Эрүүл шүд, Эрүүл ирээдүй

Алслагдсан сумдад шүдний кабинет байгуулж байна

Т.Номинзул
Mongolian family
Nominzul Tumurjav
09 Дөрөвдүгээр сар 2026

Монголын хойд хил Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд Н.Наранбилэг нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр хүүхдүүдээ эрүүл саруул өсгөхөд эрүүл шүд хамгаас чухал гэдэгт итгэдэг нэгэн. Гэвч хүүхдүүдийнх нь шүд өвдвөл, шүдний эмнэлэгт очих нь түүнд амаргүй даваа.

Нийслэлээс 360 гаруй километрийн зайд орших Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төв нь 5,000 гаруй иргэнд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ч шүд, амны хөндийн тусламж үйлчилгээ өмнө нь байгаагүй.

Монгол Улсын хэмжээнд энэ төрлийн тусламж үйлчилгээ ихэвчлэн хоёрдугаар шатлалын эмнэлгүүдэд төвлөрсөн байдаг. Энэ нь алслагдсан сум, орон нутагт мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд хомс, шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг байдагтай холбоотой. Иймээс Наранбилэгийнхтэй адил малчин айл өрхүүд шүдний эмчид үзүүлэхийн тулд аймгийн төв рүү 20-оос 100 гаруй километрийн зайг туулдаг юм.

Dental chair
Nominzul Tumurjav

Шүдний цоорол ба түүнийг дагалдах далд эрсдэлүүд

Шүдний цоорол өвчлөл нь далд эрсдэлүүдийг дагуулж, хүүхдийн насан туршийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.  "Хүүхдэд тохиолдох А бүлгийн стрептококкын шалтгаант хоолой, залгиурын халдварын тархалт, нөлөөлөх хүчин зүйлсийн"1 судалгаагаар амны хөндийн эрүүл ахуй, ялангуяа бага насны хүүхдийн сүүн шүдний олон тооны цоорол нь стрептококкын халдварын эрсдэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна.

Стрептококк нь хэрэхийн шалтгаант зүрхний өвчнийг үүсгэгч нян юм. Тиймээс тус судалгаа нь амны хөндийн эрүүл мэнд ба зүрхний эрүүл мэнд хоорондын нягт холбоог харуулж байна. 

Тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулсан нь

Эдгээр асуудлуудыг шийдэж, шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг алслагдсан орон нутгийн хүүхэд, гэр бүлд илүү ойртуулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвд шүдний сандал суурилуулж, кабинет байгууллаа. 

Энэхүү ажлыг Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн Сан  хамтран, “Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх, бууруулах” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн юм.

Төслийн хүрээнд 2025 онд нийт 30 сумын Эрүүл мэндийн төвийг шүдний тоног төхөөрөмжөөр хангаж, 40,000–50,000 орчим хүн амд шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртууллаа.

Dental story
Nominzul Tumurjav Altanbulag dental cabinet equipped with a dental chair supplied from UNICEF Mongolia
Oral health
UNICEF Mongolia dentist B.Ariuntsetseg educates children and parents about the importance of brushing their teeth

Бодит өөрчлөлтийг дэргэдээс

Алтанбулаг суманд шүдний эмч Б.Ариунцэцэг ажиллаж, сумын айл өрх, хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тэрээр зөвхөн шүдний эмчилгээ хийхээс гадна сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд жилд хоёр удаа амны хөндийн үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд эмчилдэг. 

Тэрээр “Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн дунд шүд цоорол түгээмэл тохиолддог. Харин одоо шаардлагатай багаж, тоног төхөөрөмжтэй болсноор хүүхдүүдэд чанартай тусламж, үйлчилгээ үзүүлж байгаадаа баяртай байна” гэв.

Мөн тэрээр хүүхэд, эцэг эхчүүдэд шүдээ зөв угаах, амны хөндийн эрүүл ахуйг сахихын ач холбогдлыг ойлгуулж, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөв дадал төлөвшүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Oral health
Nominzul Tumurjav
oral health
Nominzul Tumurjav

Өмнө нь Наранбилэг хүүхдүүдийнхээ шүдийг үзүүлэхийн тулд 20 километрийн зайд орших Сэлэнгэ аймгийн төв рүү очдог байсан. “Би эхлээд цаг авах гэж явна, дараа нь 10 хоногийн дараа эмчилгээ хийлгэх гэж дахиж явдаг байсан” гэж тэр дурсав.

Харин одоо эмчийн зөвлөгөөний дагуу түүний бага охин Ш.Бүжинлхам өглөө бүр шүдээ дуртайяа угаадаг болжээ. 

Эрүүл шүд, Эрүүл ирээдүй

Ийнхүү Наранбилэгийнх шиг олон айл хол зам туулахгүйгээр, амьдарч буй орон нутагтаа шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэж, хүүхдүүд аль болох эрт үедээ эмчилгээ хийлгэх боломжтой боллоо.

Наранбилэг хэлэхдээ “Чанартай эрүүл мэндийн үйлчилгээг ойроос авч чаддаг бол хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүс нутагтаа үлдэж, амьдралаа цогцлоох болно” гэв. 

oral health
Nominzul Tumurjav Naranbileg two children is playing together

“Хүүхдийн эрүүл шүд нь эрүүл амьдралын эхлэл болдог. Хүүхэд бүрд чанартай шүд, амны хөндийн тусламж үйлчилгээг хүргэхэд тогтвортой хөрөнгө оруулалт шаардлагатай” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Ч.Батаа онцоллоо.

Цаашид НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Засгийн газар болон түнш байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах, хүүхэд, эцэг эх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллана.