“Үр хүүхдээ аюулт өвчнөөс аврахад эцэг эхчүүдийн мэдлэг, хандлага чухал үүрэгтэй”

НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгчийн Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийн тухай ярилцлага

Nomin Lkhagvasuren
Child who just received vaccine
UNICEF Mongolia
25 Тавдугаар сар 2022

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног саяхан өрнөлөө.  Аливаа улс орны иргэд эрүүл саруул аж төрж, урт удаан наслахад олон аюулт өвчнөөс хамгаалах вакцин хийж, хүн амыг дархлаажуулах нь чухал байдаг. Дархлаажуулалтын асуудлаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай ярилцлаа. 

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног дөрөвдүгээрсарын сүүлээр эхлэн таван сарын дунд хүртэл үргэлжлэн, Үндэсний дархлаажуулалтын 10 хоног тавдугаар сардаа багтан эхлэх гэж байна. Энэ өдрүүдийн ач холбогдол нь юу вэ?

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийг (ДДДХ) жил бүр, улс орон болгонд тэмдэглэдэг уламжлал нэгэнт тогтжээ. ДДДХ-ийг хүүхдүүд, эцэг эхчүүд, нийт ард иргэд, эрүүл мэндийн байгууллагууд, төр засгууд, олон улсын байгууллагууд хамтран тэмдэглэдэг. НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхдийн амь насыг аврагч товлолт вакцинуудыг улс орнуудад хүргэдэг дэлхийн хамгийн том байгууллагын хувьд энэ долоо хоногийн үйл ажиллагааны гол түнш юм. Бас нэг гол түнш бол ДЭМБ. ДДДХ-ийн үйл ажиллагаа нь ард иргэдэд товлолт вакцины ач холбогдлыг таниулж, сануулж, хүүхдүүдээ товлолт хугацаанд нь вакцинд нь хамруулах, мөн засгийн газрууд, шийдвэр гаргачдад нийгмийн эрүүл мэндийг хамгаалах тэргүүлэх  чиглэлүүдээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн өрнүүлж, орхигдсон асуудал байвал анхаарч ажиллахыг сануулж, уриалдаг үе юм. Таны онцолж хэлснээр, ДДДХ 4-р сарын сүүлээр болдог бол, Монгол Улсын Үндэсний дархлаажуулалтын 10 хоногийн аян 5-р сарын сүүлийн 10 хоногийн турш өрнөдөг. Энэ үеэр Засгийн газрын тогтоол гарч нэмэлт буюу нөхөн дархлаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ өдрүүдээр бид вакцины тухай мэдлэг мэдээллийг түгээх, вакциндаа хамрагдаагүй үлдсэн хүүхэд, томчуудыг вакцинд хамруулдаг маш чухал үе л дээ.

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийн үеэр бид вакцинаар хүн амыг дархлаажуулах нь хүн төрөлхтний хувьд ямар том ололт амжилт байсан тухай, вакцин гарснаар, дэлхийн улс орнуудад товлолт вакцины үндэсний хөтөлбөрүүд батлагдан хэрэгжсэнээр хүн төрөлхтний наслалт, мөн амьдралын чанар хэчнээн их сайжирсан тухай эргэн санаж, вакцины ач холбогдлыг таниулдаг. Сүүлийн 20 жилийн хугацаанд 1.1 тэрбум гаруй хүүхдийг вакцинаар дархлаажуулсан байдаг. Жил болгон 3 сая хүүхдийг вакцинд хамруулан амь насыг нь аварч, эрүүл саруул, урт удаан амьдрах гарааг нь эхлүүлж байна. Үүнд улс орны дархлаажуулалтын хөтөлбөрүүд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. НҮБ-ын Хүүхдийн Сан нь дэлхийн нийт хүүхдийн 45 хувийг вакцинд хамруулдаг байгууллагын хувьд вакцин хүн төрөлхтний насыг уртасгаж, амьдралын чанарыг хэрхэн сайжруулсныг сайн мэднэ. Хүн төрөлхтний хийсэн бум түмэн нээлтээс вакцинтай дүйцэх олон хүний амь аварсан ололт үгүй. Иймээс төрснөөс нь хүүхдэд хийдэг эдгээр чухал вакцинуудын тухай, эдгээрийн амь авардаг ач холбогдлын тухай бид энэ 7 хоногийн турш ярьж сануулдаг юм.

