Хүүхэдтэйгээ сэтгэцийн эрүүл мэндийн талаар хэрхэн ярилцах вэ?

Хүүхдэдээ болон өөртөө хэрхэн туслах вэ?

НҮБ-ын Хүүхдийн Сан
family cropped
UNICEF Mongolia
04 Долоо дугаар сар 2024

Сэтгэцийн эрүүл мэнд нь бидний ерөнхий эрүүл мэнд, сайн сайхан байдлын суурь үндэс юм. Хүүхдийнхээ сэтгэцийн сайн сайхан байдлыг дэмжихэд эцэг, эхийн хувьд таны гүйцэтгэх үүрэг асар их. Дэмжин тэтгэж, хайрлаж, халамжлах нь сэтгэцийн эрүүл мэндийн бат бөх суурийг тавьж, аз жаргалтай, эрүүл, сэтгэл дүүрэн амьдрахад хэрэгтэйгээс гадна нийгмийн болон сэтгэлзүйн ур чадварыг хөгжүүлэхэд хүүхдэд тань тусална.   

Хүүхдийнхээ болон өөрийнхөө сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд тань туслах мэргэжилтнүүдийн зөвлөгөөг доор орууллаа. 

Насан туршдаа сэтгэцийн хувьд эрүүл байхад хүүхдээ хэрхэн бэлтгэх вэ: 0–5 нас

Өсөх, сурч мэдэх энэ үе шатанд үндэс суурийг нь тавиарай

Анх удаа инээмсэглэх, хөлд орох анхны алхмаа хийхээс эхлээд сэтгэл хөдлөлийн бүхий л хэлбэрийг мэдрэх хүртэл таны хүүхэд бага насны олон чухал онцлог үе шатуудыг даван туулна.

0-5 нас нь хүүхдийн өсөх, сурч мэдэх үе бөгөөд хүүхдийнхээ сэтгэцийн сайн сайхан байдалд дэмжлэг үзүүлж эхлэхэд хамгийн тохиромжтой үе юм.

Аз жаргалтай, эрүүл амьдралын эх суурийг тавих

Хүүхэд тань хайр халамжийг мэдрэх, шинийг сурах, аюулгүй байх тал дээр танаас хараат байна. Аль болох их цаг хугацааг хамтдаа чанартай өнгөрөөхийг хичээ. Халуун дулаан, эелдэг харилцааг бий болгож, аюулгүй байдал, халамж хайрыг мэдрэхэд хүүхдэдээ туслах нь насан туршдаа сэтгэцийн хувьд эрүүл байх үндэс суурийг тавихад тун их хэрэгтэй.

Нялх хүүхэд

Нялх хүүхэдтэйгээ цаг хугацааг чанартай өнгөрүүлэх нь хүүхэд та хоёрт аль алинд нь сайн. Ингэснээр хүүхэдтэйгээ нандин холбоо тогтооход тусалдаг даавар ялгардаг бөгөөд энэ нь та хоёрын аль алины сайн сайхан байдлыг нэмэгдүүлдэг!

  • Хүүхэдтэйгээ тоглож, түүнийг тэврээрэй.
  • Хүүхэдтэйгээ ярилцаж, түүнд дуу дуулж өгөөрэй.
  • Хүүхдийнхээ гаргаж буй дуу авианд үгээр хариу өгөөрэй. Ингэснээр хүүхэд тань хэл яриа, харилцааны талаар ойлгож эхэлнэ.

Хөлд орох насны хүүхэд

Хүүхэд хөдөлгөөнд орох тусам түүний эрэл хайгуул хийх хүсэл сонирхол нэмэгддэг. Хүүхдийн энэ сониуч занг дэмжиж, түлхэц үзүүлэх хэрэгтэй.

  • Хүүхдэдээ ном уншиж өгөөрэй (болж өгвөл өдөр бүр).
  • Хүүхдийн сониуч занг өдөөж, шинийг сурч мэдэхэд туслах тоглоом тоглоорой.
  • Юмсыг нэрлэхийг хүүхдээсээ хүсэж – хүүхдийнхээ нэр, эргэн тойронд буй эд зүйлсээс эхлээрэй. Үүнийгээ энгийн хялбар байлгаарай.
  • Гэрийнхээ гадна орчныг хамтдаа судлаарай.

