Эхийн сүүгээр хооллолт-Амьдралын эрүүл эхлэл

Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье

03 Наймдугаар сар 2026
breastfeeding conference
UNICEF Mongolia

“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг 1992 оноос эхлэн жил бүрийн 8 дугаар сарын эхний долоо хоногт дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. 

2026 онд дэлхийн долоо хоногийг “Эхийн сүүгээр хооллолт – Амьдралын эрүүл эхлэл: Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье” уриан дор тэмдэглэж, эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нотолгоонд суурилсан, тогтвортой арга хэмжээг бүх түвшинд хэрэгжүүлэхийг онцолж байна.

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нь эрүүл хүүхэд, эрүүл нийгмийг цогцлоох үндэс юм. Эхийн сүү нь хүүхдийн дархлааг дэмжиж, бие бялдар, тархины хөгжлийг хангадаг, юугаар ч орлуулшгүй хамгийн төгс хүнс юм. Судалгаагаар эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн:

  • гэдэсний халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэл 72%-иар,
  • амьсгалын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэл 57%-иар тус тус буурдаг болох нь тогтоогдсон.
  • илүүдэл жин, таргалалтаас сэргийлнэ.
  • уушигны багтраа өвчнөөр өвчлөхөөс сэргийлнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийг төрөнгүүт 1 цагийн дотор ангир уургаар амлуулах, төрсний дараах эхний 6 сард зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллож, улмаар тохирсон нэмэгдэл хоолтой хослуулан 2 нас болон түүнээс дээш хугацаанд үргэлжлүүлэн хөхүүлэхийг зөвлөдөг. Энэ нь хүүхдийг халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэн хамгаалахаас гадна гэр бүлд эдийн засгийн хувьд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй сонголт юм. 

Монгол Улс эхийн сүүгээр дагнан хооллолтын үзүүлэлтээр олон улсад харьцангуй сайн үзүүлэлттэй байдаг ч зарим үзүүлэлт буурах хандлагатай байна. Тухайлбал "Хүн амын хоол тэжээлийн байдал" Үндэсний VI судалгааны үр дүнгээр 6 сар хүртэлх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолтын түвшин 59.8 хувь байгаа нь 2017 оны түвшнээс төдийлөн сайжраагүй байна. Мөн 6–23 сартай хүүхдийн эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллолтын түвшин 69.7 хувь байгаа нь 2017 оны 71.8 хувиас буурсанүзүүлэлттэй байна. Эдгээр үр дүн нь эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих бодлого, үйлчилгээ, зөвлөгөөг улам бэхжүүлж, төр, эрүүл мэндийн байгууллага, ажил олгогч, гэр бүл, олон нийтийн хамтын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нь хүний капиталд хийх хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын нэг юм. Эрүүл мэндийн тогтолцоонд суурилсан эхийн сүүгээр хооллолтыг дэмжих арга хэмжээний цар хүрээг өргөжүүлбэл 1 ам.долларын хөрөнгө оруулалт бүрээс 59 ам.долларын өгөөж хүртэх боломжтой. Энэхүү өгөөжийн ихэнх нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, боловсролын амжилт, насан туршийн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс бий болдог.

Нотолгоонд суурилсан арга хэмжээнүүд эхийн сүүгээр хооллолтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг. 

Үүнд:

  • Эхийн сүүгээр хооллолтын зөвлөгөө мэдээлэл –  эхийн сүүгээр дагнан хооллолтыг 58%-иар нэмэгдүүлдэг; 
  • "Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 10 алхам – 45%-иар нэмэгдүүлдэг; 
  • Эхэд цалинтай жирэмсний болон амаржсаны чөлөө олгох– 52%-иар нэмэгдүүлдэг; 
  • Олон нийтийн мэдээлэл харилцааны кампанит ажил – 17%-иар нэмэгдүүлдэг
  • Ажлын байрны дэмжлэг; 
  • Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн хэрэгжилт зэрэг нь бүгд эерэг нөлөөтэй.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: (976) 11 312217 2203
Цахим шуудангийн хаяг: [email protected]

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

Follow UNICEF on Twitter, Instagram, LinkedIn and Facebook