Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлэхэд хүүхдийн тэтгэмжийн бодлого
Судалгааны хураангуй
- English
- Mongolian
Тухай
Өнөөдөр дэлхийн өмнөд хагаст бодлого боловсруулагчид гэр бүлд ээлтэй бодлогуудын давуу тал болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарч болох хүндрэл, бэрхшээлүүдийг шийдвэрлэхийг оролдсоор байна. Эцэг эхэд цалинтай амралт олгох, хүүхэд хөхүүлэх завсарлага олгох, хүүхэд асрах үйлчилгээний чанар сайн байх, хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох нь хүүхдийн амьдралыг сайнаар эхлүүлэх, улмаар эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн бусад сайн сайхан байдалд нөлөөлдөг гэдэг нь олон баримт судалгаагаар нотлогдсон.1 Гэвч Улс орнуудын Сангийн яамд эдгээр бодлогуудын цаашдын тогтвортой байдал болон эдийн засгийн өсөлтийн тэргүүлэх чиглэлүүдэд нөлөөлөх нөлөөлөлд санаа зовдог нь үнэн. Энэхүү судалгааны хураангуйд гэр бүлийг санхүүгийн эх үүсвэр, бусад шаардлагатай нөөц, эх үүсвэрээр дэмжихээс гадна өргөн хүрээнд хөгжлийн үр дүн авчрах салбар хоорондын хамтын ажиллагааг бий болгосон нийгмийн хамгааллын цогц тогтолцооны тухай бизнес кэйс/ жишээ баримт гаргаж ирэхийг зорьсон билээ. Энэ судалгааны хураангуйд “хүүхдийн тэтгэмж”-ийг засгийн газраас (эсвэл бусад байгууллагаас) ядуурал, эмзэг байдлыг бууруулах, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах зорилгоор хүүхэдтэй гэр бүлүүдэд олгож буй бэлэн мөнгө гэж тодорхойлсон. Хүүхдийн мөнгөн тэтгэмж болон түүнтэй адилтгах тусламж хүүхдийн хоол тэжээл, боловсрол, эрүүл мэнд, ариун цэвэр болон зан үйл хүмүүжлийн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой. Хангалттай хэмжээний хүүхдийн тэтгэмж, гэр бүлд ээлтэй бусад бодлогуудын хамтаар эрүүл, аз жаргалтай, боловсролтой хүүхдүүд өсгөн хүмүүжүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдад ихээхэн нэмэртэй юм. Эдгээр дэмжлэг, үйл ажиллагаанууд нь хүүхдийн танин мэдэхүйг хөгжиж эхлэх бага насны хөгжилд төдийгүй 21-р зууны мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх бүтээмж өндөртэй ажиллах хүчнийг бий болгоход томоохон дэмжлэг болдог.
Бодлогын шийдвэр гаргагчид өнөөдөр улсын хөгжил, ирээдүйн эдийн засгийн өсөлтийн төлөө чухал сонголт хийх цаг үетэй нүүр тулж байна. Ирэх арван жилүүдэд амжилттай хөгжиж буй улс орнууд гэр бүлд ээлтэй бодлогод оруулсан хөрөнгө оруулалт нь нийгмийн хүртээмжтэй хөгжил, эдийн засгийн тэгш өсөлт бий болгоход хувь нэмэр оруулсныг олж харах болно. Энэхүү баримт бичигт хоёр үндсэн санааг гаргасан болно. Нэгдүгээрт, хүүхдийн тэтгэмжийг нийгмийн хамгааллын тогтолцоонд нэгтгэх, ингэхдээ гэр бүл, бизнес, эдийн засгийн өнцгөөс харах.
Хүүхдийн тэтгэмж нь тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход тустай бөгөөд энэ нь цаашлаад хүүхэд, гэр бүл, нийгэм, улс оронд үр өгөөжөө өгч байдаг. Нийгмийн хамгааллын олон талт тогтолцоонд хүүхдийн тэтгэмж нэгтгэгдсэнээр Тогтвортой хөгжлийн зорилтуудын (ТХЗ) 14-т нь хүрэхэд тус нэмэртэй. Хоёрдугаарт, хүүхдийн тэтгэмжийн бодлого нь нийгмийн хамгааллын олон талт системийн нэг чухал хэсэг болох юм. Учир нь хүүхдийн тэтгэмж нь ганц салбарын тусдаа хэрэгждэг бодлого биш бөгөөд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, хүүхэд, гэр бүлийн хамгаалал, усан хангамж, эрүүл ахуй гэх мэт олон салбарын бодлого, үйл ажиллагаатай уялдаа холбоотой, нэгдсэн байдлаар хэрэгждэг бодлого юм.
Энэ бодлого нь гэр бүлийн сайн сайхныг сайжруулах хөгжлийн динамикийг хөгжүүлж, хувийн хэвшлийн болон улсын эдийн засгийг батжуулах нөхцөлийг бүрдүүлдэг.