Сургуулийн өмнөх насны хүүхэд

Хүүхэд тань илүү бие даасан, сониуч болохын хирээр гадаад орчноо судалж, эргэн тойрныхоо талаар мэдэж авах хүсэлтэй болно. Хүмүүстэй харилцах нь сэтгэн бодох өөрийн гэсэн арга хэлбэрийг хөгжүүлж, хорвоо ертөнцийг ойлгоход хүүхдэд тусална.

  • Бусад хүүхдүүдтэй тоглох замаар нийгмийн харилцаанд ороход дэмжлэг үзүүлээрэй.
  • Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон энгийн гэрийн ажил хийхдээ түүнээс тусламж хүсээрэй. Энгийн асуудлуудыг шийдвэрлэх алхмуудыг хүүхдэдээ зааж өгөөрэй.
  • Болох, болохгүйн хил хязгаарыг нарийн тогтоож, бодит хүлээлт бий болгоорой. ‘Үгүй’ гэж хэлсэн бол оронд нь илүү дээр хувилбар санал болгоорой.
  • Юу идэх, өмсөх, эсвэл тоглох талаар шийдвэр гаргах үед нь ойлгоход хялбар, тодорхой сонголтуудыг гаргаж өгөөрэй.

Анхаарах зүйлс

Бага насны хүүхэд өөрийгөө илэрхийлэх болон хүчтэй сэтгэл хөдлөлөө удирдахад суралцаж байдаг. Заримдаа хүүхэд өөрийн хэрэгцээгээ илэрхийлж чадахгүй байх үед түүнд уур бухимдал, стресс үүсдэг. Хүүхэд стресст орсон эсвэл сандарч мэгдсэн үед түүнийг тайтгаруулж, сэтгэл санаагаа удирдахад нь туслах өөрийг нь хайрладаг том хүн хэрэгтэй болдог.

Зайлсхийх зүйлс...

  • Хашхирах, цохих гэх мэт аливаа хэлбэрийн хүчирхийлэл. Хүүхэд таагүй, сөрөг уур амьсгалтай орчинд амьдрах нь хүүхдийн өсөлт, хөгжилд хор хөнөөл учруулж, хожмын амьдралд нь урт хугацааны асуудал үүсгэх “хорт стресс”-ийг хүүхдэд бий болгодог.
  • Эцэг эх болон хүүхдийн эргэн тойронд буй хүмүүс байнга хэрэлдэж маргалдах. Орчны хурцадмал байдал нь хүүхдэд стресстэй байж болно -  үл хайхрагдсан, хүчгүй, эмзэг мэт мэдрэмж хүүхдэд төрж болзошгүй.
  • Хүүхдийг үл хайхрах аливаа хэлбэрээс зайлсхийгээрэй Хүүхэд эрүүл өсөж, хөгжихөд түүнд байнгын анхаарал, хайр халамж, асаргаа хэрэгтэй.

Санах зүйлс: Өөртөө ч бас санаа тавиарай.

Нялх эсвэл балчир насны хүүхэдтэй эцэг, эхийн хувьд аливаа цаг үед төрөл бүрийн сэтгэл хөдлөл мэдрэх явдал тохиолддог бөгөөд энэ нь хэвийн зүйл юм. Үүнд баярлах, бухимдах, ядрах, сандрах зэрэг сэтгэл хөдлөл багтана. Дааж давшгүй мэт мэдрэмж төрөх бүрд стрессээ тайлах цаг өөртөө гаргаарай.

  • Өөртөө нийгмийн зохистой дэмжлэг бий болгоорой. Өөрөөрөө байхын тулд ганцаараа байх цаг гаргахыг хичээгээрэй.
  • Хангалттай нойр авах, эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийхэд хөрөнгө оруулахаа бүү мартаарай.

Эцэг эх болсон хүн бүр тодорхой хэлбэрийн стресст өртдөг.. Гэхдээ бусдаас тусламж хүсэхээс бүү айгаарай. Бас өөрийнхөө хэрэгцээг хангахад цаг гаргаарай.

