Төөрөгдөл: Эхийн сүүгээр хооллолтын талаарх 14 төөрөгдөл
"Хүүхдээ хөхүүлэх үед маш энгийн, янз бүрийн амтлагчгүй хоол идэх ёстой". Энэ үнэн үү худал уу?
- English
- Mongolian
1.Төөрөгдөл: Хөхний сүүгээр хооллох их амархан.
Хүүхэд төрөхдөө эхийнхээ хөхийг хайх, олох рефлекстэй байдаг. Гэхдээ л ихэнх эмэгтэйчүүдэд хүүхдээ хөхүүлэхдээ хэрхэн амлуулах, хөхүүлэх талаар бодит туслалцаа хэрэг болдог. Хөхний сүүгээрээ хооллоход эх, нярайн аль алинд цаг хугацаа шаардагдана. Хөхний сүүгээрээ хүүхдээ хооллоход хугацаа, нөхцөл шаарддаг тул хөхүүл эхэд гэрт болон ажил дээрээ ч тэр тав тухтай хөхүүлэх зориулалтын байр, орчин, бусад тусламж дэмжлэг хэрэгтэй. 2.Төөрөгдөл: Хөхний сүүгээр хүүхдээ хооллоход хөх өвдөх нь ердийн үзэгдэл, хөхний толгой хагарах ч бас байдаг л асуудал.
Ихэнх эмэгтэйчүүдэд төрсний дараа анх хөхүүлж сурч байх үед таагүй мэдрэмж төрдөг. Гэхдээ хүүхдээ хөхүүлэхдээ зөв тэвэрч, эрт амлуулж чадаж байвал хөхний толгой хагарахгүй, өвдөхгүй байх бүрэн боломжтой. Хэрэв эхийн хөхний толгой хагарах, өвдөх зэрэг хөхний сүүгээр хооллоход бэрхшээл тулгарвал эрүүл мэндийн ажилтан болон бусад мэргэжлийн хүмүүсээс тусламж дэмжлэг авч байгаарай.
3. Төөрөгдөл: Хөхүүлэхийн өмнө хөхний толгойгоо заавал угаана. Хүүхдээ хөхүүлэхийн өмнө хөхний толгойг угааж, цэвэрлэх шаардлагагүй. Хүүхэд төрөхдөө эхийнхээ үнэр, дуу хоолойд дассан байдаг. Хөхнөөс тодорхой бодис ялгаран гардаг бөгөөд хүүхэд түүнийг үнэрлэж мэддэг. Тэрхүү ялгарч буй дааварт ‘биед ашигтай сайн бактери’ агуулагддаг бөгөөд энэ нь хүүхдийн өөрийн дархлааны систем бүрэлдэн тогтоход тустай. Харин хүүхдээ хөхүүлэхийн өмнө гараа угааж хэвших хэрэгтэй.
Та хүүхдээ хөхний сүүгээрээ хооллох нь хүүхдийн чихний үрэвсэл, суулгалт, хатгаа, бусад халдварт өвчнөөс хамгаалдаг гэдгийг мэдэх үү?
4. Төөрөгдөл: Эхийг нь амраахын тулд эх, хүүхдийг тусад нь байлгах ёстой.
Эмч, сувилагч, эх баригч бүгд төрсний дараа имж байрлал буюу хүүхдийг эхийн нүцгэн цээжин дээр наан, арьс арьсаар нь шүргэлцүүлэн тэврэхийг зөвлөдөг. Энэ нь хүүхдийг хөхөө олж, амлахад хамгийн тустай арга юм. Төрсний дараах нэг цагийн дотор, цаашдаа байн байн ингэж энгэр дээрээ хэвтүүлээд байвал хөхний сүүгээр хооллодог болох эхлэлийг амжилттай тавина гэсэн үг. Хэрэв эх өөрөө чадахгүй байвал нөхөр, гэр бүлийнхэн нь тусалж, дэмжиж өгөх хэрэгтэй.
5. Төөрөгдөл: Хүүхдээ хөхүүлж байх үед янз бүрийн амтлагчгүй, энгийн хоол идэх ёстой.
Хөхүүл эх бусад хүмүүсийн л адил өөртөө тохирсон тэжээллэг хоол идэх ёстой. Ерөнхийдөө идэх дадлаа өөрчлөх шаардлагагүй гэсэн үг. Нярай хүүхэд эхийнхээ хэвлийд байхдаа л түүний хоолны дадал зуршилд дассан байдаг. Хэрэв хүүхдэд эхийн идсэн ямар нэг зүйл таарахгүй байгаа санагдвал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь зүйтэй.
