Хүүхдийн эсрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг дээшлүүлнэ

21 Нэгдүгээр сар 2022
Хүүхдийн эсрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг дээшлүүлнэ
UNICEF Mongolia

2022 оны 1 сарын 10-12, Улаанбаатар хот – Хууль сахиулах болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүдэд зориулсан “Цахим орчинд үйлдэгддэг хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх нь” нэртэй сургалт  энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Уг сургалт нь цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүдийг илрүүлэх, гэмт хэрэгтнүүдийг мөрдөх, гэмт хэргийн хянан шийдвэрлэх үйл явцад анхаарах асуудлаар цагдаа, прокурор болон шүүхийн байгууллагын алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилготой.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон АНУ-ын “Сураггүй алга болсон болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдэд туслах олон улсын төв”-тэй хамтран хийж буй сургалтад дараах холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.

Үүнд Цагдаагийн Ерөнхий Газрын Харьяа Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх Хэлтэс, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Прокурорын Ерөнхий Газар, Нийслэл дүүргийн анхан шатны шүүгч нар болон Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Мэдээлэл Харилцаа Холбооны Агентлаг, Азийн Сан, Хууль Зүйн Дотоод Хэргийн Их Сургуулийн төлөөлөл хамрагдаж байна.

Сургалтыг “Сураггүй алга болсон болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдэд туслах олон улсын төв”-ийн мэргэжилтнүүд, АНУ-ын Хойд Виржиния-гийн Фэйрфакс хотын прокурор, Холбооны Мөрдөх Товчооны Хүүхдийн эсрэг мөлжлөг, хүний наймаатай тэмцэх тасгийн мөрдөгч болон АНУ-ын Маршалын албаны Зан үйлийн шинжээчээр ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүд чиглүүлэн явуулна.

Сургалтын төгсгөлд манай улсын хууль сахиулах байгууллагын ажилтнуудын энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадавх сайжирч, хохирогч хүүхдүүдийг тогтоон тэдэнд шаардлагатай дэмжлэг туслалцааг цаг алдалгүй үзүүлэх байдалд ахиц гарна гэсэн хүлээлттэй байна.

Монгол улсын Засгийн Газар 2017 онд цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгддэг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх зорилго бүхий “БидХамгаална” Олон Улсын санаачилгад нэгдсэн бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сангаас дээрх гэмт хэрэгтэй тэмцэх засгийн газрын чадавхыг бэхжүүлэхэд 2018 оноос эхлэн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Уг хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол улсад цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн эрсдэл, хариу авч буй арга хэмжээг тодорхойлсон анхны нөхцөл байдлын судалгааг хийх, Хохирогч хүүхдүүдэд үзүүлэх хамгааллын үйлчилгээг  сайжруулах зорилгоор хүүхдийн тусламжийн 108 утасны программын шинэчлэлийг хийх, энэ төрлийн гэмт хэргийг мэдээлдэг анхны порталыг  www.ekids.mn сайтад холбох,  болон эцэг эх, багш, боловсролын байгууллагын ажилтнуудын энэ талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэн, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
 


Дэлгэрэнгүй мэдээллийг:

Д.Амараа
Хүүхэд Хамгааллын ахлах мэргэжилтэн
НҮБ-ын Хүүхдийн сан
adorjsambuu@unicef.org

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: (976) 11 312217 2203
Цахим шуудангийн хаяг: adavaa@unicef.org

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

Follow UNICEF on Twitter, Instagram, LinkedIn and Facebook