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай яриа өрнүүлэх: 6-10 нас

Сургуульд сурч эхлэн, найз нөхөдтэй болж, тэсвэр хатуужил сууснаар – гол анхаарал гадаад ертөнц рүү шилжинэ.

Хүүхэд тань сургуульд явж эхэлснээр бие бялдрын, оюуны болон нийгмийн ур чадвар нь хурдацтай хөгжинө. Тэд өөрт тохиолдсон явдлыг дүрслэн өгүүлж, сэтгэл санаа нь ямар байгаа талаар илүү сайн ярьж сурна.

Тэдний анхаарал гэрээс гадаад орчин руу шилжихийн хирээр нөхөрлөл, үе тэнгийнхний нөлөөлөл илүү чухал болж ирнэ.

Гэртээ бус өөр орчинд цаг хугацааг илүүтэй өнгөрөөх замаар хүүхэд тань үүрэг хариуцлагын талаар тодорхой ойлголттой болж, илүү биеэ дааж сурна.

Заримд нь бэлгийн бойжилт явагдаж эхлэх бөгөөд бие махбод болон сэтгэлзүйд нь өөрчлөлт гарна. 

Ярилцах цаг

Сургуульд явж эхэлснээр хүүхэд гадаад орчинтой нүүр тулдаг бөгөөд энэ нь хүний амьдралд тохиох томоохон үйл явдлуудын нэг юм!

Энэ нь хүүхдүүдийн хувьд харилцаа холбоо тогтоох, сургуульд сурах, спортоор хичээллэх, сэтгэл хөдлөлөө удирдах гэх мэт амьдралын бүхий л хүрээнд өөртөө итгэлтэй болох чухал үе билээ. Ямар байгааг нь асууж ярилцан, энэ үед дэмжлэг үзүүлэх нь хүүхэд тэсвэр хатуужилтай болж, сэтгэлзүйн сайн сайхан байдлаа бэхжүүлэхэд тусална.

Яриагаа хэрхэн эхлүүлэх вэ

  • Эхлээд хэр байгааг нь асуугаарай. Хүүхэдтэйгээ сургууль, найз нөхөд, хийх дуртай болон дургүй зүйлс, хэцүү санагдаж байгаа зүйлсийнх нь талаар ярилцаарай.
  • Ялах, ялагдах гэх мэт эерэг болон сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг үүсгэдэг өдөр тутмын үйл явдлуудыг ашиглан хүүхдийнхээ сэтгэл санаа ямар байгааг асууж, хүүхэдтэйгээ бат бэх холбоо тогтоогоорой.
  • Хүүхдээ томрох үед хэрэв хүүхдийн тань хөгжлийн онцлогт тохирч байвал бэлгийн бойжилтын үед бие махбод болон сэтгэл санаанд гарах хэвийн өөрчлөлтийн талаар ярьж, цаашид тохиолдолх зүйлсийн талаар мэдэж авахад нь туслаарай. Сэтгэл санаа нь ямар байгааг асууж, сэтгэлийг нь зовоосон эсвэл асууж тодруулах зүйл байвал хамтдаа ярилцаж шийдвэрлээрэй.

Илэн далангүй, итгэл хүлээсэн, хайр энэрлээр дүүрэн орчинг бүрдүүлэх

  • Танд сэтгэлээ уудлан ярьхад хүүхдэдээ туслаарай.
  • Хүүхэд эргэн тойрныхоо хүмүүст таалагдаж, хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Танд хүлээн зөвшөөрөх нь өөртөө итгэх итгэлийг бий болгох эхний алхам юм.
  • Ямар үлгэр дууриал үзүүлж байгаагаа анхаараарай. Хүүхэд тань танаас үлгэр жишээ авч, таны сэтгэл хөдлөл болон аливаа нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлж байгааг тань дуурайна.
  • Амжилтанд хүрэх болон зөв зан авир гаргах үед нь сайшаагаарай. Хувь хүний хувьд нь (“Чи ухаантай шүү!”) гэхээсээ илүү хийж буй үйлдэлд нь гол анхаарлаа хандуулж, магтаж урамшуулаарай (“Чи үнэхээр маш их хичээсэн – тэр нь ч харагдаж байна!” гэх мэт).