Төөрөгдөл 6: Дасгал хөдөлгөөн хийх нь эхийн сүүг өөр үнэртэй болгодог.
Дасгал хөдөлгөөн хийх нь хөхүүл эхэд ач тустай. Дасгал хөдөлгөөн хийснээр эхийн сүүний үнэр өөрчлөгддөг гэдэг нь нотлогдоогүй бөгөөд худал мэдээлэл.
Төөрөгдөл 7: Амаржингуутаа шууд амлуулж, хөхүүлж эхлээгүй бол цаашид хөхний сүүгээр хооллох боломжгүй.
Амаржсаны дараа хүүхдийн рефлекс хамгийн хүчтэй байдаг тул эхний нэг цагийн дотор амлуулж чадвал хөхний сүүгээр хооллоход илүү хялбар болдог. Хүүхэд хөхөө хөхөж сурахад бэлэн байдаг. Хэрэв та дөнгөж төрсний дараа амлуулж чадаагүй бол нөхцөл байдлаасаа шалтгаалан аль болох түргэн амлуулаарай. Хүүхдээ өөрөө амлуулж чадахгүй байвал эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хүнээс тусламж аваарай. Хүүхдийг ойр ойрхон хөхөндөө нааж, арьс, арьсаараа мэдэрч байх нь хөхний сүүгээр хооллодог болоход ихээхэн тустай.
Хөхний сүүгээр хооллох нь эхийг чихрийн шижин, хөхний болон өндгөвчний хорт хавдар, зүрхний өвчин, төрсний дараах сэтгэл гутралаас сэргийлдэг, хамгаалдаг гэдгийг мэдэх үү?
Төөрөгдөл 8: Хүүхдээ хөхний сүүгээрээ хооллох гэж байгаа бол хэзээ ч сүүн тэжээлээр хооллож болохгүй.
Эхчүүд хүүхдээ хөхний сүүгээрээ хооллож байх үедээ зарим тохиолдолд магадгүй сүүн тэжээлээр хооллох тохиолдол гарч болно. Хамгийн чухал нь хүүхдийн сүүн тэжээлийн талаар үнэн мэдээлэлтэй байх ёстой. Хөхний сүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд аль болох ойр ойрхон хөхүүлж, хөхөж байх үед нь гүйцэт сайн суллаж байвал сүү боловсролт хангалттай сайн байдаг. Энэ талаар эхийн сүүгээр хооллолтын туршлагатай мэргэжилтэн болон эрүүл мэндийн ажилтнаас хөхний сүүгээр хооллохыг хэрхэн, зөв үргэлжлүүлэх талаар зөвлөгөө, тусламж авч аваарай.
Төөрөгдөл 9: Олон эхчүүдэд хөхөнд нь хангалттай сүү ордоггүй.
Эхчүүд хүүхдээ цатгах хэмжээний сүүг боловсруулж чаддаг. Хөхөнд хэдий хугацаанд сүү орох нь хүүхдээ зөв, сайн амлуулж чадсан, ойр ойрхон хөхүүлж байгаа, хүүхэд хөхөө гүйцэт сайн суллаж (хоосолж) чадаж байна уу зэргээс маш их хамаардаг. Хөхний сүүгээр хооллох нь “зөвхөн эхчүүдийн” асуудал биш, ээжүүдэд бас туслалцаа дэмжлэг хэрэгтэй болдог. Хүүхдээ хөхний сүүгээр хооллох үед эрүүл мэндийн ажилтнаас өгч буй заавар, зөвлөгөө, гэр бүлийн гишүүдийн тусламж, дэмжлэг, сэтгэл санаа тайван байх, эрүүл хооллолт, хангалттай шингэн зүйл уух зэрэг нь чухал түлхэц болж өгдөг.
Төөрөгдөл 10: Та өвчтэй байхдаа хүүхэд хөхүүлж болохгүй.
Эхчүүд ямар өвчтэй байгаагаас шалтгаалах боловч ерөнхийдөө өвчтэй үедээ үргэлжлүүлэн хөхүүлж болно. Харин өвчнөө зөв эмчлүүлж, сайн хооллож, амарч, унтаж, хангалттай шингэн зүйл ууж байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд өвчинтэй тэмцэхийн тулд таны бие махбодын үйлдвэрлэж буй эсрэг биетүүд хүүхдэд орж, хүүхдийн өөрийн дархлааг бий болгоход тусалдаг.
Төөрөгдөл 11: Хөхүүлж байхдаа ямар ч эм ууж болохгүй.
