НҮБ-ын Хүүхдийн Сан 2024 оны ажлын үр дүнгээ түншүүддээ танилцууллаа

Хүүхэд бүрийн төлөө

23 Аравдугаар сар 2024

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас Түнш байгууллагуудын уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү уулзалт нь НҮБ-ын Хүүхдийн Сангаас жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ бөгөөд хүүхдийн төлөө хамтран ажилладаг эрхэм түншүүдтэйгээ уулзаж, ололт амжилтаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой.

Энэ жилийн уулзалтыг "Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хүрсэн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах нь" сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Уулзалтад төрийн байгууллага, орон нутгийн  удирдлагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд, ТББ, НҮБ-ын агентлагууд, хандивлагчид, НҮБ-ын Хүүхдийн Сангийн үндэсний хороо зэргийг төлөөлөх 150 орчим зочид оролцлоо.

НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын газрын газар хоорондын 2023-2027 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд багагүй амжилт гаргасныг энэхүү уулзалтаар хуваалцав.

Тухайлбал, хууль эрх зүйн орчинг сайжруулах ажлын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сангаас Хүүхэд хамгааллын тухай хуулийн үнэлгээ, ХЭК-ийн нийцлийн судалгааг хийж судалгааны үр дүнд үндэслэн хуулийн шинэчилсэн найруулга боловсруулагдаж батлагдсан. Хуулийг дагалдан гарах дүрэм журам, стандартын шинэчлэл хийгдэж төслүүд боловсруулагдан санал авах шатанд явж байна.

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг дэмжих ажлын хүрээнд нөхцөл байдлын бүрэн шинжилгээ, цахим эрүүл мэндийн стратеги төлөвлөгөөг хийж гүйцэтгэсэн. Мөн эх, хүүхдийн ягаан дэвтэр гэж хэлж заншсан эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахимжуулж, eMongolia нэгдсэн системд холбосон. 

Боловсролын салбарт Сургуулийн өмнөх болон бага боловсролын хүүхдүүдийн бие даан суралцах, хамтран суралцах ур чадварыг дэмжих, суралцахуйн хоцрогдлоос урьдчилан сэргийлэх зорилготой 300 гаруй интерактив болон аудио контентийг боловсруулж medle.mn -д байршуулсан.  Мөн 1500 гаруй багшийн цахим ур чадварыг дээшлүүлсэн байна.  

Хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэндтэй холбоотой 6 том судалгааг хийсний дотор 13 800 өрхийг хамарсан өрхийн Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 7 дахь удаагаа Үндэсний Статискийн Хороотой хамтран зохион байгуулав.

Залуучуудын санаачилсан ногоон бизнесийн шийдлүүдийг бойжуулж, гарааны санхүүжилт олгох замаар стартаппуудыг эхлүүлэх ажлыг мөн хэрэгжүүлсэн.

Энэ мэт олон хүүхдийн төлөө амжилт, үр дүн гаргасныгаа хэрхэн тогтвортой авч явах талаар Түнш байгууллагуудын уулзалтад ирсэн оролцогчид санал солилцож, цаашид бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан юм.

Embedded video follows

Мэдээлэл харилцааны багтай холбоо барих

Д.Ариунзаяа
Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан
Утасны дугаар: (976) 11 312217 2203
Цахим шуудангийн хаяг: [email protected]

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Биднийг дагаарай. Twitter, Instagram, LinkedIn and Facebook