Зуны хөтөлбөр: Малчдын хүүхдүүд тоглонгоо мэдлэг чадвараа дээшлүүлж байна
Зурган түүх
- English
- Mongolian
НҮБ-ын Хүүхдийн Сангаас алслагдсан нутгийн сурагч хүүхдүүдийн хоцрогдлыг арилгах, уншиж ойлгох мэдлэг, чадвараа бататгах зорилгоор Зуны хөтөлбөр 2 дах жилдээ Дундговь аймгийн Сайнцагаан, Эрдэнэдалай суманд зохион байгуулж байна.
Энэ жил зуны сургалтад 80 хүүхэд явж байна. Эрдэнэдалай сумын зуны хөтөлбөрт алслагдмал багийн малчдын хүүхдүүд хамрагдаж байгаа бол аймгийн төвийн Сайнцагаан сумын сургалтад төвд амьдардаг, амралтаараа хөдөө явдаггүй, гэртээ өнждөг хүүхдүүд явж байгаа юм.
Хүүхдүүд 21 хоногийн турш тоглоомоор дамжуулан олон шинэ зүйлийг сурч, цахим технологи ашиглан монгол хэл, тоо, хүн ба орчин, хүн ба нийгэм зэрэг хичээлүүдээ давтаж, хоорондоо найз нөхөд болж, хичээлээс гадна өдөр тутамд хэрэгтэй чадваруудыг сурч байна.
Эрдэнэдалай сумын зуны хөтөлбөрийн хүүхдүүд өнөөдөр цөлжилтийн талаар хичээл үзэж, үүнийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал болохыг багшаасаа мэдэж авлаа. Ялангуяа хүүхдүүдийн өөрсдийнх нь амьдардаг Эрдэнэдалай сум цөлжилтэд ихэд өртөж байгаа тухай сурсан.
Цөлжилтийг таслан зогсоох нэг арга нь мод тарих гэдгийг багш нь хэлж өгч, хүүхдүүд ангиараа мод тарив. Хүүхдүүд ийнхүү зүгээр ангид суух биш хамтдаа бүтээлч үйл хийнгээ суралцаж байгаадаа ихэд баяртай байна.
“Манай 2 охин О.Цэнднаран, 11 настай, О.Цэнджаргал, 10 настай, 2 дах жилдээ зуны сургалтад явж байна. Анх цар тахлын үед сургуульд орсон тул уншиж ойлгох чадвар муу байсан. Зуны сургалтад яваад үр дүнгээ өгсөн, бас нэмэлт хичээл заадаг нь сайхан. Түрүү жил усны тухай хичээл ороод усаа хэмнэж сурсан, гэртээ бүр дадал болгосон. Манай 2 зуны сургалтдаа их дуртай, өглөө хөтлөлцөөд яараад л хичээлдээ явдаг” гэж Сайнцагаан сумын иргэн Э.Мөнхжаргал ярьж байна.
“Хүүхдүүд тогвортой хөгжлийн зорилтуудын талаар хичээл ороход их дуртай. Ер нь байгаль дэллхийнхээ талаар мэдэж, түүнийг хайрлан хамгаалахад хүүхдүүд өөрсдөө юу хийж болох талаар мэдэхийг их хүсдэг” гэж Эрдэнэдалай сумын бага ангийн багш Т.Цэвэлмаа ярилаа.
Эцэг эх, асран хамгаалагчид гэртээ хүүхдээ ганцааранг нь үлдээхгүй, эрүүл агаарт сурч, найз нөхөдтэй болж, амьдралд ойр мэдлэг, ур чадвар эзэмшиж байгаад нь багш, орон нутгийн удирдлагад талархаж байна.
“Анх явахдаа энгийн хичээл гэж бодоод дургүй байсан. Нэг өдөр яваад л найзтай болсон гэсээр их баяртай ирсэн. Одоо бол яараад л явдаг” Б.Даваа-Очирын ээж хэлж байна.
“Хүүхдүүдээ аваад гадуур явж, нутгийн удирдлагын ордонд хэн байдаг, юу хийдэг, эсвэл дэлгүүрт хэрхэн худалдаа хийх гэх мэтээр дагуулаад зааж өгөхөд хүүхдүүд их дуртай” Сайнцагаан сумын бага ангийн багш А.Наранбат ярьж байна.
Зуны хөтөлбөрийн үр дүнд хичээлдээ явах дуртай хүүхэд 22 хувь байснаас 92 хувь болтол өссөн бол хүүхдийн унших ойлгох чадвар дунджаар 12 хувиар нэмэгдсэн байгаа нь хүүхдүүд тоглонгоо суралцахад илүү дуртай мөн үр бүтээлтэй суралцах боломжууд байна гэдгийг харуулж байна.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан энэ жилийн зуны сургалтын нээлтэд оролцож, хүүхдүүдийн сурлагад нь өндөр амжилт хүслээ. “НҮБ-ын Хүүхдийн Сан орон нутаг, эцэг эх, асран хамгаалагдчын хамтаар энэ санаачилгыг хэрэгжүүлдэг. Цаашид улам олон аймаг, орон нутгийн малчид, хүүхдүүдэд энэ санаачилгаа дэлгэрүүлж ажиллахыг зорино” гэж онцлов.