Монгол Улс хүүхдийн хоол тэжээлийг сайжруулахад зориулж 133 тэрбум гаруй төгрөг төсөвлөжээ

Төрийн санхүүгийн хөтөлбөр-II

UNICEF Mongolia
23 Нэгдүгээр сар 2025

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар нь хүүхэд рүү чиглэсэн төсвийн төлөвлөлт, хүүхэд, өрхөд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, аюулгүй байдалтай холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр тусгасан.

Улсын хэмжээнд ЕБС-ийн хоол тэжээлийн хөтөлбөрийг сайжруулахад Монгол Улсын Сангийн яамнаас 2025 оны улсын төсөвт 133.5 тэрбум төгрөг нэмж тусгажээ. Энэхүү өсөлт нь НҮБ-ын Хүүхдийн Сан, Европын Холбооны хамтран санхүүжүүлж буй “Төрийн санхүүгийн хөтөлбөр-II” төслийн хүрээнд сургууль, дотуур байрны хоолны стандартын зардлын дүн шинжилгээг хийсний үр дүнд гарсан юм.

Сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүд ундны усны хүртээмжийг сайжруулах, хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг онцолж байна. Тухайлбал:

  • Аюулгүй усны хүртээмж: 2023 онд хийгдсэн Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанаас үзвэл Монгол Улсын хүн амын дөнгөж 30.6 хувь нь аюулгүй ундны ус ашиглах боломжтой байна.
  • 2024 онд хийгдсэн Cургуулийн үдийн хоол болон дотуур байрны хоолны өртгийн тайланг харвал хөдөө, орон нутгийн 528 сургуулийн зөвхөн 48% нь хүүхдүүдийг цэвэршүүлсэн ус уух боломжоор хангаж байна.
  • 2023 оны Хүүхдийн таргалалтын өргөн хүрээний судалгаагаар:
  • 26% нь долоо хоногт гурваас дээш удаа түргэн хоол иддэг.
  • 34% нь өдөрт нэгээс олон удаа хийжүүлсэн ундаа уудаг.
  • 81% нь жимс, ногоо хангалтгүй хэрэглэдэг байна.

Эдгээр судалгааны үр дүнгүүд нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, аюулгүй байдлыг хангахад ундны ус, эрүүл хооллолтыг дэмжсэн орчныг бүрдүүлэх нь чухал болохыг онцолж байна.

“Төрийн санхүүгийн хөтөлбөр-II”

Нотолгоонд суурилсан бодлого боловсруулалтыг дэмжих зорилгоор НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар Европын Холбоотой хамтран “Төрийн санхүүгийн хөтөлбөр-II”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Сангийн яам болон бусад салбарын яамдтай нягт хамтран ажиллаж, төсвийн хуваарилалт, зарцуулалтад дүн шинжилгээ хийж байна. Хөтөлбөрийн зорилго нь хүүхдийн сайн сайхны төлөө зайлшгүй шаардлагатай систем, үйлчилгээг бэхжүүлэх явдал юм.

Усны хүртээмж, хоол тэжээлийн суурь асуудлуудыг шийдвэрлэснээр Монгол Улс залуу хойч үеийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулахад чухал алхам хийх юм. НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар эдгээр хүчин чармайлтыг судалгаа, хамтын ажиллагаа, нөөцийг үр дүнтэй хуваарилах замаар дэмжин ажилласаар байх болно.

EU UNICEF logo