Цар тахлын 2.5 гаруй жил хүн төрөлхтөн вакцин ярьж, вакцин хийлгэж ирлээ. Иймээс олон хүн вакцины тухай ярих дургүй болж, эргэлзэж байна. Энэ нь хэр их  сөрөг үр дагавартай вэ?

Вакцинд ядрах үзэгдэл гэж бий. Тэр нь ч ойлгомжтой. Шинэ, танигдаагүй, мэдэхгүй өвчин гараад уг өвчнөөс хамгаалах вакциныг бүгд л хүсэн хүлээсэн. Дараа нь хэд хэдэн тун хийлгэсэн, хөл хорионд орсон, түгшсэн, сэтгэл санааны тавгүй байдалд байсан гээд мэдээж аль ч улс орны иргэд энэ бүгдээс залхсан, ядарсан. Ковид-19 цар тахал гарсан сүүлийн 2 жил гаруйн хугацаанд бид вакцины тухай үлэмж их ярилаа. Гэхдээ бид шинэ өвчний эсрэг шинэ вакцины тухай л яриад байсан. Гэтэл 220 жилийн тэртээ гаргаад авчихсан хүүхдийн амь насыг авардаг, элдэв согог гэмтлээс урьдчилан сэргийлж, эрүүл саруул өсөн бойжихыг нь, урт удаан наслахыг нь баталгаажуулдаг вакцинууд буюу халдварт саа, улаанбурхан, улаанууд гэх мэтчилэн халдварлан өвчлүүлвэл эрүүл мэндэд хүнд үр дагавартай, улмаар амь насанд аюултай өвчнүүдийн эсрэг хамгаалдаг товлолт гэгддэг вакцинуудын тухай төдийлөн ярьсангүй. Тэр байтугай хүүхдийн товлолт дархлаажуулалт дэлхийн олон улс оронд алдагдсан, хамралт буурсан. Цар тахлаас болоод вакциндаа хамрагдаж чадаагүй олон хүүхэд байна. Дархлаажаагүй хүн ам байгаа нь богино хугацаанд эрсдэл багатай боловч жилээс жилд товлолт вакциндаа хамрагдаагүй хүмүүс нэмэгдээд байх юм бол аюулт өвчнүүд сэргэн тархах, дархлаажаагүй хүн ам дунд халдварт өвчний дэгдэлт гарах эрсдэлтэй. Тиймээс бид яг одоо үүсээд буй энэ байдлыг засан залруулж, цар тахлаас нийгэм, эдийн засгаа сэргээх олон төрлийн хөрөнгө оруулалт улс орон болгонд хийгдэж буй энэ чухал үеийг зөв ашиглаж, эрүүл мэндийн салбарын бүх нийтэд хүртээмжтэй, хүүхэд болгон товлолт вакциндаа хамрагдах боломжтой тогтолцоог нэвтрүүлэн дэмжих нь юунаас ч чухал байгаа юм. Энэ жилийн ДДДХ-оор бид төр засгуудад үүнийг уриалсан.  

2015-2016 онд Монголд улаанбурхан өвчний томоохон дэгдэлт гарч, улс орныг тэр чигээр нь нөмөрч, олон арван нярай, нялхас эндсэнийг санаж байна. Тэгвэл энэ нь товлолт вакцинд хамрагдаагүй байснаас гарсан дэгдэлт гэж ойлгож болох уу?

Яг тийм. Энэ бол 1990 оны эдийн засаг, нийгмийн шилжилтийн хүнд хүчир үед Үндэсний дархлаажуулалтын хөтөлбөр доголдолтой ажиллаж байсантай буюу нэг хэсэг хүн товлолт вакцинаа хийлгээгүй өнгөрсөнтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл 1990-ээд онд төрсөн хүүхдүүд улаанбурхан өвчний эсрэг вакцинаа хийлгээгүй явсаар 2015 онд өөрсдөө эцэг, эхчүүд болоход улаанбурхан өвчний эсрэг дархлаагүй учраас халдвар авч, улмаар хүүхдүүдээ өвчлүүлсэнтэй холбоотой. Монгол Улсад улаанбурхан өвчний эхний тунг хүүхдийг 9 сартай байхад нь хийдэг. Учир нь хүүхэд 9 сар хүрэхээс нь өмнө эхээсээ авсан эсрэг биетүүд хүүхдийг улаанбурхан өвчнөөс хамгаалдаг. Гэтэл эхчүүд нь багадаа вакцин хийлгээгүйгээс үрстээ дамжуулах эсрэг биетгүй байж, өөрсдөө өвчлөн хүүхдүүддээ халдварыг тархааснаар энэ том дэгдэлт гарсан байдаг. Улаанбурхан өвчин бол дархлаажаагүй хүн амыг хамгийн хурдан онож халдварладаг маш хоруу чанартай өвчин. Ийм байдал зөвхөн Монгол Улсад ч биш, дэлхийн олон оронд гарсан. Энэ дэгдэлтээс бид том сургамж авч 2019 онд серологийн тандалтын дүнг үндэслэн улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас ЭМЯ, ДЭМБ-тай хамтран зохион байгуулж ажилласан. Энэ аяны хүрээнд 500 гаруй мянган хүүхэд залуучуудыг 3 сар хүрэхгүй хугацаанд дархлаажуулснаар Зүүн-Өмнөд Азийн улс орнуудад олон мянган хүүхдийн амь насыг авч одсон 2019 оны улаанбурхан өвчний дэгдэлтийн үеэр Монгол Улсад нэг ч хүүхдийн амь эрсдээгүй. Өөрөөр хэлбэл, бид хүүхдүүдээ вакцинаар дархлаажуулан амь насыг нь аварч чадсан юм.

