Хүүхэд бүрд, хөгжих боломж уриатай НҮБ-ын Хүүхдийн Сангийн хандивын Гала болно

Хүүхэд бүрд - Хөгжих боломж

14 Арван нэгдүгээр сар 2024
wcd
UNICEF Mongolia

Дэлхийн Хүүхдийн Өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүүхдийн Сангийн ГАЛА хандивын арга хэмжээ 2024 оны 11 сарын 22-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан хандивын Гала  "Хүүхэд бүрд - Цэнхэр тэнгэр" уриатайгаар 12 цэцэрлэгийн 40 гэр бүлэгт болон үерийн гамшигт өртсөн нийт 22 өрхөд Монгол гэрийн халаалт, дулаалгын ЧИП багцын санхүүжилтийг төвлөрүүлж чадсан. Ингэснээр 700 гаруй хүүхдэд гэртээ, цэцэрлэгтээ цэвэр агаараар амьсгалах боломжийг олгосон.

Энэ 2024 онд "Хүүхэд бүрд - Хөгжих боломж" уриа дор алслагдан хөдөөгийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулж байна.

Алслагдсан хөдөө нутагт 2-5 насны 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд НҮБ-ын Хүүхдийн Сан “Таблеттай багш” санаачилгыг хэрэгжүүлсэн. Уг санаачилга нь таблеттай явуулын багш алслагдсан нутгийн бага насны хүүхдүүдийн гэрт нь очиж, таблетад суулгасан сургалтын багцыг ашиглан хүүхдийн хэл яриа болон эрт үеийн унших ба бичих, математик, байгаль ба нийгмийн юмс үзэгдэл тэдгээрийн  харилцаа хамаарлыг таньж мэдэх, дүрслэн урлах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зэргээр ээж, аав, асран хамгаалагч нарыг нь оролцуулан хүүхдийн хөгжлийг дэмждэг юм.

Хамгийн чухал нь таблетад суурилсан сургалтын багц нь онлайн болон офлайн горимд ажиллахаар бүтээгдсэн тул цахилгаан эрчим хүчний хангамж хязгаарлагдмал хөдөө нутагт  нэн тохиромжтой юм.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хандивын Гала арга хэмжээгээр “Таблеттай багш”-ийн нийт 330 багцын санхүүжилтийг босгохоор төлөвлөж байна. Энэ нь 330 багийн 4200 хүүхдийн хөгжлийг дэмжих юм.

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: (976) 11 312217 2203
Цахим шуудангийн хаяг: [email protected]

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Биднийг дагаарай. Twitter, Instagram, LinkedIn and Facebook