Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэлтэй ажил таслалтаас хувийн хэвшилд үүссэн зардлын судалгаа
Судалгааны тайлан. 2020 оны 5-р сар
- English
- Mongolian
Highlights
Үндэслэл
Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн, агаарын бохирдол өндөр хотуудын нэгт тооцогддог. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80% нь уламжлалт зуух ашиглан гал түлдэг гэр хорооллын нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй. Энэхүү судалгааны зорилго нь хувийн хэвшилд ажилладаг иргэд өвлийн улиралд агаарын бохирдолтой холбоотой ажил таслахад гардаг шууд болон шууд бус зардлыг тооцоход оршино. НҮБ-ын Хүүхдийн Сангийн санаачилгаар 2019 оны өвөл зохион байгуулсан олон улсын хурлын үеэр томоохон корпорац, байгууллагуудын гүйцэтгэх удирдлагууд болон хүний нөөцийн менежерүүд Улаанбаатар хотод өвлийн улиралд агаарын бохирдол ихэссэн үед байгууллагын ажилтнууд өвдсөний улмаас ажил таслалт нэмэгддэг талаар санал, бодлоо хуваалцсан билээ. Тус уулзалтын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сангаас өвчлөлөөс үүдсэн ажил таслалт нь тухайн байгууллагын ажлын бүтээмжид нөлөөлж алдагдсан боломжийн өртгийг нэмэгдүүлдэг төдийгүй ажилтнуудын санхүүгийн байдалд хүндээр тусдаг таамаглалыг дэвшүүлж байсан
Судалгааны аргачлал
Судалгаанд оролцох байгууллагуудыг тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сонгон авч хамруулав. Эдгээрт байгууллагын үйл ажиллагааны төрөл, ажилтнуудын тоо, ажилтнуудын хурууны хээний бүртгэлийн систем, уг системийн бүтэц, чанар, өгөгдлийн бүрэн бүтэн байдал болон мэдээлэл хуваалцах боломж зэргийг харгалзан үзэв. Судалгаанд оролцсон ажил олгогч болон ажилтнуудаас тоон ба чанарын судалгааны аргаар агаарын бохирдол өндөртэй саруудын өвчлөлөөс шалтгаалсан ажил таслалт, үүнээс үүдэх шууд болон шууд бус зардлын талаарх мэдээллийг цуглуулав.
Судалгаанд зорилтот түүврийн аргыг ашигласан бөгөөд нийт найман байгууллагын 2764 ажилтны 2015–2019 оны хурууны хээний бүртгэлийн мэдээллийг ашигласан болно. Мөн хувийн хэвшлийн зургаан төрлийн салбарын аж ахуйн нэгжийн 1330 ажилтнаас асуумж авч чанарын судалгааны бүлгийн ярилцлагад 133 ажилтан (26 удаа), ганцаарчилсан ярилцлагад 20 ажил олгогчийг (20 удаа) хамруулан зохион байгууллаа.
Судалгааны гол зорилго нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн ажилтнуудаас гарч буй агаарын бохирдолтой холбоотой шууд болон шууд бус зардлыг тооцоход оршино.
Гол дүгнэлтүүд
Уг судалгааны үр дүнгээс үзэхэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн салбарт үүсэж буй агаарын бохирдолтой холбоотой шууд болон шууд бус зардал нь ажил олгогч болон ажилтнуудын аль алины хувьд мэдэгдэхүйц нөлөөтэй байна. Ажилчдаас эрүүл мэндтэй холбоотой эмчид үзүүлэх, эм худалдан авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон унаатай холбоотой шууд зардлууд гарах бөгөөд тухайн өдрийн цалингаа алдаж байна. Судалгаанд хүйсийн харьцааг тэгш хамруулсан боловч ажилдаа ирээгүй байдал нь бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн дунд өндөр байв. Ажил олгогчдын зүгээс гарч буй зардал нь ажилтнуудын ажил таслалт болон хувь хүний эрүүл мэндтэй холбоотой шууд бус зардлаас хамаарч байв.
- Судалгаанд оролцсон бага насны хүүхэдтэй эмэгтэй ажилтнуудын дунд ажил таслалт өндөр байв. Байгууллага уян хатан бодлого баримталдаг бол ажилтнуудын ажил таслалт бага байна. Өвчний улмаас чөлөө авсан ажилтнуудын ихэнх нь цалингүй чөлөө авдаг бөгөөд ажилтнууд шөнө ээлжид гарах эсвэл илүү цагаар ажиллаж чөлөөг нөхдөг. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн ажилтан өвчин хүндрээгүй тохиолдолд ажлаас чөлөө авдаггүй. Судалгаанд оролцсон байгууллагууд ажил таслалтыг бууруулах уян хатан бодлого зохицуулалт төлөвлөдөггүй нь байгууллагуудын хувьд томоохон сул тал болж байна.
- Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийн гол шалтгаан нь амьсгалын замын өвчлөл байв. Судалгаанд оролцогчдын ихэнх нь агаарын бохирдол эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэж үзжээ. Тоосонцор PМ10 болон SO2 агаар бохирдуулагчийн дундаж хэмжээ өндөр байх нь ажил таслалт өндөр байхтай хамааралтай байна. Түүнчлэн хүйтний улирал болон агаарын чийгшил нь ажил таслалтад нөлөөлж байв. Агаарын бохирдолтой холбоотой үүсэж болох өвчлөлийн мэдээллийг хавсралт 1-т тусгасан.
- Судалгаанд оролцсон байгууллагуудын дунд сүүлийн таван жилд ажил таслалттай холбоотой зардал ойролцоогоор 7.5 сая ам.доллар байв. Үүнээс Монгол Улсын эдийн засагт үүсэж байгаа агаарын бохирдолтой холбоотой алдагдсан боломжийн зардал 1.4 сая ам.доллар юм. Ажилтнуудад чиглэсэн уян хатан бодлого, төлөвлөлтгүй байгууллагуудад ажил таслалт өндөр байгаа бөгөөд ажил орлон гүйцэтгэгч хайх нь компанийн шууд бус зардлыг нэмэгдүүлж байна. Гаднаас орлон гүйцэтгэх ажилтан, ялангуяа тусгай лиценз эзэмшдэг мэргэжилтэн олох нь байгууллагын хувьд бэрхшээлтэй байна.
- Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан өвлийн улиралд агаарын бохирдлоос шалтгаалсан өвчний улмаас 875.000 төгрөгийн зардал гаргадаг байна. Уг зардалд гурван удаагийн оношилгоо, эмчид үзүүлэхтэй холбоотой зардал (нэг удаад дунджаар 65.000 төгрөг), дөрвөн удаа эм худалдан авсан зардал (нэг удаад дунджаар 70.000 төгрөг), нэг удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардал 200.000 төгрөг багтаж байна. Эрүүл мэндтэй холбоогүй шууд бус зардал (унааны зардал) дөрвөн удаагийн давтамжтайгаар нийт 200.000 төгрөг гаргадаг байна. Ажилтны шууд бус зардалд дунджаар гурван өдөр ажил тасалсны улмаас 120.000 төгрөгийн цалингийн орлого алддаг байна. Ажилчид жилийн орлогын 10 хувь орчимтой тэнцэх хэмжээний зардал гаргадаг аж.