Баянзүрх дүүрэгт байгуулсан Бага насны хүүхдийн хөгжлийн төвийн нийгэмд үзүүлж буй нөлөө
Хатантуулын түүх
- English
- Mongolian
Булган аймгийн Хангал сумаас Улаанбаатар хотод гэр бүлээрээ шилжин ирж суурьшсан таван хүүхдийн ээж, багш мэргэжилтэй Г.Хатантуулыг та бүхэнд танилцуулж байна. Хатантуул өдөр тутмын аж, амьдралаа зохицуулахын зэрэгцээ таван хүүхдээ харж, өсгөж буй завгүй ээжүүдийн нэг юм. Тэрээр нөхрийн хамт НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй шинэ санаачилга болох Бага насны хүүхдийн хөгжлийн (БНХХ) төвд ирсэнээр хүүхдүүдээ өсгөх арга барилдаа эерэг өөрчлөлт авчирчээ. БНХХ төв нь эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан бөгөөд хүүхдийн хөгжлийн ном, тоглоом, бусад материал бүхий номын сан, сургалтын өрөөтэй. Тус төв нь хүүхэд хөгжлийн чиглэлээр сургалт, семинар зохион байгуулахын зэрэгцээ өсөлт хөгжлийг дэмжих төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулж эцэг, эх, асран хамгаалагч нарт оролцох боломжийг олгож байна.
Хатантуулын амьдардаг хороо нийт 8,400 оршин суугчтай, үүнээс 0-5 насны 1,006 хүүхэд байгаа учир НҮБ-ын Хүүхдийн Сангаас БНХХ төвийг энэ хороонд байгуулах хэрэгцээ өндөр гэж үзжээ. Энэ төв нь эцэг, эхчүүд хоорондоо танилцаж, ярилцаж, хүүхэд өсгөх арга барил, сайн туршлагаа бие биедээ хуваалцаж хамтдаа суралцах боломжийг олгож байна.
"Leaving no one behind буюу хэнийг ч ардаа орхигдуулахгүй байх нь бидний нэн тэргүүний зорилт. Тусламж төдийлөн хүрч чадахгүй байж магадгүй хүмүүст хүрч, БНХХ төвөөс санал болгож буй боломжуудыг хүртэх боломжийг нээж өгөх нь маш чухал юм." гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Бага насны хүүхдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Өлзийсайхан хэлэв.
Хатантуул БНХХ төвийн хичээлүүдээр дамжуулан хүүхэд өсгөн хүмүүжүүлэхтэй холбоотой практик туршлагуудаас суралцсанаар хүүхдүүдтэйгээ харилцах харилцаагаа сайжруулсан байна. Эерэг өөрчлөлтүүд түүний гэр бүлээс ч давж, хүүхдүүд хоорондоо илүү эвтэй болсны зэрэгцээ, бие биедээ илүү тусалж байгаа нь ажиглагдах болжээ. Тухайлбал, өмнө нь Хатантуулын хүүхдүүд нэг нэгээрээ тоглодог байсан бол одоо хамтдаа тоголж хоорондоо илүү дотносож байгаа нь ажиглагджээ. Тэд бие биенийгээ тэвэрч, уучлаарай гэж хэлж байгаа нь хамгийн өхөөрдөм байсныг Хатантуул онцолж байв. Мөн БНХХ төвөөс хүнсний ногоог хоол, хүнсэндээ хэрэглэхийн ач тусын талаар зааж сургах зэрэг бүтээлч үйл ажиллагаануудыг хийдэг байна. Эдгээр сонирхолтой дасгал ажлуудаар дамжуулан тэрээр хүүхдүүддээ хэрхэн эрүүл хоол хүнс, тэр тусмаа хүнсний ногоо идүүлэх бяцхан арга заль мэхүүдийг сурсан байна. Тэрээр энэ төвд зөвхөн ээжүүд биш аав нар бас ирэх болсныг сайшаалтайгаар хүлээн авч тус төвийн үйл ажиллагаанд илүү олон аавуудыг татан оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.
"БНХХ төвд ирдэг болсноос хойших 6 сарын хугацаанд бидний хүүхэд өсгөн хүмүүжүүлэх арга барилд эерэг өөрчлөлтүүд гараад зогсохгүй, бид хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж хамт тоглох үедээ маш их баяр баясгаланг мэдэрч байгаагаа ухаарсан. Орой бүрийг инээд хөөрөөр цалгиж, хамтдаа шинэ зүйл сурч адал явдалтай өнгөрөөдөг болсон" гэж Хатантуул нөхрийн хамт ярив.
Сүүлийн нэг жилд хоёр бага хүүхдээтөрүүлсэн Хатантуул гурван жилийн өмнө Улаанбаатарт нүүж ирснээсээ хойш БНХХ төвтэй хоблогдсоноор амьдарч буй орчиндоо шинэ хүмүүстэй танилцаж, найз нөхдийн хүрээгээ тэлсэн байна. Нээгдсэн цагаас нь хойш БНХХ төвийн төрөл бүрийн сургалтууд болон үйл ажиллагаануудад идэвхтэй оролцсон тэрээр бусад ээжүүдтэй ч сайн найзууд болжээ. Тэд найзалж нэгэн хамт олныг бүрдүүлсэн бөгөөдцаашид холбоотой байж, бие биедээ туслах зорилгоор Фэйсбүүк групп нээжээ. Жишээлбэл, иог мэддэг нэг ээж багшийн үүргийг гүйцэтгэж, группынхээ бусад хүмүүст иог зааж эхэлсэн байна.
Амьдралд нь гарсан өөрчлөлтүүдийн талаар эргэн дурсахдаа Хатантуул БНХХ төвийн ачаар өөртөө итгэлтэй болсон гэлээ. Төвийн дэмжлэгийг авахад хялбар байсан тултэрээр ээж хүний хувьд мэдлэг чадвараа дээшлүүлсэн гэж үзэж байна. Хүүхдүүдтэйгээ орой бүр цаг гарган ярилцах, тоглох, тэдэнтэй ижил түвшинд харилцах, тэдний сониуч асуултуудыг анхааралтай сонсох, энхрийлэн тэврэх гэх мэтээр Хатантуул, түүний нөхөр хоёр хүүхэд өсгөн хүмүүжүүлэх илүү интерактив (оролцоотой) арга хандлагыг хэрэглэх болжээ.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн БННХ төв нь жижиг зүйлс гэр бүлүүдэд хэрхэн том өөрчлөлт авчирдгийг харуулж, түүний амьдралыг гэрэл гэгээтэй болгосон оч гэлтэй.