Өвчтэй үедээ хөхний сүүгээрээ үргэлжлүүлэн хооллох

Бие тавгүйтсэн үед хүүхдээ хэрхэн зөв хооллох вэ ?

НҮБХС
30 Долоо дугаар сар 2024

Хэрэв та хүүхдээ хөхүүлж байхдаа эсвэл хөхний сүүгээрээ хооллохоор төлөвлөж байх үед өвдвөл яах вэ? гэж гайхах хэрэггүй.

Сайн мэдээ гэвэл өвдсөн ч үргэлжлүүлэн хөхөө хөхүүлэх нь хэрэгтэй гэдгийг нотлох баримтууд их байна. Хүүхдээ хөхөөр сүүгээр хооллох, хөхөндөө наалдуулах, нүцгэн биедээ наалдуулан тэврэх зэргээр хүрэлцэн мэдрэх, ангир уургаа эрт амлуулах, эрт хөхүүлж эхлэх, эхийн сүүгээр нь дагнан хооллох нь хүүхдийн өсөлт хөгжилд онцгой нөлөө үзүүлэхийн зэрэгцээ насан хүрсэн үед ч эрүүл мэндэд нь тустай.

Дөнгөж төрсөн эсвэл жирэмсэн эхчүүдийн бие тавгүйтсэн үед өөрт болон хүүхдэд хамгийн аюулгүй байх талаар түгээмэл асуултын хариултыг үргэлжлүүлэн уншина уу.

Өвдсөн үедээ хүүхдээ хөхүүлэх аюулгүй юу?

Ханиад, томуу зэрэг өвчин туссан үед гараа сайтар угааж, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм баримталж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдолд хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлэхэд аюулгүй. Өвчтэй ч гэсэн хүүхдээ үргэлжлүүлэн хөхөө хөхүүлэх нь сүүний гарцыг багасгахгүй хадгалахад туслахаас гадна, таны туссан өвчнөөс хүүхдийг хамгаална.

Хөхөө хөхүүлж байхдаа эм ууж болох уу?

Хэрэв та өвчнөө эмчлэх зорилгоор ямар нэгэн эм уух шаардлагатай бол хүүхдэд аюулгүй байх талаас нь хүүхдээ хөхүүлж байгаагаа эмчдээ хэлж зөвлөгөө авч, эмчилгээгээ үргэлжлүүлээрэй.

Хэрэв эх хөхөө хөхүүлж чадахгүй болтлоо өвдвөл яах вэ?

Хэрэв та хүүхдээ хөхүүлж чадахгүйгээр хүнд өвдсөн бол хүүхдээ цаашид хөхнийхөө сүүгээр хооллох өөр найдвартай арга олохыг хичээгээрэй. Чадвал сүүгээ сааж, цэвэрхэн аягаар эсвэл халбагаар хүүхдээ хооллоорой. Эмч, эрүүл мэндийн ажилтантайгаа өөр ямар боломж, арга байгаа талаар ярилцаарай.

Хөхөө үргэлжлүүлэн сааж байх нь хөхний сүүг татраахгүй байхад тусалж, биеэ  сайжрахаар эргээд хөхүүлэх боломжтой болно.

Хүүхдээ өвдөж байхад хөхөө хөхүүлэх нь зөв үү?

Хүүхэд өвдсөн ч үргэлжлүүлэн хөхүүлэх нь хамгаас чухал. Хөхний сүү хүүхдийн дархлааг сайжруулж, хөхний сүүгээр дамжуулан эсрэг биетүүд хүүхдийн биед орж, халдвартай тэмцэхэд тусалдаг.

Өөрөө өвдсөн үедээ хөхөө хөхүүлж байхдаа урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ?

Та өвдсөн эсвэл өвдөх нь гэж сэжиглэж байвал эмчтэйгээ, эрүүл мэндийн ажилтантайгаа ярьж зөвлөгөө аваарай.

Хүүхдээ хамгаалахын тулд ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн шаардлагуудыг дагаж мөрдөөрэй. Хүүхдэдээ хүрэхийн өмнө болон дараа нь гараа савантай усаар сайтар угаах хэрэгтэй. Мөн спиртийн суурьтай гар цэвэрлэгч, алчуур зэргийг хэрэглэж болно. Түүнчлэн хүрсэн гадаргуу бүрээ цэвэрлэж, халдваргүйжүүлэх нь чухал.

Хөхний саалтуур, сүү хадгалах сав, хооллох бүх хэрэгслийг хэрэглэсний дараа байнга сайтар угааж цэвэрлэнэ.

Би COVID-19-өөр өвчилсөн эсвэл өвдсөн гэж сэжиглэж байгаа бол хүүхдээ хөхүүлэх нь зөв үү?

Тийм ээ, та зохих ёсоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хүүхдээ үргэлжлүүлэн хөхний сүүгээрээ хооллох хэрэгтэй. Хөхний сүүгээр хооллох болон хөхүүлэхэд COVID-19 халдвар дамждаг гэж тогтоогдоогүй байна.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд амны хаалт зүүх, хүүхдэдээ хүрэхийн өмнө болон дараа нь гараа савантай усаар угаах, эсвэл спиртэн суурьтай гар цэвэрлэгчээр гараа арчих, гар хүрсэн гадаргууг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх зэрэг орно. Зөвхөн хөх рүүгээ ханиалгасан үед л хөхөө угаана. Бусад үед хооллох бүрийн өмнө хөхөө угаах шаардлагагүй.

Хүүхдээ хөхүүлж байх үедээ эсвэл саасан сүүгээр хооллож байгаа үедээ COVID-19 вакцин хийлгэх ёстой юу?

Тийм. Хөхүүл эсвэл сүүгээ сааж буй эрүүл эхчүүдийг COVID-19 вакцин хийлгэхийг зөвлөж байна.