Санах зүйл: Та хүүхдэдээ цаг гаргаж байгаа нь хүүхдийн тань хувьд үнэ цэнэтэй бэлэг.

  • "Би чамд хайртай" гэж хэлэх эсвэл хүүхдээ тэврэх нь хайраа илэрхийлэх цорын ганц арга зам биш.
  • Тэдний хэлж ярьж буй зүйлсийг сайтар сонсож, чин сэтгэлээсээ сонирхож байгаагаа харуулаарай.
  • Жижиг гэлтгүй онцгой зүйлүүдийг хийж, цагийг хамтдаа зугаатай өнгөрүүлээрэй.
  • Орой ямар хоол идэх гэх мэт гэр бүлийн хүрээний шийдвэр гаргахад хүүхдээ оролцуулаарай.
  • Юу ч болж байсан, тэр ч бүү хэл алдаа гаргасан ч хайртай гэдгээ хүүхдэдээ хэлж байгаарай.

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай яриа өрнүүлэх: 11–13 нас

Бие махбодийн өөрчлөлт, гадаад төрх, нөхөрлөл гээд сорилт ихтэй энэ насанд зохицуулах зүйл их бий.

Бэлгийн бойжилт явагдаж эхлэхийн хэрээр хүүхэд тань дотоод сэтгэлээ илэрхийлэх чадвар сайтай болж, зөв, ​бурууг илүүтэй ялгадаг болно.

Тэд найз нөхөд, спорт, сургуулиа өөрөө сонгож чадна. Ийнхүү бие даахын хэрээр хүүхэд өөрийн хувийн онцлог чанар, сонирхол, найз нөхөддөө илүү их анхаарал хандуулдаг.

Мөн охидын хувьд сарын тэмдэг үзэгдэх, хөвгүүдийн хувьд дуу хоолой нь бүдүүрэх гэх мэт бие махбодын олон өөрчлөлтийг тэд туулна. Зарим хүүхдийн хувьд эдгээр өөрчлөлтийг дагаж санаа зовох, эсвэл айх мэдрэмж бий болно.

Өөрчлөлтийн үе

Бие махбодын хурдацтай өөрчлөлттэй зэрэгцэн гадаад төрх байдалдаа шаналах, нөхөрлөлөө чухалчлан үзэх зэрэг нь хүүхдийн сэтгэцийн болон сэтгэлзүйн сайн сайхан байдалд нөлөөлдөг. Хөгжлийн энэ чухал үе шатыг даван туулахад хүүхдэд хэцүү байж болно. Санаа зовоож буй зүйлс буюу асуудлуудынхаа талаар таньтай  ярьж болно гэдгийг мэдэх нь байдлыг хавьгүй дээрдүүлнэ..

Энэ үед хүүхэд тань

  • сэтгэл санааны  хувьд тогтворгүй болж, сэтгэл хөөрөх  эсвэл сэтгэлээр унах зэрэг өөр өөр болно.  
  • хичээл сургуульдаа түүртэнэ.
  • Хоолны дуршил өөрчлөгдөнө.
  • гуниглах, эсвэл сэтгэл түгших байдалтай болсноор өөртөө итгэлгүй болох буюу өөрийгөө дорд үзэх байдалд хүрнэ. Мөн  тухайн хүүхдийн онцлогоос хамаарч өөр асуудлууд ч үүсэж болно. 

Яриагаа хэрхэн эхлүүлэх вэ?

  • Аливаа дарамт шахалтгүй, хүлээлтгүйгээр яриагаа эхлүүлэх цаг хугацаа, орон зай гаргаарай.
  • Хамтдаа гэр орны ажил хийх, хоол хийх, эсвэл аялах цаг гаргах талаар бодож үзээрэй.
  • ‘Байцаах’ бус ярилцаарай. Аяндаа хөврөх яриа өрнүүлээрэй.
  • Хүүхдийнхээ сэтгэ санааг мэдрээрэй. Хэрэв түүний хувьд таагүй, эсвэл завгүй өдөр бол өөр өдөр сонгоорой.

