НҮБ-ын Хүүхдийн Сан алслагдсан сумдын бага насны хүүхдүүдийн боловсролыг дэмжиж байна.

Зурган өгүүллэг

Ариунзаяа Даваа
10 Долоо дугаар сар 2024
children
UNICEF Mongolia

НҮБ-ын Хүүхдийн Сангаас алслагдсан нутгийн малчдын хүүхдүүдийн зуны хөтөлбөр, сургалтыг  дэмжин ажиллаж байна.  Энэ жил Төв аймгийн Алтанбулаг, Баянцогт, Баянхангай сумд болон Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 200 гаруй  хүүхэд зуны нүүдлийн цэцэрлэг, “таблеттай багш” хөтөлбөрт  хамрагдаж байна. ​

father
UNICEF Mongolia

Зуны нүүдлийн цэцэрлэгт хүүхдүүдээ өгөхийн тулд эцэг эхчүүд хүүхдүүдээ ойр нь 10 км, хол нь 32 км-ийн зайнаас өдөр бүр машин, мотоциклоор зөөж байна. ​

children
UNICEF Mongolia

“Манайх охин Э.Одгэрэлээ 10 гаруй км-ийн цаанаас зөөдөг. Хүүхдээ хөгжүүлэхийн төлөө хэдэн км ч явсан яахав. Хол нь чухал биш, юм л сурч байвал” гэж Эрдэнэдалай сумын малчин С.Бямбасүрэн ярьж байна. ​

s
UNICEF Mongolia

Нүүдлийн цэцэрлэгт ихэнхдээ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаагүй малчдын хүүхдүүд явдаг. Тэд  цэцэрлэгтээ  өөртөө үйлчлэх, өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах, хамтран тоглох, олуулаа суралцах болон хооллох зохистой зан үйлд суралцаж байна. ​

d
UNICEF Mongolia

“Манай хүү Т.Төгсбилэг 4 настай. Зуны нүүдлийн цэцэрлэгт яваад нийгэмшиж байна,  хөөрхөн шүү дээ. Ингэж хүүхдүүдэд юм сургана гэдэг сайхан юм” хэмээн Эрдэнэдалай сумын малчин Б.Эрдэнэтуяа ярьж байна.​

d
UNICEF Mongolia

Хүүхдүүд найз нөхөдтэй болж, тоглонгоо олон зүйлийг хамтдаа сурч, тэжээллэг хоол унд идэж, гадаа гүйж харайж  тоглодог тул тэдний ухаан бодол нь тэлж, нийгэмшиж улмаар оюун ухаан, бие бялдрын хувьд өсөн торниж байгааг багш нар нь бахархан ярьж байна. ​

x
UNICEF Mongolia

Цэцэрлэгийн юу нь гоё вэ гэхээр тоглох нь гоё, тоглоом нь гоё гэж хүүхдүүд уралдан хэлнэ. “Манай хүү цэцэрлэгийн бүх юм нь гоё гэдэг юм” гэж Б.Эрдэнэтуяа инээмсэглэн ярив.​

s
UNICEF Mongolia

Энэ жил Төв аймгийн Алтанбулаг сумын цэцэрлэг анх удаа хөдөлгөөнт вагончикт цэцэрлэгээ ажиллуулж байгааг  давуу талтай гэж  орон нутгийнхан ярьж байна. Бороо салхинд тэсвэртэй, зөөж явахад амар тул хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, нөгөө талаар багш, ажилчдын цаг, хөдөлмөрийг хэмнэж байна.​

s
UNICEF Mongolia

“Малчид бидний ажил барагдахгүй. Өдөртөө хүүхэдээ цэцэрлэгт өгөхөөр хичнээн сайхан, арагшаа санаа зовохгүй. Жил бүр гардаг бол сайхан аа” гэж Алтанбулаг сумын Замт багийн малчин, 4 настай хүү О.Цасчихэрийн ээж Т.Ариун-Эрдэнэ ярив.​

d
UNICEF Mongolia

НҮБ-ын Хүүхдийн Сан малчдын хүүхдүүдийн хөгжлийг дэмжих хувилбарт сургалтуудын нэг нь зуны нүүдлийн цэцэрлэг юм. ​

Мөн “Таблеттай багш”  хөтөлбөрийн хүрээнд сумын цэцэрлэгийн багш алслагдсан малчин айл өрхүүдээр явж, бага насны хүүхэд болон эцэг эхэд нь таблетад суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн  ашиглан сургуулийн өмнөх боловсрол олгож,  амьдарч суралцахуйн дадал хэвшилд чиглүүлж байна.  ​

Ирэх жилүүдэд НҮБ-ын Хүүхдийн Сан алслагдсан нутгийн бага насны хүүхдүүдийн хөгжил, боловсролыг дэмжих “таблеттай багш”хөтөлбөр, зуны нүүдлийн цэцэрлэгийн үйлчилгээг түгээн дэлгэрүүлэхэд төр хувийн хэвшлийн хамтын оролцоог хангаж ажиллах болно.   ​