Хүүхдийг бор хоолонд оруулахад юуг анхаарах вэ: Эцэг эхэд зориулсан мини хичээл
Хоол, тэжээлийн мэргэжилтэн зөвлөж байна.
- Боломжтой:
- English
- Mongolian
Миний хүүхдэд хамгийн тохиромжтой бор хоол юу вэ? Хүүхэд маань идэхгүй байвал яах ёстой вэ? зэрэг асуултад хоол, хүнс тэжээлийн мэргэжилтэд Доктор Пурнима Меноноос хариулт авлаа.
Хүүхдийг бор хоолонд оруулахад юуг анхаарах вэ: Эцэг эхэд зориулсан мини хичээлийн текст
Хүүхдийг хооллоно гэдэг нь хоол хүнсийг аманд нь хийх төдий зүйл биш. Энэ нь хүүхдэд хэрхэн хооллохыг заах тухай юм. Хүүхдээ хооллох үед аав, ээж болон хүүхдийн хооронд эерэг харилцаа үүсдэг.
Намайг доктор Пурнима Менон гэдэг. Энэ бол миний аав, ээжүүдэд зориулсан хүүхэд бор хоол идэж эхлэх үед юуг анхаарах тухай хичээл юм.
Хүү, охиноо хэзээ бор хоолонд оруулах вэ?
Хүүхдийг 6 сартайд нь бор хоолонд оруулах нь нэн зохимжтой. Энэ үед хөхний сүү хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахгүй болж эхэлдэг. Түүнчлэн хүүхэд хөгжлийнхөө хувьд бор хоолонд ороход бэлэн болж шинэ хоолыг сонирхож эхэлдэг. Иймээс 6 сар бол яг л тохирсон үе.
Хамгийн сайн бор хоолонд юу багтаж болох вэ?
Энэ үед хүүхдэд өгөх хоол нь шим тэжээлээр баялаг байх нь хамгийн чухал. Жишээлбэл лууван, хулуу, чихэрлэг төмс гэх мэт өнгө өнгийн хүнсний ногоо болон жимсний нухаш байж болно. Мөн хүүхдэдээ машиндаж нухаш мэт бэлтгэсэн мах өгч болно. Бор хоолонд орж буй хүүхдэд өндөг өгч болно.
Та өөрөө идэж байгаа ямар ч хоолыг хүүхдэд тохируулж өгч болно. Үүний тулд хоолоо жижиглэж нухаш болгоход хангалттай. Аминдэм, уураг, эрдэс агуулаагүй хоол хүнс өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Хэт их сахарын орцтой хоолыг хүүхдэд өгч болохгүй. Бас давс ихтэй хоол өгөхгүй байх. Хүү, охины тань тархины хөгжлийг дэмжих шим тэжээлээр баялаг хоол хүнс байхад анхаараарай.
Хүү, охиныхоо идэх бор хоолыг хэрхэн бэлтгэх вэ?
Та хүүхдээ 6 сартайгаас нь бор хоолонд оруулж байгаа бол нухаш болгож өгөх нь хамгийн чухал. Хүүхдийн анхны хоол зөөлөн байх ёстой. Хүүхэд хоолыг төвөггүй залгихаар бэлдэнэ. Таны хүүхэд өсөж томрохын хэрээр та хоолных нь бүтцийг бага багаар өөрчилж болно.
Хүү, охиныхоо бор хоол идэж эхлэх үеийг хэрхэн эерэг, хөгжилтэй туршлага болгох вэ?
Хүүхэд бор хоолонд эхлэн орох нь таны болон хүүхдийн амьдралын чухал үеүдийн нэг юм. Энэ бол зөвхөн хоолны тухай биш, энэ бол соёлын тухай, хайрын тухай туршлага, дурсамж төдийгүй хүүхэд гэр бүлийнхээ нэг хэсэг байж, тэднээс суралцах тухай юм. Үүнийг аав ээжүүд ойлгож, санаж байвал хүүхдээ бухимдал, бэрхшээлгүй хооллоно. Аав, ээжүүдийн хамгийн сайн хийж чадах зүйл бол хүү, охин тань танаас суралцаж, таныг дуурайж байгаа гэдгийг өөртөө сануулж, мартахгүй байх явдал юм. Тэд гэр бүлийн хоолыг идэж сурч байгаа. Тэд ямар хоолонд дуртайгаа мэдэхийн тулд эхлээд амсаж үзэх хэрэгтэй. Хүүхдэд ямар хоол таалагдаж байгааг мэдсэнээр бид хүүхдээ илүү сайн таньж ойлгох болно. Хүүхдээ хооллох үед бухимдаж уцаарлахгүйгээр тэвчээртэй, тууштай байж хайрлаж харилцах нь олон сайн, сайхан зүйлийн эхлэл болно. Хүүхдийн бор хоолонд орох, хооллох нь түүний шинийг танин мэдэх, орчноосоо суралцах үйл явцын нэг хэсэг юм.
