Хоол тэжээлийн цочмог дутал: Эрт оношилгоо, тууштай эмчилгээ, гэр бүлийн дэмжлэг нэн чухал

Амирлангийн түүх

UNICEF Mongolia
2 years and 5 months old, Amirlan Mungunzul with her mother
НҮБ-ын Хүүхдийн Сан
11 Арван нэгдүгээр сар 2024

Өхөөрдөм энэ охиныг Мөнгөнзулын Амирлан гэдэг. Тэрээр 2 нас 5 сартай. 5 хүүхэдтэй айлын 4 дэх хүүхэд. Өнөөдөр ээж нь гэрэл цацруулан инээж байгаа ч энэ өдрийг хүртэл амаргүй байсан өдрүүд түүнд олон.

“Охин маань 2 нас хүрсэн боловч ганцаараа явж чадахгүй, хэл ярианы хөгжил хоцрогдож байгаад санаа их зовдог байсан. Ер нь нэг л болохгүй байна даа гэсэн мэдрэмж төрөөд хүүхдээ өрхийн эмчид үзүүлж, өсөлтийн хоцрогдол, хоол тэжээлийн дуталтай болохыг мэдсэн” гэж ээж Д.Мөнгөнзул ярив.

Монгол Улсад жил бүр 5 хүртэлх насны 7,400 гаруй хүүхэд хоол тэжээлийн цочмог дуталд өртөж байна. Үүнээс хүнд дуталтай 1,900 орчим хүүхэд байна. Хүүхэд хоол тэжээлийн цочмог хүнд дуталд өртвөл эндэх эрсдэл 12 дахин нэмэгддэг. Учир нь хоол тэжээлийн дуталд орсон хүүхэд халдварт өвчнөөр өвдөх, улмаар хүндрэх эрсдэл өндөр байдаг. Хоол тэжээлийн дутлыг эрт зөв оношлохгүй, эрт эмчлэхгүй бол хүүхэд хөгжлийн хувьд хоцрогдож, бие бялдар, оюун санааны хувьд нь үе тэнгийнхнээсээ илт хоцорч, насан туршийнх нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл хоол тэжээлийн цочмог дутлыг эмчлэх эмчилгээний сүү, эмчилгээний бэлэн хоолыг нийлүүлж хангадаг цорын ганц байгууллага нь НҮБ-ын Хүүхдийн Сан хэвээр байна.

Нялхас, бага насны хүүхдийн хоол тэжээлийн дутлыг илрүүлэхдээ хүүхдийн жин өндрийн харьцаа болон бугалганы тойргийг хэмжиж, 2 хөлд хавантай эсэхийг тодорхойлдог. Хүүхэд хоол тэжээлийн дуталгүй бол жин, өндрийн харьцаа хэвийн, бугалганы тойрог 125 мм-ээс их байх, 2 хөлд хавангүй байдаг. М.Амирланг анх хэмжихэд бугалганы тойргийн хэмжээ 11 см, өндөр жингийн харьцаа алдагдсан, гэхдээ 2 хөл хавангүй байсан тул хоол тэжээлийн цочмог дутал гэж оношилсон. Хоол тэжээлийн цочмог дутлыг эмчилдэг өвөрмөц эмчилгээ болох эмчилгээний бэлэн хоол буюу самрын нухаш өгөхийг зөвлөсөн” гэж өрхийн эмч Г.Тунгалагтуяа ярьж байна. 

Amirlan Mungunzul's photo was taken before she given RUTF, a peanut-based paste, as part of her a unique treatment for acute malnutrition.
НҮБ-ын Хүүхдийн Сан Эмчилгээний бэлэн хоолыг хэрэглэж эхлэхээс өмнөх байдал.

“Эмчийн заавраар самрын нухашийг хэрэглэж эхэлсэн. Самрын нухаш нь зөвхөн хоол тэжээлийн дуталд орсон хүүхдэд зориулсан хүнс төдийгүй бас эм гэж эмч хэлсэн. Гэр бүлийнхээ гишүүдтэй хувааж хэрэглэж болохгүй. Өвчтэй хүүхдийн хоолны дуршил буурсан байдаг тул нухашийг бага багаар, ойр ойрхон идүүлэхийг зааж өгсөн” гэж ээж Д.Мөнгөнзул ярилаа.

Эмчилгээний туршид өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч нар охины хооллолтод өдөр бүр хяналт тавьж, долоо хоног бүр ахиц дэвшлийг үнэлж, зөвлөгөө мэдээллээр хангаж байсан тухай эмч хэлж байна.