Илэн далангүй, шударга бөгөөд шууд харилцаа

Хэрэв та хүүхдийнхээ зан байдал, сэтгэл санаанд өөрчлөлт гарсныг анзаарсан бол анзаарсан зүйлээ түүнд эелдэг зөөлнөөр хэлж, энэ талаар ярилцахыг хүсэж байгаа эсэхийг нь асуугаарай. Жишээлбэл:

  • Хүүхэд тань найзуудтайгаа өмнөх шигээ гадуур хамт явахаа больсон мэт санагдана – муудалцсан юм болов уу?
  • Хүүхдийн тань сурлагын дүн доошилсон байна – ойлгохгүй байгаа хичээл байгаа юм болов уу?
  • Хүүхэд тань илүү ааштай, гунигтай, эсвэл чимээгүй болсон мэт санагдана – ямар нэг юм бодоод байгаа юм болов уу?

Хийж болох зүйлс

Сонс: Хүүхдийнхээ хэлж буй зүйлийг идэвхтэй сонсохыг хичээгээрэй. Гэхдээ энэ яриаг таны бодол, дүгнэлт залж чиглүүлэх учиргүй. Хүүхдийнхээ санаа бодлыг хүндэтгэж, дэмжээрэй.

Мэдэгд: Бодол, сэтгэлийг нь ойлгож байгаагаа хэлж, таньтай илэн далангүй харьцахад түлхэц үзүүлээрэй. Үргэлж түүний төлөө байна гэдгээ сануулаарай. Та өөрөө ч бас энэ насыг нэгэн цагт туулаад гарсан гэдгээ түүнд сануулж, яг адилхан зүйл мэдэрч байснаа санаарай.

Шийдэл санал болго: Өөрчлөх шаардлагатай зүйлийн талаар бодсон эсэхийг түүнээс асуугаарай - "Яах хэрэгтэй гэж чи бодож байна вэ?" Хэрэв тэр энэ талаар бодоогүй байвал түүнийг сонсож, ярилцаж шийдэхийг санал болгоорой. Сэтгэл санаагаа дээрдүүлэхэд хэрэгтэй зүйлээр нь түүнд дэмжлэг үзүүлээрэй.

Хийж болохгүй зүйлс

  • Яах хэрэгтэйг нь тэдэнд хэлэх. Оронд нь та түүнд яаж тусалж болохыг асуугаарай.
  • Сэтгэл санааг нь үгүйсгэх эсвэл асуудлыг жижигрүүлэх. Хүүхдийн хувьд өөрөө ч сайн ойлгохгүй байгаа сэтгэлээ нээнэ гэдэг амаргүйг санаарай.
  • Маргах. Өөрийнхөө бодол, сэтгэл санааг ажиглаж, зөрчилдөөн гарахаас болгоомжил. Хэрэв зөрчилдөөн эсвэл маргаан үүсвэл түүнийг аль болох хурдан шийдвэрлэхийг хичээж, уучлал гуйн, яриагаа дахин эхлүүлээрэй.
  • Бусдыг буруутгах. Жишээлбэл “Энэ чинь танай сургуулийн буруу!” гэж хэлэх нь асуудлыг бусдад тохож буй үйлдэл бөгөөд шийдэлд хүргэхгүй.
  • Харьцуулах. “Бусад хүүхдэд ийм асуудал алга л байна.” гэх мэт зүйл хэлэхээс зайлсхийгээрэй.

Санах зүйлс: Тэвчээр, тууштай байдал нэн чухал.

  • Энэ насанд хүүхэд тань танд хайраа илэрхийлэх нь багасаж болох бөгөөд заримдаа бүдүүлэг, ааш муутай мэт санагдана.
  • Хүүхэд илүү бие дааж, аливааг өөрийн хяналтанд байлгахыг хүсэх тул та заримдаа тэдний эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Хүүхэдтэй өрнүүлж буй энэ бүх яриа шинэ бөгөөд заримдаа хүүхдэд тань таагүй мэдрэмж төрүүлж болно.

Үүнд тодорхой хугацаа шаардаж болзошгүйг санаарай. Гэхдээ та түүнд хайртай бөгөөд зөвхөн тэдний сайн сайхны төлөө байгаа гэдгээ үргэлж тодорхой ойлгуулахыг хичээж байгаарай.

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай яриа өрнүүлэх: 14–18 нас

Хүүхдийн тань цаашдын амьдралд нөлөөлж болох сэтгэлзүй, зан байдал, эрүүл мэндийн эрсдлүүдийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Өсвөр насны хүүхэд тань өвөрмөц хувь хүн болон төлөвшихийн зэрэгцээ илүү бие даасан, хариуцлагатай нэгэн болохыг хүсэх болно.

Өсвөр насныхан олон нийтийн сүлжээ, гар утсаар дамжуулан бусадтай харьцах нь ихэсдэг. Үүний улмаас тэд гэр бүлдээ бага цаг зарцуулж, найз нөхөдтэйгээ цахим орчинд болон гэрээс гадуур илүү их цагийг өнгөрөөж болно.

Энэ нь охид, хөвгүүдийн аль алины бие бялдарт өөрчлөлт орох үе юм.

Өсвөр насны хүүхэд дараах зүйлсийг туулж болно. Үүнд:

  • бие бялдарт хурдацтай өөрчлөлт явагдаж, биеийн хэмжээ, галбир, жингийн талаар санаа зовох.
  • хооллолтын асуудлууд үүсэх.
  • уурлаж уцаарлах, нийгмийн харилцаанд ороход сэтгэл түгших байдал нэмэгдэх.
  • гуниглах буюу сэтгэлээр унах, улмаар өөртөө итгэлгүй болох эсвэл өөр асуудал үүсэх.

Зүгээр нэг гуниглах биш, цаана нь өөр илүү зүйл байх

  • Өсвөр насанд сэтгэцийн эрүүл мэнд муу байх явдлын цаана согтууруулах болон мансууруулах бодисын хэрэглээ, догшин зан авир, аюулгүй бус бэлгийн харьцаа гэх мэт зан байдлын болон эрүүл мэндийн бусад эрсдэл давхар явж байдаг.
  • Насанд хүрсэн хүний эрүүл мэндэд шууд нөлөөтэй олон дадал, зуршил нь өсвөр наснаас эхтэй байдаг тул өсвөр насныханд тэдний сайн сайхан байдалд тус болох эрүүл дадлыг сонгоход дэмжлэг үзүүлэх нь маш чухал юм.

"Сайн уу, чи ямархуу байна?"

Та өсвөр насны хүүхэдтэйгээ эвтэй найртай харилцаатай байж магадгүй. Эсвэл түүнтэй харилцахад танд хэцүү байдаг ч байж болох юм. Одоогийн харилцаа тань ямар ч байсан, та хүнд хэцүү үеийг даван туулахад нь өсвөр насны хүүхдээ хайрлаж, дэмжиж, туслахад хэзээд бэлэн гэдгээ харуулах нь чухал.

Яриагаа хэрхэн эхлүүлэх вэ?

  • Өнөөдөр ямархуу өдөр болж өнгөрснийг нь асуу - хамтдаа оройн хоол хийх гэх мэтээр яриа өрнүүлэх боломж бүрдүүлэхийг хичээгээрэй.
  • Хүүхдийнхээ сэтгэл санаа ямар байгааг ойлгохын тулд дэлгэрэнгүй хариулт авч болох, тодруулах асуулт асуугаарай. "... нь юу гэсэн санаа болохыг тайлбарлаад өгөхгүй юу?” гэх буюу "Хэрэв ... чамд ямар санагдах вэ?” гэх мэт асуулт тавьж болно.
  • Бие биенээ илүү сайн ойлгохын тулд түүний үзэл бодлыг асууж, бас өөрийн бодлоо хуваалцаарай.

Өөртөө хор хохирол учруулах

Хэрэв хүүхэд тань өөртөө хор хохирол учруулж магадгүй гэж та санаа зовж байгаа бол энэ сэдвийг болгоомжтой хөндөж, хүүхдэд тань ийм бодол төрсөн эсэхийг олж мэдэхийг хичээгээрэй.

"Чиний насны зарим хүүхэд өөрийгөө гэмтээх юмуу өөртөө хор хохирол учруулах тохиолдол байдаг. Чи найзуудаасаа ийм зүйл хийсэн хэн нэгний талаар сонсож байсан уу?" гэх мэтээр шууд өөрт нь хамааруулж бус, харин өөр хэн нэгний талаар асуух замаар яриагаа эхлэх нь тустай байж болох юм.

"Чи надтай хэзээ ч, юуны ч талаар ярилцаж болно гэдгийг мэдэж байгаа биз дээ?" гэх мэтээр түүнд туслахад хэзээд бэлэн гэдгээ батлан хэлээрэй. Ингэснээр та түүнд тантай ярилцаж болно, та түүнд туслахыг хүсэж байгаа гэдгээ ойлгуулна.

Хийж болох зүйлс

  • Муугийн хажуугаар сайныг нь олж харж, жижиг гэлтгүй гаргасан бүхий л ололт амжилтыг нь магт. Хөгжлийн энэ үе шат нь бүтээлч байдал, хувь хүний  өсөлт хөгжлийн үе байдаг - өсвөр насны хүүхдээсээ эдгээрийг олж анзаараарай.
  • Өсвөр насны хүүхдэд хорвоо ертөнц гэдэг урьдчилан таамаглах аргагүй зүйл мэт санагддаг бөгөөд тэд бүгдийг зохицуулах гэж зовж магадгүй юм. Үүнийг нь ойлгож байгаагаа түүнд хэлээрэй.
  • Хүүхдийнхээ цахим орчин, нийгмийн сүлжээний зуршилд анхаарал хандуулаарай. Өсвөр насны хүүхэдтэйгээ түүний цахим орчинд өнгөрүүлж буй цаг хугацааны талаар болон цахим орчин дахь хүүхдийг дарамтлах, дээрэлхэх явдалд өртөхгүй, аюулгүй байх талаар ярилцаарай. Хэрэв хүүхэд тань цахим орчинд асуудалд орсон эсвэл алдаа гаргасан бол та юу ч байсан түүний талд зогсож, тусалж чадна гэдгээ хэлээрэй.
  • Өөрийн сэтгэл санааны талаар нээлттэй байгаарай. Та өөрөө стрессээ хэрхэн тайлдгийг түүнд харуулах нь үлгэр дуурайл болж болох бөгөөд өөрийнхөө энэ насан дээр асуудал гарахад түүнийг хэрхэн зохицуулж байсан тухайгаа түүнд ярьж өгөөрэй.

Хийж болохгүй зүйлс

  • Ярианд ноёлох байр суурь эзэлж, юу хийхийг түүнд шууд заах. Оронд нь түүнд туслахын тулд таны хийж чадах зүйл юу байгааг түүнээс асуу. Шийдэл олохын тулд хүүхэдтэйгээ хамтран ажиллаарай.
  • Ууртай үедээ яриа өрнүүлэх. Холд, амьсгал, тайвшир - та яриагаа дараа үргэлжлүүлж болно.
  • Эрх мэдэл, хүч чадлын тэмцэл хийх. Өсвөр насны хүүхэдтэйгээ маргахын оронд түүний юунд бухимдаж байгааг нь ойлгохыг хичээгээрэй.

Санах зүйл: Бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой

Сайн мэдээ гэвэл өсвөр насныхан аливааг даван туулах тэсвэр хатуужил сайтай бөгөөд хэцүү бэрхийг давах нь бие даасан, чадварлаг насанд хүрэгч болох явцад угаасаа тулгардагзүйл.

Өсвөр насны хүүхдэд сургууль, гэр бүл, найз нөхөдтэйгээ дотно холбоотой мэдрэмжийг авахад туслах нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжиж, мансууруулах бодисын хэрэглээ, хүчирхийлэл зэрэг олон төрлийн сөрөг зан үйлээс сэргийлдэг.

Өсвөр насны хүүхдэдээ дэмжлэг үзүүлэх, түлхэц болох, харилцах арга замыг хайж олоход цаг гаргаарай. Энэ нь амаргүй зүйл бөгөөд танаас тэвчээр, өөрийгөө хянах чадварыг шаардаж болох ч хэрэгжүүлэх боломжтой..