Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал Танаа
- English
- Mongolian
Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх тухай
Эрхэм Ерөнхий сайд Таны энэ өдрийн амар амгаланг эрье.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд 14 болон түүнээс дээш насны хүүхдийг хаврын хурдан морины уралдаанд, тэр дундаа Цагаан сарын үеэр болон түүний дараа зохион байгуулагдах уралдаанд оролцуулах нөхцлийг бүрдүүлэхээр санал болгож буй нэмэлт, өөрчлөлтийн талаар НҮБ-ын Хүүхдийн Сан гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлж энэхүү захидлыг хүргүүлж байна.
Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэний дараа Монгол Улсын Их хурлаар 11 дүгээр сарын 20-ны өдөр буюу Дэлхийн хүүхдийн өдөр хэлэлцэхээр товлогджээ. Иймд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд уг нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй байхыг уриалж байна.
Монголын үндэсний өв соёл, үнэт зүйл, өвөрмөц онцлогт хурдан морины уралдаан чухал байр суурь эзэлдгийг бид бүрэн хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч санал болгож буй нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, ялангуяа Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенц (Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд)-ийн дагуу хүлээсэн үүргийг ноцтой зөрчиж байгаа юм.
Эдгээр олон улсын стандартын дагуу 18 нас хүрээгүй бүх хүн ХҮҮХЭД бөгөөд эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжилд нь эрсдэл учруулж болзошгүй аюултай хөдөлмөрөөс хамгаалагдах эрхтэй. Хурдан морь унаач хүүхдийн насыг 14 болгосноор хурдан морины уралдаантай холбоотой аюул, эрсдэл үгүй болохгүй.
Нэмэлт, өөрчлөлтөд тусгаснаар Монголын өвлийн хамгийн хүнд нөхцөлтэй саруудад уралдаан зохион байгуулагдаж, хүүхдүүд хахир хүйтэн, хүчтэй салхинд цас, мөстэй хөлдүү газраар уралдах нь эрсдэлийг нэмэгдүүлэх юм. Үүн дээр холын зайнд уралдах нь ноцтой гэмтэх, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдах, цаашлаад амь насаа алдах эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
Эрсдэл үүгээр хязгаарлагдахгүй. НҮБ-ын Хүүхдийн Сангаас хийсэн судалгаанаас харахад, хурдан морины уралдаанд оролцдог хүүхдүүд, ялангуяа бага орлоготой өрхийн хүүхдүүдэд хичээлээс завсардах, сурлагын хоцрогдол үүсэх, улмаар ирээдүйд сайн сайхан амьдрах бүх боломжоо алдах эрсдэлтэй байдаг. Хурдан морины уралдааныг арилжааны шинжтэй болгож, эмзэг болон ядуу өрхүүдийн эдийн засгийн дарамт нь эдгээр эрсдэлийг улам хүндрүүлж байна.
Монгол Улс өвлийн болон хаврын хурдан морины уралдаанд хүүхдийн оролцоог хязгаарлах, хүүхэд хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр чухал ахиц дэвшил гаргасан. Эдгээр нь хүүхдийн эрхийг ахиулж, улс орны олон улсын үүрэг амлалтыг биелүүлэхэд чиглэсэн томоохон ололт юм. Дээрх нэмэлт өөрчлөлт батлагдвал Монгол Улсын хүүхдийн эрхийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд томоохон ухралт болох бөгөөд хүүхдийг аюултай үйл ажиллагаанаас хамгаалахын төлөө олон жилийн турш хамтдаа гаргасан хүчин чармайлтыг үгүйсгэж байгаа хэрэг юм.
Эрхэм Ерөнхий сайд аа, хүүхдийг үндэсний хөгжлийн бодлогын төвд тавих таны амлалт, ялангуяа Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд гаргаж буй хүчин чармайлт, манлайллыг чин сэтгэлээсээ талархан хүлээн авч байгаагаа илэрхийлье. Дэлхийн хүүхдийн өдөр буюу 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүүхдийн үндэсний зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах таны санаачилга нь хүүхдийн дуу хоолой, эрх, сайн сайхан байдалд ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл хэмээн талархаж байна.
Гэвч яг энэ өдөр хүүхэд хамгааллыг дордуулах хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал хэлэлцэхээр товлогдсонд гүнээ харамсаж байна. Монгол Улс хүүхэд бүрийн эсэн мэнд төрж өсөх, боловсрол эзэмших, аливаа хүчирхийлэл, мөлжлөгөөс ангид байх эрхийг нь хангах, хамгаалах амлалтаа улам бататгах ёстой.
Монгол өв соёл, уламжлал хүүхдийн эрх хоёрыг өрсөлдөхүйц тэргүүлэх чиглэлийн асуудлууд гэж үзэж болохгүй. Хүүхдийн эрхээс дээгүүр өв соёл байх ёсгүй. Уламжлал, зан заншлыг хүний нэр төрийг хүндэтгэж, хүүхдийг хамгаалж, улс орны олон улсын үүрэг амлалтыг биелүүлэх байдлаар хадгалан хамгаалж, өвлүүлэн үлдээх ёстой. Соёлын уламжлал, эдийн засгийн ашиг сонирхлоос үл хамааран хүүхдийн хамгаалал хэзээд нэн тэргүүнд тавигдах ёстой.
Иймд НҮБ-ын Хүүхдийн Сангаас Эрхэм Ерөнхий сайд Та өөрийн манлайлал, нөлөөг ашиглан уг нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй байх, хурдан морины уралдаанд оролцож буй хүүхдүүдийн хамгааллыг хангах, цаашид бэхжүүлэхэд анхаарахыг хичээнгүйлэн уриалж байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхдийн өмнө үүрэг хүлээх бүх талуудтай, үүнд Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл, Улсын Их Хурал болон бусад холбогдох талуудтай нягт хамтран ажиллаж, хурдан морины уралдаанд оролцож буй хүүхдүүдийг хамгаалах бодитой, соёлын онцлогийг хүндэтгэсэн, нотолгоонд суурилсан шийдлүүдийг тодорхойлж, дэмжихэд бэлэн байна. Бид зохицуулалтыг бэхжүүлэх, хэрэгжилтийг сайжруулах, ямар ч хүүхдийг аюултай нөхцөлд өртүүлэхгүй байх, хүүхдийн үндсэн эрхийг зөрчихгүй байх чиглэлээр Засгийн газарт дэмжлэг үзүүлэх бидний амлалт үргэлж хэвээр.
Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан Монгол Улс хүүхэд бүрийн эрх, аюулгүй байдал, эрх ашиг, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавих амлалтаа дахин баталгаажуулна гэдэгт найдаж байна.
Гүнээ хүндэтгэсэн,
Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Биате Дастел
Мэдээлэл харилцааны багтай холбоо барих
НҮБ-ын Хүүхдийн Сан
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.