Эмчилгээний бэлэн хоолыг 2 сар гаруй хугацаанд хэрэглээд миний охины бие илт сайжирч эхэлсэн. Жин нь нэмэгдсэн, хоолны дуршил сайжирсан, бүр ганцаараа явдаг болсон. Өөрийгөө илэрхийлэх гэж оролддог болсон, ганц 2 үгээр ярьж байгаа. Эмчилгээний бэлэн хоол хэрэглээд үр дүн гарч байгаад маш их баяртай байна” хэмээн ээж ярив.

Амирлан охин, түүний гэр бүл болон Эрүүл мэндийн төвийн эмч нарын хичээл зүтгэлийн ачаар хоол тэжээлийн цочмог дутлын эмчилгээг амжилттай дуусгасан. Өдгөө тэрээр өөрийн насны хүүхдүүдийн адил эрүүл саруул, хөдөлгөөнтэй хүүхэд болжээ.

Amirlan Mungunzul is with her mother, waiting to get measured her weight-for-height, mid-upper arm circumference, and check for edema in both legs.
НҮБ-ын Хүүхдийн Сан М. Амирлан ээжийн хамт хэмжилт хийлгэхээр хүлээж буй нь.

Хоол тэжээлийн цочмог дуталтай хүүхдийг эрт илрүүлэх, цаг тухайд нь арга хэмжээ авах, цогц эмчилгээ хийснээр хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аварч чадна. Эрүүл мэндийн эмч, мэргэжилтэн болон гэр бүлийн дэмжлэг, оролцоо нэн чухал.

НҮБ-ын Хүүхдийн Сан хоол тэжээлийн цочмог дуталтай хүүхдийг эрт илрүүлэх, эмчлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Ялангуяа хоол тэжээлийн цочмог дуталтай хүүхдийн оношилгоо, эмчилгээний эмнэлзүйн зааврыг боловсруулан батлуулснаар Хоол тэжээлийн цочмог дутлын эрт илрүүлгийг тогтмол зохион байгуулж байна.

Мөн хоол тэжээлийн цочмог дутлыг илрүүлэх, эмчлэх сургалтыг хот, орон нутагт тогтмол зохион байгуулж байгаагийн ачаар өрхийн Эрүүл мэндийн төв (ЭМТ)-д үзүүлж, зөвлөгөө авах, эсвэл гэрийн эргэлтийн үеэр хоол тэжээлийн дуталтай хүүхдийг илрүүлж, цаг алдалгүй эмчилгээнд хамруулж байна.

Зөвхөн 2023 онд алслагдсан 3 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 5 хүртэлх насны ХТЦД-тай 630 гаруй хүүхдийг илрүүлж, эмчилсэн.

“НҮБ-ын Хүүхдийн Сангаас хоол тэжээлийн цочмог дутлыг эмчлэх эмчилгээний сүү, эмчилгээний бэлэн хоол болон бугалганы тойрог хэмжигч, жин, өндөр хэмжигчийг жил бүр ЭМБ-ын хэрэгцээнд үндэслэн хангаж байна. Уг нь хоол тэжээлийн цочмог дутлын эмчилгээний зардал бусад хүүхдийн эмчилгээний нэгэн адил улсын төсөвт багтаж, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг хэсэг болж явах ёстой. Манай хүүхдийн сан руу аймаг, нийслэлийн өрхийн ЭМТ болон Нэгдсэн эмнэлгүүдээс эмчилгээний сүү, самрын нухаш ирсэн үү? Эмчилгээнд нэн даруй хамруулах шаардлагатай хүүхэд байна гэж байнга асууж сураглаж, эмч нар холбогддог. Бид жил бүр тодорхой тооны эмчилгээний бэлэн хоол, эмчилгээний сүүг НҮБ-ын Хүүхдийн сангийн Хангамжийн хэлтэст захиалж, нийлүүлж байгаа хэдий ч зарим тохиолдолд санхүүжилтийн боломжоос шалтгаалж, цөөн тоогоор оруулж ирдэг нь эрэлт хэрэгцээг хангаж чаддаггүй” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хоол тэжээлийн мэргэжилтэн Л.Мөнхжаргал ярьж байна. 

Бага насны хүүхдийн хоол тэжээлийн дутлыг эмчлэхгүй орхих нь хүүхдийн насан туршийн эрүүл мэнд, амьдралын чанар, цаашлаад амь насанд эрсдэл учруулдаг тул эрт илрүүлж, тууштай эмчилгээ хийснээр хүүхдийн эсэн мэнд өсөж, хөгжих эрхийг хангаж буй хэрэг юм. Иймд НҮБ-ын Хүүхдийн Сангаас эрүүл мэндийн салбарын төсөвт хоол тэжээлийн цочмог дутлаас урьдчилан сэргийлэх, цаашлаад илрүүлэх, эмчлэх эмчилгээний сүү, эмчилгээний бэлэн хоол зэргийн зардлыг багтааж өгөх талаар бодлогын түвшинд Засгийн газартай ажиллаж байна.