Гэр бүлийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн дэмжих вэ?

Гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тухай та бүхний хамгийн их асуудаг асуултуудад сэтгэлзүйч хариулж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан
parent
UNICEF Mongolia
04 Долоо дугаар сар 2024

Хүүхдээ яаж урам зоригтой, тэмүүлэлтэй байлгах вэ? Би хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд юу хийж болох вэ? Сэтгэл зүйч, хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн доктор Лиза Дамур эдгээр болон бусад асуултад хариуллаа.

Манай гэр бүл сэтгэцийн эрүүл мэндийг хориотой сэдэв гэж үздэг. Би энэ сэдвийг яаж хөндөх вэ?

Төрөл бүрийн сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэх, тавгүйрхэх нь хүн байхын нэгэн чухал хэсэг юм. Хэрэв танд гуниг, уур, уцаар төрж, зарим үед сэтгэл тань өвдөж мэдрэгдэж байвал ичиж зовох хэрэг огт байхгүй. Хэн ч таныг үүнээс болж ичиж зовоход хүргэх учиргүй. Бидэнд тав тухгүй сэтгэлийн хөдөлгөөн илрэх үед бидний хийж болох хамгийн эрүүл зүйл нь хайртай, дотны хүмүүстэйгээ энэ талаараа ярилцах явдал юм. Үнэн хэрэгтээ бид ингэж ярилцаж байж, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаална.

Хүүхэдтэйгээ сэтгэцийн эрүүл мэндийн тухай яриа эхлүүлэхийн тулд сэтгэцийн эрүүл мэнд нь бие махбодийн эрүүл мэндтэй их төстэй гэдгийг тайлбарла. Бие бялдрын талаасаа эрүүл байлаа гээд хүн үргэлж бие нь сайн байдаггүйтэй адил сэтгэцийн хувьд эрүүл хүмүүст ч заримдаа гуниглах, уурлах, бухимдах зэрэг сэтгэл хөдлөлийн таагүй мэдрэмжүүд төрдөг. Сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндийнхээ төлөө бид мэдэрч буй зүйлээ нэгбүрчлэн анзаарч, онцгүй байгаа үедээ бусдаас дэмжлэг хүсэх нь чухал. Ингэснээр бид эдгэрч сайжрах замаа олдог.

Хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд би юу хийж болох вэ?

Хүүхэд насанд хүрсэн хэн нэгэнтэй халуун дулаан, хайр халамж дүүрэн харилцаатай байхаас илүүтэйгээр хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж чадах зүйл гэж байхгүй. Тиймээс хүүхэд тань баясаж, та хүүхэдтэйгээ хамт хөгжилдөж байгаа л бол хамт тоглох, бөмбөг өшиглөх, хамт оройн хоол хийх, гэртээ юм засах гэх мэт хийж буй бүх зүйл тань хүүхдэд сайн. Хүүхдэд тань тантай хамт байхад сайхан л байгаа бол таны хийж байгаа бүх зүйл хүүхдийн тань сэтгэцийн эрүүл мэндэд тустай.

Би хүүхдэдээ анхаарал хандуулах, завгүй ажиллах хоёрын тэнцвэрийг яаж хангах вэ?

Бага насны хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд маш их цаг хугацаа, эрч хүч шаардагддаг бөгөөд үүнийг завгүй ажлын хажуугаар амжуулахад хэцүү. Ээлж дараагаар, нэг удаадаа зөвхөн нэг зүйлд л анхаарлаа хандуулахыг хичээх нь тус болдог. Хүүхдэдээ анхаарлаа хандуулна, эсвэл ажилдаа анхаарлаа хандуулна. Хэрэв хоёуланг нь зэрэг хийх гэж оролдвол та өөрөө бухимдаж, хүүхэд тань ч бас бухимдах болно. Хүүхэд хурдан өсдөг гэдгийг санаарай. Жаахан хүүхэдтэй ээж, аав байх үе нэг л мэдэхэд ард тань үлдэж, удахгүй бүх зүйл илүү хялбар санагдах болно.

Хүүхдээ яаж урам зоригтой, тэмүүлэлтэй байлгах вэ?

Заримдаа урам зориг мэдрэхэд хүүхдэд хэцүү байдаг. Зарим үед тэд ядарч, туйлдаж болно. Хэрвээ хүүхэд тань хичээл, гэрийн ажил хийхэд дургүй байвал хүүхдэд тань асуудал байна гэж санаа зовох хэрэггүй. Гэрийн даалгавар хийх хүсэлгүй байвал түүнийг гэрийн даалгавраа хийх зуур өөрөө хажууд нь суугаад ажлаа хийх санал гаргах юмуу эсвэл тоглоом маягаар гэрийн ажлаа хийх хөгжилтэй арга зам бодож олох, эсвэл гэрийн ажлаа/даалгавраа хийж дууссаны дараа хөгжилтэй зүйл хийхээр төлөвлөх гэх мэтээр тэдэнд дэмжлэг үзүүлж болно.

Би эцэг/ эх хүний хувьд ганцаардлыг хэрхэн даван туулах вэ?

Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь амьдралын маш ганцаардмал үе байж болох юм. Хүүхдийнхээ хэрэгцээг хангахын тулд ажилласнаар өөрийнхөө хэрэгцээг хангахад хэцүү болж болно. Үүний шийдэхийн тулд өөртэйгөө ойролцоо насны хүүхдээ өсгөж буй өөр эцэг эхтэй утсаар ярих юмуу эсвэл уулзах замаар холбоо тогтоож болох эсэхийг хараарай. Бусад эцэг эхчүүд таныг юу даван туулж байгааг мэддэг бөгөөд маш сайн найз болж чадна.

Хэцүү үед хэрхэн эерэг байж болох вэ?

Хүнд хэцүү үед цөхрөх амархан. Нөхцөл байдлыг дээрдүүлэхэд тусалж чаддаг нэг зүйл нь талархаж буй зүйлстээ анхаарлаа чиглүүлэх явдал байдаг. Хүүхэдтэй хамт өнгөрүүлж буй аз жаргалтай мөчүүд, сайхан өдөр, дэргэд тань байгаа хайртай хүмүүс гэх мэт. Байгаа зүйлдээ талархах явдлыг хэрэгжүүлж, баярлаж талархаж буй зүйлсийнхээ талаар бодох нь сайн сайхан байдлыг мэдрэх мэдрэмжийг үргэлж нэмэгдүүлдэг.

Амьдралд гарч буй томоохон өөрчлөлтүүдөд дасан зохицоход хүүхдэдээ би яаж тусалж болох вэ?

Өөрчлөлт мөн чанараараа стресстэй байдаг. Ижил дасал болсон гэрээсээ явж, өөр газар руу нүүх гэх мэт хүсээгүй өөрчлөлт, мөн сэтгэл хөөрсөн аялалд гарах гэх мэт таатай өөрчлөлтийн аль алинд стресс үүсдэг. Өөрчлөлтийг дагаж ирэх стрессийг даван туулахад хүүхдэд туслах гол арга зам нь ямар өөрчлөлт гарахыг хүүхдэд тайлбарлаж, сэтгэл санааны бэлтгэлтэй болгох явдал юм. Болох зүйлсийн талаар хүүхдэд аль болох ихийг ярьж, тэдний асуултуудад чадах чинээгээрээ хариулснаар амьдралын томоохон өөрчлөлтөд дасан зохицоход хүүхдэд илүү хялбар болно.

Доктор Лиза Дамур (@lisa.damour) нь сэтгэл зүйч, зохиогч, Нью Йорк Таймс сонины нийтлэлч, хоёр хүүхдийн ээж юм.