Монголын өсвөр үеийнхний цогц хөгжлийг ойлгох нь
Нөхцөл байдлын дүн шинжилгээ
- English
- Mongolian
Хураангуй
Энэхүү тайланд бага наснаас эхлэн насанд хүрэх хүртэлх амьдралын үе шатыг жендэрийн өнцгөөс авч үзэх замаар Монголын хүн ам, ялангуяа өсвөр үеийнхний нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлээ. Өнөөдөр дэлхийн хэмжээнд 10-19 насны нийт 1.2 тэрбум өсвөр насныхан амьдарч байгаа бөгөөд тэдний дийлэнх нь бага болон дунд орлоготой орнуудад (БДОО) амьдарч байна.
Судалгаанд үндэсний зөвлөлдөх уулзалт, холбогдох материалын судалгаа, тоон шинжилгээ зэрэг холимог аргуудыг ашигласан болно. Өсвөр насны охид, хөвгүүдийн амьдралыг илүү гүн гүнзгий ойлгон судлахад жендэрийн өнцгөөс авч үзэх нь чухал ач холбогдолтой юм. Өсвөр нас бол жендерийн хэм хэмжээ, үүрэг, харилцаа илүү төлөвшин тогтож, эрсдэл ч улам нэмэгддэг үе юм. Өсвөр насны хөвгүүд эр хүйсийн хэм хэмжээг сэтгэл хөдлөлөө гадагш илэрхийлэхгүй, дотроо хадгалах, түрэмгийлэл хүчирхийлэл, бэлгийн эрсдэлтэй зан үйл, тамхи, согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой уламжлалт ойлголт хандлагаар хүлээн авах нь түгээмэл байдаг. Бэлгийн бойжилт нь явагдаж буй өсвөр насны охид болон залуу бүсгүйчүүд орон гэртээ болон эрэгтэй найз, хамтрагчийнхаа зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртөх, эрт жирэмслэх зэрэг эрсдэлтэй тулгардаг. Мөн тэд сургуульд суралцахын хажуугаар гэр орноо авч явах давхар ачаалал үүрдэг.
Монгол улс нь бага, дунд орлоготой орон бөгөөд түүх, улс төр, аж амьдрал, байгаль орчны хувьд өвөрмөц онцлогтой. Ерөнхийдөө, ахимаг насны хүмүүсийг бодвол залуучууд илүү ядууралд өртөх магадлалтай. Цаг уурын өөрчлөлт, эдийн засгийн шалтгаантай шилжилт хөдөлгөөн зэрэг нь ядуурлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгаа бөгөөд олон айл өрх бага цалингаар, эсвэл ажилгүйдлийн тэтгэмжээр амь зууж байна. Монгол улсын хувьд ядуурал, гачигдал хомсдол, эмзэг байдал нь өрхийн орлогоос бус харин үйлчилгээний хүртээмжээс илүү тод харагдаж байна. Эрүүл мэнд, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээ томоохон хотуудад төвлөрсөн хэвээр байна. Монгол улс олон жилийн туршид нийгмийн хөгжлийн дэвшилтэт салбар бүхий цөөн орнуудын нэг байсан. Харин сүүлийн жилүүдэд макро эдийн засгийн тогтворгүй бодлого, зах зээлд суурилсан үйлчилгээний эрэлт нийлүүлэлт зэрэг нь нийгмийн салбарын үйлчилгээ хумигдахад хүргэж, нийгмийн хамгааллын суурь түвшний баталгаанд нийт иргэдийг хамруулж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Монголын хүүхэд, өсвөр үеийнхний амьдралын талаархи тайлан, дүн шинжилгээнээс үзэхэд Засгийн газар болон түүний түншүүд бага насны хүүхдийн хөгжлийн үр дүнд бодитой ахиц дэвшил гаргаж чадсан ч, өсвөр насныханд чиглэсэн хөтөлбөр дутагдаж ирсэн нь харагдаж байна. Хамгийн эмзэг бүлгийн хүүхэд, өсвөр насныхан Монголын хүн амын бага хувийг бүрдүүлдэг хэдий ч, тэдний талаар мэдээлэл хомс байдал нь аливаа бодлого шийдвэр гаргах үйл явцаас гадуур орхигдож, үе дамжсан тэгш бус байдлын эргүүлэгт ороход нөлөөлж байна. Монгол улсад тулгамдаж буй олон асуудлын нэгэн адил жендэрийн тэгш бус байдлын нөхцөл байдал ч мөн нарийн төвөгтэй бөгөөд заримдаа дэлхийн чиг хандлагаас зөрдөг. Монгол улс дахь жендерийн нөлөөлөл, чиг хандлагыг олон улс оронд уламжлал болсон эцгийн эрхт ёсны хүрээг ашиглан тайлбарлахад боломжгүй байдаг тул энэ асуудлыг илүү нарийвчлан судлах шаардлагатай юм.