Тиймээс хүүхдүүдээ товлолт дархлаажуулалтад хамруулж, вакцинуудыг нь заасан хугацаанд заавал хийлгэж байх нь ирээдүй хойч үеэ хамгаалж, үр хүүхдүүдээ өвчин согоггүй, урт удаан наслуулах олон жилийн тэртээгээс туршигдсан, батлагдсан, цорын ганц арга юм шүү. Мөн энэ бол өөрсдийн болон үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүй, эрүүл саруул амьдрал, урт удаан наслалтыг баталгаажуулах эцэг эхчүүдийн үүрэг, мөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах төр засгууд, эрүүл мэндийн салбарынхны үүрэг юм.

Цар тахлын үед эрүүл мэндийн олон төрлийн үйлчилгээ доголдож дэлхийн улс орон болгонд товлолт вакциндаа хамрагдаж чадаагүй олон, олон хүүхэд байна гэж та хэллээ. Манай улсад ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүхий л нөөц боломжийг Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээнд дайчлан ажилласан. Энэ нь манай улсын Үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийн үйл ажиллагаанд нөлөөлсөн үү?

Харамсалтай нь, улс орон болгоны дархлаажуулалтын хөтөлбөрийн хэвийн үйл ажиллагаанд цар тахал нөлөөлсөн. Зарим улсад товлолт вакцинжуулалт үлэмж их хувиар буурсан үзүүлэлтттэй байна. Монгол Улс бол бүх нийтийн эрүүл мэндийн тогтолцоотой улс орнуудыг нэг учраас хэвийн үйл ажиллагааны доголдол маш бага гарсныг Монгол Улсын ЭМЯ-аас мэдэгдсэн. НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс цар тахлын хариу арга хэмжээний хажуугаар товлолын дархлаажуулалт буюу үндсэн тусламж үйлчилгээг орхигдуулахгүй, холбогдох үзүүлэлтүүдийг байнга хянаж, тухай бүрт Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажилласан. Тухайлбал, нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг, удаа дараагийн хатуу хөл хорионд орсон Улаанбаатар хотын хэмжээнд, захын буюу алслагдсан нийт 40 хороог сонгон авч товлолын дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулсан. Ийнхүү цар тахлын  нөлөөг бууруулах арга хэмжээнүүдийг цаг тухайд бүрд нь аваад явсан учир Монгол Улсын товлолын дархлаажуулалтын хамралт 90-ээс дээш хувьтай хэвээр байна. Гэтэл энэ хугацаанд зарим ижил төстэй орнууд товлолын дархлаажуулалтын ажлаа бүрэн зогсоохоос аргагүй нөхцөл байдалд хүрсэн.

