Дебора Комини: "Шударга ёс, эрх тэгш байдал биднийг дагуулж байх ёстой"
Тогтвортой өөрчлөлтийг буй болгох хамгийн гол хүчин, НҮБ-ын Хүүхдийн Сангийн гол хамтрагч бол залуучууд юм.

Тавдугаар сарын 13, Улаанбаатар хот - НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн Бүсийн захирал Дебора Комини тавдугаар сарын 11-13 өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа. Ийнхүү өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Бүсийн захирлын албанд томилогдсон хатагтай Коминигийн бүсийн орнуудаар хийх албан айлчлал нь Монгол Улсаас эхлэв.
Хатагтай Комини Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатартай хийсэн уулзалтынхаа үеэр хүүхдийн эрхийн олон асуудлаар ярилцахдаа байгаль орчинтой холбоотой хүүхдийн эрхийн талаар тусгайлан хэлэлцлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаварууд, байгаль орчны доройтол нь хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжилд ноцтой аюул учруулж байгаа хийгээд уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий бүс нутагт амьдардаг эмзэг бүлгийн хүүхдүүд илүү их өртөх магадлалтайг онцоллоо. Эдгээр асуудалд хүүхдийн эрхийн үүднээс шийдэл олох шаардлагатайг тэмдэглээд Монгол Улсыг 2019 онд батлагдсан засгийн газар хоорондын Хүүхэд, залуучууд ба уур амьсгалын өөрчлөлтийн тунхаглалд нэгдэж, хүүхэд, залуучуудад ээлтэй уур амьсгалын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг уриалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Хүүхдийг хамгаалах, тэднийг эрүүл, аз жаргалтай орчинд өсгөх нь Монгол төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байдаг төдийгүй бид хүүхдийн байгаль орчны боловсролд ихээхэн анхаарч байна. Тэд байгалиа хайрлаж, хамгаалах талаар мэдлэгтэй байх нь чухал юм" гэлээ.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн Бүсийн захирал Дебора Комини хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлуудад онцгой ач холбогдол өгч ажилладаг УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр гишүүд Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах, хуулийг сайжруулахад НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгийг хүсч байгаагаа илэрхийлэв. Хатагтай Комини УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандан "мөр зэрэгцэн хамтарч ажилласнаар эмэгтэйчүүд бид илүү хүчтэй, нөр нөлөөтэй болдог. Эмэгтэйчүүдийн сүлжээ, холбоогоор дамжуулж бид улам хүчтэй болох цаг ирсэн. Хүүхдийн эрхийн төлөө манлайлан ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа!" гэлээ. УИХ-ын эмэгтэй гишүүд Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр 50 гаруй жил ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн Санд талархлаа илэрхийллээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамгийн гол түнш, хамгийн чухал хамтрагч бол залуучууд
Хатагтай Комини айлчлалынхаа үеэр Монголын залуучуудын төлөөлөл болох Өсвөрийн парламент хөтөлбөрийн 90 гишүүн хүүхэдтэй уулзлаа. Залуусын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой УИХ-ын даргын санаачилгаар хэрэгжүүлж буй Өсвөрийн парламент хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн Сан, олон улсын бусад байгууллагууд дэмжин ажилладаг. НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээс авахуулаад, олон төрлийн асуултыг тэр ч байтугай, хатагтай Комини НҮБ-ын Хүүхдийн Санд яагаад ажиллахаар болсныг хүртэл хүүхдүүд Бүсийн захирлаас асууж сонирхов. “Шударга ёсыг нийгэмд цогцлуулах нь хүн төрөлхтний оршин тогтнох үндэс юм. Шударга ёс, тэгш байдлын үзэл санаа бид бүхнийг дагуулж байх ёстой. Шударга ёсыг тогтоохын тулд бид бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Энэ нь та бүгдийн гол эрмэлзэл гэдэгт найдаж байна" гэж хатагтай Комини Өсвөрийн парламентчдад захиж хэллээ. Тэрээр, тогтвортой өөрчлөлтийг буй болгоход НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамгийн гол түнш, хамтрагч нь хүүхэд залуус гэдгийг ч хэллээ. Бүсийн захирал “Та бүгд улс орноо хөгжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад манлайлал, урам зориг, хүсэл тэмүүлэлтэй байгаагаа нотолсон. Залуучуудын манлайллыг харуулсан олон сайн жишээ байдгийн нэг нь Монголын Өсвөрийн парламент гэдгийг хэлэхэд таатай байна" гэлээ.

