Эцэг эхчүүдэд олгох цалинтай чөлөө ба гэр бүлд ээлтэй бодлого
Судалгааны хураангуй
- English
- Mongolian
Тухай
Хүүхдийн бага насанд тохиолдсон янз бүрийн туршлагууд нь тэдний цаашдын ирээдүйн эрүүл мэнд, сайн сайхан байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Хүүхдийн нялх бага нас, тэр дундаа нярай үе хамгийн эмзэг байдаг учир энэ үед эцэг эхчүүдэд хүүхдэдээ анхаарал халамж тавих цаг хугацаа, шаардлагатай нөөц, эх үүсвэрүүд болон дэмжих үйлчилгээ нэн хэрэгтэй байдаг. Хүүхэд төрөх, үрчлэн авах үед эцэг эхчүүдэд хүүхэд харах цалинтай чөлөө олгосноор тэд ердийн үеийн цалин орлогоо бүгдийг эсвэл тодорхой хэсгийг олж авах боломжтой болдог. Эцэг эхэд олгож буй чөлөө нь тэднийг нялх хүүхдээ асрах, тэдэнтэй бие сэтгэлийн холбоо тогтоох, хооллох, хүүхэд асрах арга барил, зөв дадлаа хөгжүүлэн төлөвшүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах болон амаржсан ээжүүд бие махбодын хувьд нөхөн сэргэх боломж олгодог.
Хүүхдийн эрүүл саруул хөгжлийг дэмжих хамгийн үр дүнтэй стратегиудад эхийн сүүгээр хооллох, хоол тэжээлийн зохистой хэрэглээ, нярай үеийн дархлаажуулалтыг цаг тухайд нь хийлгэх нь чухал ач холбогдолтой гэдэг нь баттайгаар нотлогдсон. 2000 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 183 дугаар конвенцэд эцэг эхэд хүүхэд асрах чөлөө олгохын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, нярай хүүхэдтэй эхчүүдэд 14 долоо хоногийн чөлөө олгохыг онцлон тэмдэглэсэн. Дагалдан гаргасан 191 дэх зөвлөмжид тус амралтын хугацааг 18 долоо хоног байхаар мөн тусгасан байдаг. Энэхүү судалгааны хураангуй товхимолд эхийн сүүгээр хооллолт болон шаардлагатай хоол тэжээлийн хүүхдийн хөгжилд үзүүлэх нөлөө, нярай хүүхдийн дархлаажуулалт, болон эцэг эхчүүд хүүхэд асрах чөлөө авснаар бага насны хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа эсэхийг харуулсан бодит мэдээ баримтууд орсон. Түүнчлэн эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгож буй дэлхийн чиг хандлагууд болон тус бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой засгийн газар, хувийн хэвшилд өгөх зөвлөмжүүдийг мөн багтаасан болно.