Дэлхийн Хүүхдийн Өдрийг тохиолдуулан Хүндэтгэлийн Гала тоглолт зохион байгууллаа

Хүүхэд бүрийн төлөө

НҮБ-ын Хүүхдийн Сан
25 Есдүгээр сар 2024

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1959 онд Хүүхдийн эрхийн тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцийг тус тус баталснаар 1990 оноос эхлэн жил бүрийн 11 сарын 20-ны өдрийг Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар жил бүр энэ өдрийг тэмдэглэж томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

2023 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан “Хүүхэд бүрд - цэнхэр тэнгэр” хандивын гала тоглолт, арга хэмжээг  Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудалд зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь Монгол дахь агаарын бохирдлын нөхцөл байдал эгзэгтэй түвшинд хүрч, хүүхдийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж байгаа явдалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой байв. Тус арга хэмжээнд дээд түвшний 150 гаруй зочид хүрэлцэн ирж, 173,153,240 төгрөгийн санхүүжилт бүрдүүлсэн билээ.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь агаарын бохирдлын асуудалд анхаарч ажиллан олон төрлийн шийдэл санал болгодог. Үүний нэг нь ЧИП багц буюу Халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн бүтээгдэхүүн юм. Энэхүү багц нь гэр хорооллын айл өрх, тэр дундаа Монгол гэрт амьдардаг айлуудын амьдрах нөхцөлийг сайжруулах зорилготой. Хүндэтгэлийн гала тоглолтоос цугларсан хөрөнгийг ЧИП багцыг худалдан авч зорилтот бүлэгт хүргэхэд зарцуулсан. Энэхүү санаачилга нь гадаа болон дотор агаарын чанарыг сайжруулж, хүүхдүүд, жирэмсэн эхчүүдэд илүү цэвэр, дулаан орчиныг бүрдүүлж өгч байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан одоогийн байдлаар улсын хэмжээнд 10 аймгийн 2200 гаруй өрхийг ЧИП багцад  хамруулаад байгаа бөгөөд эмзэг бүлгийн хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдэд зориулж хөрөнгө оруулалт, татаасыг нэмэгдүүлэхийн төлөө нөлөөллийн ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна.

Хүндэтгэлийн Гала тоглолтод Монгол улсын консерватори, Дэлхий хамтлаг, хийлч Очхүүгийн Байгаль, Moon Dance бүжгийн хамтлаг, Sweetymotion хамтлаг, реппер Big Gee, Гурван охин хамтлаг зэрэг Монгол улсын шилдэг уран бүтээлчид, дуучид оролцож, уран бүтээл, ая дуугаа өргөсөн. Мөн хөгжмийн зохиолч Одбаяр НҮБ-ын Хүүхдийн Санд зориулан ая бичиж өгсөн бөгөөд тус арга хэмжээнд зориулан зохиогчийн эрхээ хандивласан юм. Утасны дуудлагын уг аяыг Монголын харилцаа холбооны бүх операториуд болох Мобиком, Юнител, Жи-Мобайл, Скайтелын бүх хэрэглэгчид татаж авах боломжтой. Мөн энэ үеэр олон улсын болон Монгол улсын урлагийн бүтээл, үнэт эдлэлийн дуудлага худалдаа явагдсан юм.

Хүндэтгэлийн гала тоглолтын үр дүнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас гэр цэцэрлэгүүд болон үерт өртсөн айл өрхүүдэд 62 ширхэг ЧИП багц олгож, 800 орчим иргэн үр шимийг нь хүртээд байна. Энэхүү санаачилгын үр нөлөөг ЧИП багцын үр шимийг нь хүртсэн дараах хүмүүс хамгийн сайн илэрхийлэх буйзаа.

ll
Bayasgalan Battulga

6 настай охин маань хүчилтөрөгчийн архаг дутагдалтай, ухаан алдаж унадаг байсан. Бид ЧИП багцыг ашиглаж эхэлснээс хойш манай гэр доторх агаарын чанар төдийгүй, охины минь эрүүл мэнд эрс сайжирсан. Гэр хорооллын олон айл өрхүүд энэ багцыг ашиглаж, үр шимийг нь хүртээсэй гэж би хүсэж байна.

Сонгинохайрхан дүүргийн оршин суугч, 3 хүүхдийн ээж Ч.Отгончимэг

Өмнө нь түлээ, нүүрс бэлдэх, гал түлэх зэрэгт зуслангийн ажилчид цаг их зарцуулж, мөн нүүрсний тоос, униар зэргээс хамаарч дотоод агаарын чанар муу байсан. ЧИП багцыг ашигласнаар зуслангийн хүүхдүүд маань эрүүл, аюулгүй орчинд сурч, хөгжих боломжтой болж байна.

Г. Түвшинбаатар, Баянзүрх дүүргийн харьяа Хөдөлмөр зуслангийн Нийгмийн ажилтан
chip
Bayasgalan Battulga
mongolia children
UNICEF Mongolia

 Гэр цэцэрлэгт маань өдөрт 3-4 удаа гал түлдэг, утаа тортог маш ихтэй хүүхдүүд маань ханиад томуу их тусдаг байсан. ЧИП багцыг хэрэглэж эхэлснээр манай ангийн 30 хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж хөгжиж, тоглох боломжтой боллоо.  

Налайх дүүргийн 151-р цэцэрлэгийн багш Мядагсүрэн

Монгол улсын нийт хүн амын тал орчим хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлж байна. Жил бүр тав хүртэлх насны 240 орчим хүүхэд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас барж байна. Агаарын бохирдол нь уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын өвчлөлд хүргэж байгаа бөгөөд уушгины хатгалгаа нь тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь гол шалтгаан болж байна.

“Хүүхэд бүрд - хөх тэнгэр” тоглолт нь Монгол улсын хүүхэд бүр цэлмэг хөх тэнгэрийг харж, цэвэр агаараар амьсгалах нөхцөлийг бүрдүүлэх НҮБ-ын Хүүхдийн Сангийн зорилгыг билэгдэж байгаа юм. Хөрөнгө босгох үйл ажиллагаа, боловсрол, нөлөөллийн үйл ажиллагааг хослуулсан НҮБ-ын Хүүхдийн Сангийн энэхүү санаачилга нь хүүхдүүдийн төлөө илүү эрүүл, илүү гэрэлтэй ирээдүйг бүтээхэд чиглэсэн чухал алхам болж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулах Гала тоглолтоо бид энэ жилийн 10-р сард боловсролын сэдвээр зохион байгуулж, “Таблеттай багш” санаачилгад зориулж санхүүжилт босгохоор төлөвлөж байна. НҮБ-ын Хүүхдийн Сан нь Боловсролын ерөнхий газартай хамтран алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэх зорилгоор энэхүү санаачилгыг анх эхлүүлж байсан билээ.

Өөрчлөлтийг бий болгохын төлөө бидэнтэй нэгдээрэй! Та бүхний дэмжлэг Монгол улсын хүүхдүүдийн амьдралыг өөрчлөхөд тусална. Хүүхэд бүрд, Боловсрол!