Өөрөөр хэлбэл, цар тахлын үе гэлтгүй Монгол Улсын Дархлаажуулалтын хөтөлбөр нөөц боломжоо дайчлан хүүхэд болгонд хүрч ажиллахыг хичээсэн. Дархлаажуулалтын хөтөлбөр амжилттай ажиллахад эцэг эхчүүдийн мэдлэг, хандлага маш их чухал үүрэгтэй. Монгол эцэг, эхчүүд дархлаажуулалтын тухай сайн мэдээлэлтэй, вакцины тухай шинжлэх ухаанч ойлголттой байдаг учраас хүүхдүүдээ вакцинд цаг хугацаанд нь хамруулж байсан. Ер нь танай улсад эцэг, эхчүүдийн дархлаажуулалтын тухай мэдлэг, ухамсар маш өндөр байдгийг шагшин магтахаас өөр аргагүй. Ийнхүү хамтран ажилласан учраас товлолт вакциндаа хамрагдаагүй үлдсэн хүүхэд цөөн байна. Энэ бол дэвэн дэлхийд маш сайн жишээ үзүүлсэн хэрэг юм. НҮБ-ын Хүүхдийн Сангийнхан монгол эцэг, эхчүүдээр үнэхээр бахархаж бусдад үлгэр жишээ болгож байгаа. Цаашдаа ч бүх нийтийг хамардаг дархлаажуулалтын энэ уламжлалаа үр хүүхдүүддээ түүчээлэн дамжуулж, мэдлэгээ хуваалцах нь зүйтэй.

 

Уншсан хүн болгоны сэтгэлийг хөдөлгөсөн Хайрын Захидлыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногоор гаргасан. Манай сонин ч танай аяныг дэмжиж энэ Хайрын Захидлыг нийтэлсэн. Энэ захидлынхаа тухай та манай уншигчдад хэдэн үг хэлнэ үү?

Орчин үеийн вакциныг тэртээ 1796 онд бүтээж, Жэймс Фиппс гэдэг 8 настай жаал хүүд анх тарьсан түүхтэй.  Улмаар хүн төрөлхтнийг халдварт өвчнөөс вакцинаар хамгаалах үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрүүд буй болжээ. Ийнхүү ДДДХ-ийн үеэр аюулт олон өвчний эсрэг вакцин бүтээсэн эрдэмтэд, вакцин бүтээх хүртэл хүний амь насыг аварч, удаан наслуулах, эрүүл байлгахыг эрэлхийлж байсан бүх судлаач, эрдэмтэн, оточ, эмч нарт,вакцин үйлдвэрлэгч, савлагч, тээвэрлэгч нарт хандаж НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олноос Хайрын Захидал бичсэн юм. Та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлж буй Хайрын Захидлаа бид ямар ч хүнд хэцүү нөхцөлд хамгийн алслагдсан газарт амьдардаг хүүхдүүдэд ядарч эцэхээ умартан, вакцинаа үүрч авч очоод, вакциныг аль болохоор өвтгөхгүй тарихын тулд өхөөрдөм, нарийхан хоолойгоор хүүхэдтэй ярьж зугаацуулан, амийг нь аврах вакциныг тарьдаг вакцинатор сувилагч нарт, хүүхдүүдээ вакцинд хамруулдаг ухамсартай, хариуцлагатай эцэг эхчүүдэд, вакцинаа хийлгэсэн хүн бүрд илгээж баярлалаа гэж хэлсэн юм. Энэ бүх хүний ачаар өнөөдөр хүн төрөлхтөн аюулт халдварт өвчнөөс үр хүүхдээ, ирээдүй хойчоо хамгаалж чадаж байна. Вакцины ачаар хүн төрөлхтөн цагаан цэцэг гэгч аюулт өвчнийг дэлхийгээс устгаж чадсан түүхтэй. Вакцины ачаар бид бүгд эрүүл саруул амьдарч, урт удаан насалж чадаж байна. Энэ бол вакцины гайхамшиг. Вакциныг хийх Үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрүүдийг улс орнуудын Засгийн газрууд жилээс жилд үнэнчээр дэмждэгийн гайхамшиг. Тиймээс хүн бүрд баярлалаа гэж хэлье. Бас Үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрийг маш өндөр түвшинд хөгжүүлэн дэмжсээр ирсэн Монгол Улсын шийдвэр гаргагч нар, Засгийн газарт баярлалаа гэж хэлье. Манай байгууллагад ажилладаг хүн бүрийн өмнөөс маш их баярлалаа гэж хэлж буй энэ Хайрын Захидлыг Монголын хэвлэл мэдээллийнхэн, хүүхэд, залуучууд өргөн дэлгэр түгээх аянд нэгдсэнд талархаж байна. Ингээд Үндэсний дархлаажуулалтын 10 хоногийн аяны үеэр вакциндаа хамрагдаагүй хүүхдүүдийг дархлаажуулж, вакцинаа хийлгэхийг эцэг эхчүүдэд нь уриалъя! Хүн бүрд урт удаан, эрүүл энх амьдрахыг ерөөе!