгтэйчүүдийг А, Д аминдэм, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ)-ээр хангах арга хэмжээг 2000 оноос Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж ирсэн. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр 2024 онд нийт 3700 хайрцаг хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхчүүдэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг худалдан авч, өвөлжилт хүндэрсэн 9 аймгийн 3,400 жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүд, 6700 гаруй 5 хүртэлх насны хүүхдэд түгээсэн. Сүхбаатар аймгийн нийт 584 жирэмсэн эмэгтэй болон хөхүүл эхчүүдэд тараасан.