Ямар ч тохиолдолд эмчдээ хүүхдээ хөхний сүүгээрээ хооллож байгаагаа мэдэгдэж, жоргүй авч байгаа эмийн заавартай сайтар уншиж танилцаарай. Зарим эмийг тодорхой цагт, тодорхой тунгаар ууж хэрэглэх шаардлагатай байж болохоос гадна өөр найрлагатай эм хэрэглэх хэрэгтэй байж ч болно. Мөн хүүхдийн болон өрхийн эмчид ямар эм ууж байгаагаа тодорхой хэлж байх хэрэгтэй.
Төөрөгдөл 12: Хөхний сүүгээр хооллож өссөн хүүхэд хэт нялуун, нялзрай болдог.
Хүүхэд бүр өөр өөр онцлог шинжтэй. Энэ нь тэднийг хэрхэн хооллодог байснаас огт хамаарахгүй. Хөхний сүүгээр хооллох нь хүүхдэд хамгийн сайн хоол, тэжээл болоод зогсохгүй тэдний уураг тархины хөгжилд онцгой чухал нөлөөлдөг. Ээж хөхний сүүгээрээ хооллоход хүүхдийг маш их тэвэрдэг. Энэ нь эх хүүхдийн хоорондын дотно, хайрын холбоог улам бататгаж өгдөг.
Төөрөгдөл 13: Хөхний сүүгээрээ нэг жилээс илүү хугацаагаар хооллосон хүүхдийг гаргахад их хэцүү байдаг.
Хүүхдийг нэг жилээс илүү хөхүүлсний дараа хөхнөөс гаргахад хэцүү гэдгийг нотолсон судалгаа одоогоор байхгүй байна. Харин хүүхдийг 2 нас хүртэл нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллох нь хүүхэд болон эхэд хамгийн сайн нөлөөтэй гэдэг нь батлагдсан. Бүх ээж нар хүүхдээ хэдий удаан хугацаанд хөхний сүүгээрээ хооллосны дараа асуудлыг хамтдаа шийдвэрлэх нь чухал.
Төөрөгдөл 14: Эхчүүд ажилдаа эргэн орох бол хүүхдээ хөхнөөс гаргах хэрэгтэй.
Ажилдаа буцаж ороод хүүхдээ хөхүүлсээр байдаг ээжүүд олон байдаг. Юуны өмнө тухайн улс оронд, таны ажлын газар, ажлын байранд энэ талаар ямар бодлого, дүрэм журам байдгийг сайтар судлах хэрэгтэй. Хэрэв танд ажлын цагаар хүүхэд хөхүүлэх цаг олгож, хүүхэд хөхүүлэх зориулалтын байр гаргаж өгсөн бол та гэртээ харьж, эсвэл гэр бүлийн хүмүүс, найз нөхөд тань хүүхдийг ажил дээр тань авчирч хөхүүлж болохоос гадна хөхөө саагаад сүүгээ гэр рүүгээ авч явж болох юм. Хэрэв ажлын цагаар хүүхэд хөхүүлэх цаг гаргаж өгдөггүй бол сүүгээ саагаад, гэртээ очихоороо хүүхдээ сүүгээрээ хооллож болно. Хэрэв эхийн сүүний оронд эзгүй үедээ хүүхдийн тэжээлээр хүүхдээ хооллох болсон ч та боломжтой, хүүхэдтэйгээ байгаа үедээ хүүхдээ заавал үргэлжлүүлэн аль болох хөхүүлж байвал их тустай.
Ажилдаа эргэж ороод хүүхдээ үргэлжлүүлэн хөхний сүүгээр хооллох
Урьдчилан төлөвлөхөд туслах зөвлөгөөнүүд
Ажил, гэр бүлээ тэнцвэртэй авч явах хэцүү. Төрсний дараа эргэн ажилдаа орж байгаа хөхүүл эхчүүдэд энэ нь амаргүй бөгөөд зарим үед сандрах, тэвдэх асуудал ч гарна.
Эхийн сүүгээрээ хооллох нь хүүхдэд эрүүл амьдралын эхлэл болдог. Ангир уураг нь хүүхдийн хувьд анхны вакцин болж, түүний тархины хөгжлийг эрчимтэй дэмжиж байдаг. Мөн хүүхдээ хөхний сүүгээрээ хооллодог эхчүүдийн эрүүл мэндийг ч хамгаалдаг. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ-аас засгийн газар, ажил олгогчдод хандан эхчүүдийг хөхний сүүгээрээ хүүхдээ хооллоход шаардлагатай цаг хугацаа, орон зай, тусламж, дэмжлэг үзүүлэх гэр бүлд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэхийг уриалж байна. Энэ бүхнийг урьдчилан төлөвлөх, ажилдаа буцаж орох шилжилтийн үеийг аль болох хөнгөвчлөх зорилгоор доорх практик зөвлөгөөг өгч байна.