Хэрвээ хүү, охин тань бор хоол идэх дургүй байвал яах вэ?
Хүүхдүүд байнга л хоолноосоо татгалздаг. Энэ нь тэдний хувьд суралцах үйл явц гэдгийг бид санаж байх хэрэгтэй. Хүүхэд тань шинэ зүйлийг амталж байна. Хүүхдүүд заримдаа нэг амтаас татгалзах нь хэвийн үзэгдэл. Хүүхэд зарим зүйлийг хэд хэдэн удаа амталж байж дуртай болдог гэдгийг шинжлэх ухаан нотолж байна. Тиймээс аав, ээж хүүхдийнхээ нэг удаа татгалзсан хоолыг дахиад хэзээ ч өгөхгүй гэхийн оронд найдвараа алдахгүй тууштай байх нь зүйтэй. Энэ үед аав ээжүүдийн хийж чадах хамгийн сайн зүйл бол тайвшрах, дахин дахин оролдох явдал юм.
Хүү, охиноо халбагаар хооллох уу эсвэл өөрөөр нь идүүлэх үү?
Та хүүхдээ халбагаар эсвэл маш цэвэрхэн гараар хооллож болно. Хүүхдээ хооллохын өмнө гараа угаах нь үнэхээр чухал бөгөөд хүүхдийн аяга таваг ч цэвэр байх ёстой. Дахин хэлэхэд, хүүхэд тань шинэ зүйлд суралцаж, хоолыг бас нэг шинэ сонирхолтой зүйл гэж хүлээн авч байгаа тул таны хайраар дүүрэн тэвчээр нэн чухал. Хүүхдээ хооллох үедээ түүнийг анхааралтай сонсож, ажиглаж хүүхдийнхээ дохио зангаа, хөдөлгөөнийг ойлгох нь чухал. Учир нь тэд өөрсдөө бие даан хооллож чаддаггүйтэй адил түүнд юу таалагдахгүй байна, цадсан, гэдэс нь дүүрсэн гэдгээ хэлж чадахгүй. Энэ насны хүүхэд дохио зангаа, үйл хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлдэг.
Хүү охин тань өдрөөс өдөрт өсөж том болохын хэрээр хуруу гараараа хоолоо барьж, өөрөө хооллож эхэлнэ. Энэ нь тэднийг 9 сартайгаас нэг ой хүртэлх хугацаанд эхэлдэг. Энэ үеэс аав, ээжүүд хүүхдэдээ ямар хоол өгөхөө сонгож, харин хэрхэн хооллохыг нь хүүхдэдээ үлдээх хэрэгтэй.
Бор хоолыг ямар давтамжтай өгөх вэ?
Хүүхэд бор хоол идэж эхлэх үед өдөрт 3-4 удаа хооллоно. Улмаар хүүхдийн нас ахихын хэрээр хооллох давтамж нэмэгдэнэ. Хүүхэд 9 сараас 12 сартай болоход өдөрт 4 удаа бор хоол өгнө. Мөн хоолны хэмжээг нэмэгдүүлнэ. 6 сартай байхад нь өгч байсан хэмжээг 12 сартай болоход нь өгөхөд хангалтгүй. Хүүхэд өсөхийг хэрээр хооллолтын давтамж, хэмжээг нэмэгдүүлнэ.
Бор хоол идэх болсон ч үргэлжлүүлэн хөхөөр хооллох уу?
Таны хүү, охин бор хоол идэх болсон ч үргэлжлүүлэн, заавал хөхөөр хооллоно. Хүүхдийг хоёр нас хүртэл нь, магадгүй түүнээс дээш хугацаагаар хөхөөр хооллох нь ашиг тустай гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Хөхний сүүнд агуулагдах шим тэжээл нь хүүхдийн үндсэн хоол тэжээл болдог. Харин хүүхдийн бие бялдрын өсөлт, тархины хөгжилд зайлшгүй шаардлагатай бусад чухал шим тэжээлийг бор хоолноос авна. Өсөж байгаа тархинд сайн, чанартай хоол тэжээл хэрэгтэй. Зохих хугацаандаа идэж эхэлсэн бор хоол нь хүүхдийн тархины өсөлтийг дэмжинэ. Хүүхдийн амьдралын эхний жилүүдэд аав, ээж нар хооллолтод ихээхэн цагийн зарцуулдаг. Учир нь хүү, охиноо хооллох нь түүнтэй тоглох, хайраа илэрхийлэх, харилцах боломж юм. Хэл ярианы хөгжилд бас тустай. Эцэг эх хоолны талаар болон бусад зүйлийн талаар хүүхэдтэйгээ ярилцдаг. Тэгэхээр анхны бор хоол нь хоол хүнс төдийгүй хоол тэжээл, тоглоом, эерэг харилцааг дэмждэг тул тархины өсөлт хөгжилд чухал ач холбогдолтой.