Хүүхдийн хөгжлийг хангахад цар тахлыг зогсоох нь чухал
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Бүсийн захирал Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзахдаа дэлхийн бусад оронтой харьцуулахад цар тахлаас үүдэлтэй нас баралт Монгол Улсад бага байсныг онцоллоо. Энэ нь КОВИД-19 өвчний эсрэг вакциныг эрт нэвтрүүлж, хүчилтөрөгч, нэн шаардлагатай эм, тарианы хүрэлцээг хангаж, эрүүл мэндийн салбарт мэргэшсэн, туршлагатай ажилтнууд тусламж үйлчилгээ үзүүлж байсантай холбоотой гэв. Улмаар товлолын дархлаажуулалтын хамрагдалтыг цар тахлын хүнд хэцүү үед ч 90 гаруй хувиас дээш байлгаж чадсан цөөн улс орны нэг нь Монгол болохыг онцлон, баяр хүргэлээ. Цар тахлын хариу арга хэмжээ, товлолын дархлаажуулалтын үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Хүүхдийн Сангийнханд Эрүүл мэндийн сайд талархлаа илэрхийллээ. Улмаар КОВАКС хөтөлбөр болон хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол Улсад вакцин нийлүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ Бүсийн захирал илэрхийлэв. Тэрээр, “Бид вакциныг улсын хэмжээнд аюулгүй хадгалах, тээвэрлэх зорилгоор хүйтэн хэлхээг сайжруулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ” гээд “Цар тахлын нөлөөг зогсоох нь хүүхдийн саадгүй өсөлт, хөгжлийг хангахад маш чухал байна” гэж хэллээ.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Бүсийн захирал айлчлалынхаа хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий Вакцин, био бэлдмэлийн төв агуулахтай танилцлаа. Газар хөдлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, өмнөхөөсөө дөрөв дахин том зай талбайтай эл агуулахыг Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Дэлхийн банкны санхүүжилтээр гуравхан сарын дотор барьж 2021 оны намар ашиглалтад оруулсан аж. Уг агуулах нь цар тахлын үед КОВИД-19-ийн эсрэг вакциныг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.
Хатагтай Дебора Комини гамшгийн бэлэн байдлыг хангах, эх, нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол Улсыг цаашдаа ч дэмжин ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Хүүхдийн Сангийн дараагийн 5 жилд хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжил, хоол тэжээл, эцэг эхийг дэмжих хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэв.

Дижитал сургалтад хөрөнгө оруулах замаар тэгш бус байдлыг арилгах нь
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн бүсийн захиралтай уулзах үеэр талууд боловсролын зөрүүг багасгахын тулд дижитал сургалтад хөрөнгө оруулах нь чухал болохыг дурдаж, хот, хөдөөгийн хүүхдүүдэд сурч боловсрох тэгш боломжийг олгох, эмзэг бүлгийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх шаардлага байгаа талаар хэлэлцлээ. Хатагтай Комини цар тахлын улмаас боловсролын зөрүү ихээр нэмэгдсэн энэ цаг үед НҮБ-ын Хүүхдийн Сангийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болох дижитал, интерактив сургалтын хүртээмж, ашиглалтыг тэлэх чиглэлээр хамтран ажиллаж GIGA төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхийг дэмжихийг хүслээ. GIGA төсөл нь сургууль бүрийг интернетэд холбох, залуусыг мэдээлэл, боломж, сонголтоор хангах зорилготой НҮБ-ын Хүүхдийн Сан, ОУХХБ-ын санаачилга юм. Талууд 2024 онд шинэчлэхээр төлөвлөсөн сургалтын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэгш суралцах боломжийг бүрдүүлэх, хөрвөх ур чадварыг нэгтгэх асуудлын талаар ярилцлаа.
Шинэ технологийг ашиглаж агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь
Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт бойжилтод агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах нь Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн гол хөтөлбөрүүдийн нэг юм. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр хэрэгждэг Монгол гэрийн халаалт, дулаалгын багц буюу ЧИП төсөл нь гэр доторх агаарыг бохирдлыг асуудлыг шийдэж чадсан аж. ЧИП төслийн үр шимийг улс даяар хүртсэн 730 гаруй айл өрхийн нэг нь нийслэл хотын Баянзүрх дүүргийн иргэн Х.Амамбекийнх. НҮБ-ын Хүүхдийн Сангийн бүсийн захирлыг гэртээ хүлээн авсан Х.Амамбекийнх хоёр, дөрвөн настай хоёр хүүтэй. 2019 онд төсөлд хамрагдаж, нүүрс түлдэг зуухыг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуураар сольсон. Улмаар тоосжилт, утаанаас салж, дотоод орчны агаарын бохирдолгүй болж, хүүхдийн өвчлөл эрс буурсныг гэрийн эзэгтэй, хоёр хүүгийн ээж Г.Амарсайхан хэлж байна. “Өвлийн улиралд гадаа агаарын бохирдол их ч ЧИП зуухны ачаар бид гэр дотроо цэвэр агаартай, хүүхдүүд маань ч өмнөхөөсөө хамаагүй бага өвддөг болсон. Бас энгийн зуух шиг хэт халдаггүй тул бага насны хүүхэд түлэгдэх гэх мэт эрсдэлгүй боллоо” гэж Г.Амарсайхан НҮБ-ын Хүүхдийн Сангийн Бүсийн захиралд ярилаа.
Хүүхдийн эрх, бизнесийн зарчмуудыг хувийн хэвшил хэрэгжүүлж байна
Хатагтай Комини Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны Монгол дахь салбарын ТУЗ-ийн дарга О.Байгаль, гишүүдтэй уулзлаа. ОУЭХАҮХ нь НҮБ-ын Хүүхдийн Сантай хоёр гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмуудыг (ХЭБЗ) гишүүн болон бусад компанийн үйл ажиллагааны дүрэм журамд тусгах зорилгоор сурталчлан, таниулах ажлыг хийж байна. ХЭБЗ-ын хүрээнд компаниуд бага насны хүүхэдтэй ажилчдынхаа ажлын цагийг уян хатан болгох, хөхүүл ээжүүдэд зориулсан тусгай өрөөг тохижуулах, ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг ажиллуулах зэргээр хүүхдийн эрхийг ханган ажиллаж байгаа аж. Хатагтай Комини ХЭБЗ-ыг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хүүхдийн эрхийг дэмжсэн бизнес эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэв. Тэрээр аливаа удрдагч өөрт нь буй эрх мэдэл, бусдад нөлөөлөх боломжийг бодолтой, зөв ашиглаваас хүүхэд, гэр бүл, түүнчлэн нийгэмд үр ашгаа өгдөг болохыг тэмдэглэв.
“Гэртээ эргэж ирсэн юм шиг л байлаа”
Хатагтай Комини Монголд хийсэн айлчлалынхаа талаар “гэртээ эргээд ирсэн юм шиг л байлаа” гэлээ. Учир нь хатагтай Комини 2008-2010 онд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан тул Монгол Улсыг сайн мэдэх нэгэн.
“Би арав гаруй жилийн өмнө амьдарч ажиллаж байсан сайхан Монгол оронд буцаж ирэхдээ танай улсад олон эерэг өөрчлөлт гарч, бүтээн байгуулалт өрнөснийг харлаа. Гэсэн ч хүүхэд хамгаалал, тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр хийх зүйл их хэвээр байна, НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол Улс, монголын хүүхдүүдийг үргэлжлүүлэн тууштай дэмжих болно”
“НҮБ-ын Хүүхдийн Сангийн Бүсийн захирлыг хүлээж авсан анхны улс нь Монгол болсонд баяртай байна. Бүсийн захирлын айлчлал Монгол Улсад хэрэгжиж байгаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн хөтөлбөрүүдэд ихээхэн дэмжлэг үзүүллээ. НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2023-2027 оны Улс орны таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг эцэслэн боловсруулж байгаа энэ үед Бүсийн захиралын айлчлал цаг үеэ олсон, үнэ цэнтэй, чухал үйл явдал боллоо” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан дүгнэн хэлэв.