НҮБ-ын Хүүхдийн Сангийн хандивын Гала
Монголд нярайн оношилгооны шинэ үеийг эхлүүллээ
- English
- Mongolian
Улаанбаатар, 2025 оны 9-р сарын 12 — НҮБ-ын Хүүхдийн Сангаас жил бүр зохион байгуулдаг хандивын Гала арга хэмжээ энэ жил хүүхдийн эрүүл мэндийн түүхэнд шинэ хуудас нээлээ. Тус сангийн эрүүл мэнд, хөгжлийн Элч, МАК компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэлмүүний санаачилгаар зохион байгуулагдсан Гала арга хэмжээгээр нярайн оношилгооны иж бүрэн тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг босголоо.
Энэхүү хөрөнгөөр дөнгөж төрсөн хүүхдээс нэг дусал цус авч, 25–30 төрлийн бодисын солилцооны эмгэг илрүүлэх өндөр нарийвчлалтай “Tandem Mass Spectrometry (MS/MS)” оношилгооны дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлж, үйл ажиллагааг нь тогтвортой хангахад зориулагдана. Эдгээр эмгэгүүдийг эрт оношилж чадсанаар хүүхдийг ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй болох, бүр цаашлаад амь насаа алдахаас ч сэргийлэх боломжтой юм. Ийнхүү эрт илрүүлбэл цаг тухайд нь эмчилгээ хийж, хүүхэд эрүүл өсөж бойжих боломжтой.
Монголд жил бүр 67,000 гаруй хүүхэд мэндэлдэг ч дэвшилтэт шинжилгээний багаж хэрэгслийн хүртээмж бага байдгаас олон мянган нярай эрсдэлд байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд ойролцоогоор 900 хүүхэд оройтож оношлогдсоноос урьдчилан сэргийлж болох насан туршийн хүндрэлд хүрчээ. MS/MS-ийг нэвтрүүлснээр энэ мөчлөгийг таслан зогсоож, бүх хүүхэд эрүүл саруул өсч хөгжих боломжтой болно.
“Бид хамтдаа Монгол Улсад анх удаа дэвшилтэт оношилгооны технологи болох ‘Tandem Mass Spectrometry’-г нэвтрүүлэхэд шаардлагатай 2 тэрбум төгрөгөөс давсан хөрөнгийг амжилттай бүрдүүллээ. Ингэснээр олон мянган нярайг эрт үед нь оношлон, насан туршийн эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдний амь насыг аварч хамгаалах суурийг тавилаа.”
Цуглуулсан хөрөнгө нь зөвхөн анхны төхөөрөмжийг авахад бус, мөн улс орон даяар нярайн амь насыг аврах шинжилгээг тасралтгүй авах тогтолцоог бүрдүүлэхэд зарцуулагдана.
“НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч Н.Цэлмүүний өгөөмөр сэтгэлийн ачаар нярайн урьдчилан сэргийлэх боломжтой эндэгдэл, өвчлөл цаашид буурах, оройтож оношлогдохын хүнд үр дагавраас олон гэр бүлийг сэргийлэх боломж бүрдлээ. Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан тэмдэглэлээ.
“Аяан Залаат” зочид буудалд болсон энэхүү арга хэмжээнд төрийн өндөрлөгүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд, урлаг, соёлын алдартнууд оролцож, хүүхдийн эрүүл ирээдүйг бүтээх нэгэн зорилгын дор нэгдлээ.
Энэ түүхэн алхам нь Монгол Улсыг “Алсын хараа 2050” болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нэг алхам ойртуулж, хүүхэд бүрийг эсэн мэнд төрөх, өсөх, нэг ч хүүхдийг орхигдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.








